Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 жилийн дотор мэндэлсэн дэлхийн шинэ супер гүрэн


Тэртээ 1949 оны намар Мао Зедун Тяньаньминий Хаалганы өмнөх индэр дээр зогсоод “Хятадын ард түмэн хөл дээрээ бат зогслоо” хэмээн хунан аялга бүхий өндөр дуугаар дэлхий дахинаа зарласнаас хойш Хятад улс хөгжлийн оргил өөд тэмүүлсэн, нүсэр их ажил хөдөлмөр буцалсан нэгэн завгүй жарныг ардаа орхижээ. Хятадын өргөн уудам газар нутгийг эзлэн суусан харийн дарлал, Японы түрэмгийлэл, дотоодын үндсэрхэг дэглэмийн дараа төрийн эрхэнд гарч ирсэн коммунистуудын байгуулсан БНХАУ өнгөр­сөн аравдугаар сарын 1-нд 65 жилийн ойгоо сүр дуу­лиантай тэмдэглэсэн билээ. Энэ 60 гаруй жилийн хугацаанд Хятад улс ямар замыг туулж байж олон зуун саяар тоологдох ядуу хүн амтай, хоцрогдсон нийгэмтэй улс орноо өнөөгийн энэ өндөр­лөгт хүргэснийг эргэн харахад...

Одоогоос 30 жилийн өмнө Хятадыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан биз ээ. Гэтэл гуравхан 10 жилийн дотор тэд эдийн засгийн цар хүрээгээр АНУ-аас өөр аль ч улсыг урдаа гишгүүлэхээргүй болж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хэдхэн жилийн өмнө Японыг давж гарсан билээ. Энэ янзаараа Хятад хэзээ мөдгүй АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж эдийн засагчид тооцож байна. Зарим нэг үзүүлэлтээрээ, тухайлбал ижил бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвараараа аль хэдийнэ Америкийг ардаа орхичихоод байна.

БНХАУ, АНУ хоёрын ижил бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварыг ДНБ-тэй нь харьцуулан үзэхэд урд хөршийн маань эдийн за­саг энэ жил 17,6 триллион ам.долларын бүтээмжтэй байх төсөөлөл гарчээ. Ха­рин 1870-аад оноос хойш дэлхий дахинаа тасралтгүй манлайл­саар ирсэн АНУ-ын эдийн засаг 17,4 триллион ам.дол­ла­рын бүтээмжтэй байна гэсэн урьдчилсан төсөөллийг ОУВС гаргасан байна. Дээрх хоёр тоог хувьд шилжүүлвэл дэлхийн ДНБ-ийг бараа, үйл­чилгээ худалдан авах чадва­раар тооцоход дэлхийн эдийн засгийн 16,48 хувийг Хя­тад бүрдүүлж, 16,28 хувийг АНУ бүрдүүлнэ гэсэн үг. Энэ үзүүлэлтээр Хятад АНУ-ыг дав­чихаад байгаа бөгөөд бусад үзүүлэлтээр ч эн тэнцүү эс­вэл мөдхөн гүйцэж түрүүлэх хэм­жээнд ойролцоо явж байгаа юм.

Хятадын энэ их эрчтэй өсөлт бол өндөр ашиг олдог, экспортоор дагнасан эдийн засгийн үр шим юм. Ердийн хэрэг­лээний цахилгаан хэрэгс­лээс эхлээд сансрын уудамд хүртэл технологийн өндөр дэвшилд хүрэхээр хэдэн мянган шинэ санаачилга, инноваци гаргаж буй тус улс салбар бүрт манлайлагч болохоор идэвхтэй зүтгэж буйн нэг илрэл нь Хятадын Ардын чөлөөлөх арми зарим талаараа НАТО-гийн жишигт хүрээд байна.

Өнгөрсөн хугацаанд Хятад аж үйлдвэрлэлийн их гүрэн, дэлхийн ажиллах хүчний гол төв болон хөгжсөнийг дараах тоо баримтууд нотолно. Зөвхөн аж үйлдвэрлэлийн салбартаа 110 гаруй сая боловсон хүчинтэй энэ улс хямд ажиллах хүч байхаа хэдийнэ больсон ч тэд өдгөө дэлхийн нийт компьютерийн 90 хувь, гар утасны 70 хувийг үйлдвэрлэж,  дэлхий нийтийн гутлын хэрэгцээний 60 гаруй хувийг дангаар нийлүүлж байна. Хятадын дэд бүтцийн эрчимтэй хөгжил, өдөр ирэх тутам нэмэгдэж буй шинэ барилга байшин, зам талбай нь бетоныг ховх сорох мэт хэрэглэж, Америкийн өнгөрсөн зууны турш хэрэг­лэс­нээс ч их хэмжээний бетоныг ердөө гурван жилийн дотор ашигласан гэдэг мэдээ байна. Жилдээ 1,8 тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг энэ улс дэлхий нийтийн цаасны хэрэглээний 25 хувийг хангадаг. Үүн дээр нэмээд үй олон төрлийн хэдэн мянган бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг зөвхөн Хятадын эх газраас дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлдэг юм. 

Эдийн засгийн энэ их амжилтын үр дүнд Хятадын гадаад валют, алтны нөөц дэлхийн аль ч улсад байхгүй их буюу гурван их наяд ам.доллар давжээ. Өнөөдөр Хятадын үндэстэн дамнасан 100 корпорац “Fortune”-ийн нэр­­лэдэг 500 шилдэг ком­панийн жагсаалтад бичигдэж байгаагийн зэрэгцээ энэ жаг­саалтад багтдаг бараг бүх компани эх газрын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж бай­на. Гэтэл арваадхан жилийн өм­нө энэ жагсаалтад дүйцэх хэм­жээ­ний компани Хятадад ер­дөө зургаа байсан гээд бод доо. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр хүртэж байгаа улсын нэг нь Хятад боллоо. Мөн аж үйлд­вэрлэлийн хөгжлөө дагаад түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг, ер нь дэлхийн эдийн засгийн өнгө төрх, өсөлт бууралтын аясыг Хятад тодорхойлдог болоод байна. Дэлхийн нийт энергийн 16 хувийг ашигладаг энэ улс газрын тосны хэрэглээгээрээ дэлхийд гуравт орж байна.

Хятадын өнөөгийн дүр зургийг товчхон тоймловол хүн амын тоо, эдийн засгийн өсөлтийн хурд, худалдан авах чадвар, гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны сал­барт шинийг сэдэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэж, орчин үеийн цэрэг арми, дипломат харил­цааны ололтоор бусдад үлгэж жишээ болохуйц түвшинд хүрч,  хагас ардчилсан авторитар дэглэмээр үсрэнгүй хөгжилд хүрсэн сонгодог жишээ болон гайхагдаж байна. Хятадад очоод ирсэн хүн бүр л өмнөхөөсөө өөр болж, танигдахын аргагүй болтлоо хөг­жиж байгааг нь гайхан шаг­шиж бас битүүхэн атаархана.

1978 онд Дэн Сяопин төрийн эрхэнд гарч ирэхэд Хятад улс Маогийн 30 жил үргэлжилсэн тоталитар дэглэмд ядарч сульдаад байлаа. Харин Дэн Сяопин гарч ирснээр жирийн нэг хятад иргэн амьдралаа дээшлүүлэхийн тулд хувиараа хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой болж, улмаар нийгэм сэргэж эхэлсэн билээ. Энэ бодлогын ачаар 200 гаруй сая хүн ядуусын эгнээнээс дундаж орлоготой айлын түвшинд хүрч, хилийн чанадад амарч аялах хэмжээний хөрөн­гө чинээтэй хурган баячууд олширч, гадагш гарч хооллодог, орон сууцандаа барууны “Ikea” мэтийн тавилга худалдан авч тавьдаг орчин үеийн амьдралын хэв маяг нэвтэрч, хэдхэн жилийн дотор түгж чадсан юм. Үүнийг 2008 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд Ерөнхий сайд Вен Зяабао хүн төрөлхтөний дэвшүүлсэн Мянганы хөгжлийн зорилтыг хэрхэн биелүүлж байгаагаа мэ­дэг­дэхдээ  “Сүүлийн 30 хүрэх­­гүй жилийн дотор Хятад улс нэн ядуурлыг 250-аас 15 сая хүр­тэл нь бууруулж чадсан” хэ­мээн зарласнаар баталж болно.

Одоо дэлхийн хамгийн нэр хүндтэй, үнэтэй гэсэн тансаг брэндүүд Хятадад хэдэн арав, хэдэн зуугаар нь салбар дэлгүүрээ нээх гэж өөр хоорондоо өрсөлддөг болж. Учир нь, Хятадын шинэ баячууд үнэртэн гоо сайхны бараанаас эхлээд барууны баячууд ч тэгж ихээр авч чаддаггүй тансаг зэрэглэлийн автомашины гол худалдан авагчид нь болоод байгаа юм. Гэвч Хятадын шинэ баячууд зөвхөн мөнгө хөөсөн хоосон толгойтнууд биш ээ. Боловсролыг эрхэмлэх болж, дэлхийн аль л нэр хүндтэй сургууль байна тэр бүгд рүү хүүхэд залуусаа сур­га­хаар хэдэн мян­гаар нь илгээж байна.

АНУ-ын их сур­гуу­лиуд дахь Хятад оюут­ны тоо сүүлийн гур­ван жилд 75 хувиар өсч 275 мянгад хүрснээр бусад бүх ул­сын оюутны өмнө гишгиж байна. Харвард, Принс­тон, Йель, Массачуссетсын Тех­но­­логийн инс­ти­­тут гээд хамгийн нэр хүндтэй, том их сургуулиудад суралцагч гадаад оюутнуудыг хятадууд тоогоороо тэргүүлдэг болсон. Тус улсаас жил бүр 300 мянган залуу номын дуу сонсохоор хилийн дээс алхаж байхад эх орондоо 20 гаруй сая оюутан, 200 сая гаруй хүүхэд сурч боловсорч байна. Анх улсаа байгуулахад буюу ердөө 60 гаруйхан жилийн өмнө бичиг үсэгт тайлагдсан хүмүүс нийт хүн амын 20 хувийг эзэлж байсан улсын хувьд үүнийг үсрэнгүй хөгжил гэхээс өөр юу гэлтэй.

60 жилийн өмнө Хятад цөөн тооны улстай л харилцаа холбоотой, эх газар үндсэндээ дэлхийгээс таслагдсан байсан. Бүр НҮБ-аас хүртэл хөөгдөж, 1954 онд Женевийн чуулганаар олон улсын худалдаа санхүүгийн тусламж авах эрхгүй болж байсан хүнд үе ч бий. Харин одоо Хятад дэлхийн тавцанд супер гүрэн, АНУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд үнэлэгдэж, эдийн засгийн хямралын хүнд жилүүдэд “дэлхийг аврагчийн” дүрээр тодрон гарч ирсэн билээ.
 
АНУ, Орос, Европын холбоо гээд дэлхийн шийдвэр гаргагч гол тоглогчидтой эн тэнцүү харилцахын зэрэгцээ Латин Америк, Ойрхи Дорнод, Африк, Ази гээд дэлхийн өнцөг булан бүрт Хятадын найрсаг дипломат харилцааны уур амьсгал мэдрэгдэх болов. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн тус улсын тусламжийн гар байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх улс орон бүрт хүрч, энхийг сахиулагчдаа халуун цэг рүү илгээж, олон улсын шинж чанартай үйл явдалд идэвхтэй оролцох боллоо. Энэ хооронд бизнес эрхлэгчид, томоохон компаниуд нь дэлхийд брэнд болсон томоохон компаниудыг худалдан авч, Африк, Америк, Ази тивийн байгалийн бая­лагтай орд газруудыг өөрийн болгосоор байна. Хятадын гадаад бодлогын үр дүнд дэлхийн тавцан дахь Хятадын дүр төрх нэлэнхүйдээ эерэг хандлага төрүүлэх болжээ.

2008 онд АНУ-ыг дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч супер гүрэн гэж олон нийтийн ихэнх нь үздэг байсан бол 2014 онд Хятадыг эдийн засгаар тэргүүлэгч гүрэн гэж тодорхойлох олны санал илүү давуу болжээ. Тухайлбал, 2008 онд европчуудын 44 хувь нь АНУ-ыг эдийн засгаар тэргүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрдгөө олон нийтийн санал асуулгаар хэлж байв. Тэр үед Хятадыг тэргүүлэгч гэж үзсэн хүмүүсийн тоо 29 хувьтай байж. Гэтэл 2012 онд хийсэн судалгаагаар европчууд тэр дундаа Франц, Герман, Испани, Польш, Их Британи зэрэг улсын ард иргэд АНУ-аас илүүтэй Хятадыг эдийн засгаар тэргүүлэгч гүрэн хэмээн хүлээн зөвшөөрч, санал асуулгад оролцогчдын 57 хувь нь БНХАУ-г нэрлэсэн байна. Харин АНУ-ын хувь хэмжээ 28 болтлоо буурсан байх юм.

Ингэж Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөө сүүлийн 30 жилийн дотор огцом өссөн ч, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарах хандлага ажиглагдаад байгааг тус улсын эрх баригчид “шинэ жишиг” хэмээн нэрлээд байна.  Тус улсын эдийн засаг өнгөрсөн жил 7,4 хувиар өссөн нь сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт боллоо гэж дэлхий даяар шуугиж буй. Хэдийгээр 7,4 хувь гэдэг дэлхийн бусад томоохон оронтой харьцуулахад хавьгүй өндөр үзүүлэлт боловч ердөө таван жилийн өмнө хоёр оронтой тоогоор эдийн засаг нь өсч байсан Хятадын хувьд тийм ч сайн мэдээ биш юм.

Эдийн засгийн өсөлт ингэж саарсан нь хэд хэдэн салбарын үзүүлэлтээс хамаарч байна. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын бүтээмж өнгөрсөн арванхоёрдугаар сард 7,9 хувийн өсөлттэй гарсан нь урьд өмнөх онуудаас мөн л доогуур байгаа юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх худалдаа ч өмнөх жилүүдээс буурчээ. Ийнхүү эдийн засгийн гол үзүүлэлтийг илэрхийлэх өсөлтийн хурд саарсан энэ нөхцөл байдлыг Бээжин цаашид ч үргэлжилсээр байна хэмээн үзээд, “шинэ нормал хэмжээ” гэдэг нэр томъёо хүртэл гаргаад байгаа юм.  
Хэдий эдийн засгийн өсөлтийн оргил үеийх шигээ хоёр оронтой тоогоор  илэрхийлэх хэмжээнд биш ч гэлээ эдийн засгаа байнга өсгөн тэлж байх бодлогыг Бээжин барих нь гарцаагүй. Учир нь, тэдэнд ойрын жилүүдэд  буюу 2020 он гэхэд АНУ-ыг эдийн засгаараа гүйцэж түрүүлэх том амбиц бий. Бас түүнийг бүрэн биелүүлэх нөхцөл байдал ч аль хэдийнэ бүрдчихээд байгаа билээ.

0 Сэтгэгдэл
china tom uls boljee vneheer ondor hogjiltei aguu nvser ediin zasagtai bvh l salbar shinjleh uhaan tehnologi aj vildber gadaad hariltsaa bank sanhvv geed toochood baibal bvgded ni tergvvlgeg boljee americiigch udahgui gvitslee baragch cvitsjee manai hoid horsh orosuudch gesen udahgui mandana daa ediin zasag ni sergenee aguu hvchirheg oron shvv dee ene aguu china russia gesen horshtoi mongol uls maani hvchirhegjine dee bvhii l bolomj bidend baina ediin zasag bosnoo dollariin hansh nabs unanaa aj vildberiin erin mongold ehelj baina minii mongol mandtugai
ХЯТАД УЛС 1990 ОНООС ӨМНӨ НЭН ЯДУУ БУУРАЙ УЛС БАЙСАН ЮМ. ТЭГЭЭД 1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛС БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ 80 ХУВИЙГ ХЯТАДААС ИМПОРТОЛЖ АВЧ ХЯТАДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭЭР ИРСЭН. ЭНЭ НЬ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛСӨН НЬ ТОДОРХОЙ. ХЭРЭВ МОНГОЛ УЛС ХЯТАДААС БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖ АВДАГГҮЙ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ БАЙСАН БОЛ, ХЯТАД УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ӨСӨН НЭМЭГДЭХҮЙ, ХЯТАД УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙСАН.
Хамгийн их уншсан