Йемений Ерөнхийлөгчийн ордон руу Хаутхи бүлгийн босогчид халджээ. Халдлага гарах үед Ерөнхийлөгч Абраббу Мансур Хади ордондоо байсан ч түүнд ямар нэг аюул учраагүй хэмээн мэдэгдэж байна. Ордонд халдсан босогчдын эсрэг гал нээн, хагас цаг орчим буудалцах үед хоёр хүн амь үрэгджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ явдлыг буруушааж, босогчдыг хууль ёсны удирдагчаа хүндэтгэж үзэхийг шаардсан байна. Харин Хаутхи бүлгийн толгойлогч Абдел Малек улсынхаа Ерөнхийлөгчийг авлигад идэгдсэн гээд одоо улс орных нь хувь шийдвэрлэх цаг үе ирээд байгааг онцолжээ. Тус бүлэглэлийнхэн өөрсдийн оршин суудаг нутаг дэвсгэрт автономит эрх тогтоохыг хүсч байгаа юм. Гэвч сүүлийн үед тэдний тэмцлийн арга хэлбэр бүр хурцдаж, улсынхаа эрх баригчдыг суудлаас нь унагаж, эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулах санаатай байгаа аж.