-Дархан-Уул аймагт Ардчилсан хувьсгал үүссэний түүхт ой тохиож байна. Ардчилал хэрхэн өрнөж байсан талаар яриагаа эхэлье?
-Дархан хотод Ардчилсан холбоо үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.Тухайн үед нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулах ажиллагааг хийж явах үед 30 гаруйхан настай залуус байлаа. Социалист нийгмийн дарангуйллын тогтолцоог халж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөөдрийнх шиг ийм л нийгэм рүү бид тэмүүлж, цогцлоохыг зорьсон. Анх холбоо байгуулах үед нийслэлээс Гончигдорж, Лхагважав, Батзориг нар ирж уулзалт хийн зөвлөгөөн хийж байлаа. Холбооны анхдагч гэвэл Ус сувгийн Ундрал, НИТХ-ын дарга Баттулга, Дулааны цахилгаан станцын Даваажав гэх мэт тэр үеийн сэхээтэн хүмүүсийг дурдаж болно. Бид холбоогоо хоёр сар хүрэхгүй хугацаанд л байгуулж, дарханы төрийн өмчит 112 аж ахуйн нэгжийн 80 гаруй дээр нь салбар нэгжүүдээ байгуулсан. Дарангуйллын тогтолцоо ноёрхсон социалист нийгмийн үед ийм зүйл хийх нь тийм ч амар байгаагүй шүү. Гэхдээ бид зорьсон зорилгодоо үнэнч, ухарч мохолгүй ардчиллын төлөө зүтгэсэн. Түүндээ ч хүрч чадсан. Миний хувьд худалдааны байгууллагын Ардчилсан холбооны даргаар ажиллаж, шинэ дэвшилт холбоо, ардчилсан социалист холбоо байгуулахад биечлэн оролцож байлаа. Энэ түүхэн өдрийн төлөө дуу хоолойгоо өргөж явсан МоАХ-ны журмын нөхөд, нийт гишүүддээ 25 жилийн халуун мэндчилгээ хүргэе.
-Тэртээ он жилүүдэд ардчиллын дуу хоолойг зөвхөн залуучууд гэлтгүй ахмадууд ч дэмжиж байсан байх?
-Тэгэлгүй яахав. Ная хүрсэн азай буурал ч байсан. Ардчиллыг дан ганц залуучууд бүтээгээгүй. Өнөөдөр ардчиллаа бэхжүүлж, хөгжүүлж яваа залуусын хүчийг үнэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс орныг цааш авч явах ирээдүйн эзэд болсон 20-25 настай залуучууд маань ардчиллын түүчээ, тасралтгүй үргэлжлэх мөнхийн гал нь байх болно. Цаашид үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн энэ том зорилго, нийгмийн хөгжлийн чиглэл маань зөв яваасай л гэж хүсч байна. Ер нь, хэн нь хэн бэ гэхээсээ илүү үзэл бодолдоо үнэнч байж, ардчиллаа бэхжүүлэхийн төлөө нэгдэх хэрэгтэй.
-Нийгмийн тогтолцоо солигдох үед гишүүд, дэмжигчид багагүй зовлон туулсан гэдэг?
-Цус гаргалгүй хийсэн хувьсгал боловч холбооны гишүүд маань түүнээс илүү асуудалтай тулгарсан. Тодруулбал, 1990-1992 оны үед маш хүнд байсан төдийгүй гурван шалтгаанаар нийгэмд гадуурхагдсан шүү. Холбооны гишүүн учир ажлаас нь албан хүчээр хална. Ингэснээр эдийн засгийн хүндрэлд орж, ар гэрээ авч явж чадахгүй. Ажлаас гарахад нь байр орон сууцыг нь хураачихна. Ийм асуудлаас үүдэн гудамж “метрлээд”, гэр бүлийн дунд маргаан үүсч салах тохиолдол ч гарч байлаа. Би тухайн үед хэлмэгдсэн хүмүүсийг өнөөдөр хараад сайн муу, архичин, албан тушаалтан гэж дүгнэн, ялгаварлан харьцаж чаддаггүй. Яагаад гэвэл ардчиллын төлөө үнэнчээр зүтгэж, үнэт зүйлс бий болгохын төлөө өөрийгөө золиосолосон л хүмүүс. Өөрсдийнхөө амьдрал, ажлыг золиослон байж бүтээсэн ардчиллын үр шимийг үр хүүхэд, ач, зээ нь хүртэн суугаа. Хүнд хэцүү үеийг даван туулж, эрх чөлөө, хүний эрхийг авчирсан тухай бодит түүхийг залуу үедээ үлдээхгүй бол цус гаргаагүй гэхээр зүгээр л бүх зүйл өрнөчихсөн мэт сэтгэгдэл төрүүлээд байх шиг. Тухайн үед Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэгчид маш их эр зориг, хурц ухаан, сэтгэл зүрхээ зориулан байж цус гаргалгүй хувьсгал хийсэн. Үүнийг хийж, сэтгэл зүрхээ зориулсныхаа төлөө маш их хохирол амссан юм шүү.