Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг хувийнханд зориулсан чуулган


Тохуутай тооны харьцаа

Дэлхийн хүн амын хамгийн хамгийн баян нэг хувийн эзэмшиж буй эд хөрөнгө үлдсэн 99 хувийнхаас ч давж гарахад ойрхон байгаа тухай мэдээгээр Давосын эдийн засгийн чуулган эхэллээ.

Долоон тэрбум хүний ердөө нэг хувийг төлөөлөх атлаа бусад 99 хувийнхаа хурааж хуримтлуулснаас ч илүү ихийг эзэмших тэр нэг хувьд багтагсдын хөрөнгө чинээ 2009 онд 44 хувь /дэлхийн нийт баялагт эзлэх хэмжээ нь/ байсан бол өнгөрсөн онд 48 хувь болж нэмэгджээ. Хоёр жилийн дараа мөдхөн энэ тоо 50 хувьд хүрснээр бидний 99 хувийнхны нийт хөрөнгө дэлхийн нийт эд баялгийн 50 хувийг, харин нөгөө нэг хувийнхны хөрөнгө үлдсэн 50 хувийг бүрдүүлснээр энэ дэлхий ертөнц дээр баян-ядуу гэсэн хоёр хэсгийн хөрөнгө чинээ 50:50 хувь болж тун ч “тэнцвэртэйгээр” амьдрах цаг үе ирэх нь ээ. 1:99 ба 50:50. Дэндүү тохуутай энэ тооны харьцаа Швейцарийн Давост өчигдөр эхэлсэн Дэл­хийн эдийн засгийн форум хэмээх тансаг чуулганы ан­хаа­рал татсан нэг сэдэв байх нь дамжиггүй. Дээрх тооцоо судалгааг хийсэн “Оксфам” байгууллагын гүй­цэт­гэх захирал Уинни Бяаняима Дэлхийн эдийн зас­гийн форумын зарим хэлэлцүүлэг, хуралдааныг хамтран даргалах учраас эгдүү хүргэм тооны харьцаагаар илэрхийлэгдэх баялгийн ТЭГШ БУС хуваарилалтын талаар Давост хуран чуулсан олон мянган боссын сонорт хүргэнэ гэж найдна.

* Дэлхийн хамгийн баян 80 тэрбумтны халаасанд 1,9 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байгаа нь манай гарагийн хамгийн ядуу хүн амын 50 хувийн /3,5 тэрбум хүний/ нийт хөрөнгөтэй тэнцэнэ.

* Өнгөрсөн дөрвөн жилийн дотор дээрх 80 тэрбумтны хөрөнгө 600 тэрбум ам.доллараар өсчээ.

* Гэтэл хамгийн ядуу 50 хувийнхны хөрөнгө тэр дөрвөн жилийн хугацаанд  750 тэрбум ам.доллараар хорогдсон байна.

Уулга алдуулам дээрх гурван баримт Давост цугласан 2500 боссын чихэнд чухам ямар дохио болон очихыг таашгүй. Ямартай ч, энэ тоо, түүний цаана орших баян ядуугийн ялгаа зааг улам гүнзгийрч буй бодит байдлын тухай Давосын индэр дээрээс сонордуулаад, баялгийн тэгш бус хуваарилалтын эсрэг өөрсдийн санаачилсан долоон зүйлтэй төлөвлөгөөгөө танилцуулна гэдгээ “Оксфам” мэдэгдлээ. Тэд энэ төлөвлөгөөгөө улс орнуудын төр засгийн тэргүүн, томоохон компанийн гүйцэтгэх захирлуудын анхааралд оруулах гэж хичээж байна. Яг тэдний үгээ хүргэхийг хүссэн хүмүүс Давост цугларах учраас “Оксфам”-ын мэдээ цаг үеэ тун сайн олсон гэж хэлж болох ч хамгийн чухал нь ямар үр дүнд хүргэх нь тодорхойгүй. Учир нь, дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид дэлхийн бүх баялгийг долоон тэрбум хүнд тэгш хуваарилж өгөх том амбицтайгаар Давосыг зориогүй нь лав. Том компаниуд 500 мянга, хувь хүмүүс багадаа 40 мянган ам.долларын зарлага гаргаж Давост ирснийх тус тусдаа гүйцэтгэх үүрэг даалгавар, зорилго зорилт өвөртөлсөн нь гарцаагүй.

Ингэхэд Давост хэн, хэн ирэв

Давос бол “VIP” зочдын цугларалт гэдгээр хэзээнээсээ алдартай. Энд оролцох 2000 гаруй зочин цөм зохион байгуулагч байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын урилгатайгаар л Давосыг зорьдог. Дээд зэрэглэлийн гэгдэх энэ чуулганы урилга энэ жил 2500 хүнд, тэр дундаа Франц, Герман, манай Монгол гээд 40 орчим орны төрийн тэргүүнд хаяглагджээ. Энд улс орны тэргүүнүүдээс гадна үндэстэн дамнасан томоохон корпорацуудын босс, гүйцэтгэх захирлууд,  Их 20 орны бизнес эрхлэгчид, салбар салбарын сайчууд гэдэг шиг нийгэмд шинэ санал санаачилга гаргагчид, филантрофичид, тэгээд бас барууны хөгжмийн одод ирдэг. Энэ жил гэхэд Германы канцлер Ангела Меркель, тэрбумтан Билл Гейтс, “Happy” дуугаараа танил болсон дуучин Фаррель Уиллиамс гээд орц жорыг нь нарийн тааруулсан зоог мэт салбар салбарын хүмүүс уулын жижиг хот Давост иржээ. Чуулганд оролцогчдын 17 хувь нь бүсгүйчүүд байгаа нь урьд урьдын форумаас хамгийн олон эмэгтэй оролцсон гэдэг нэг мэдээний сэдэв боллоо. Энэ 17 хувь дотор “Facebook” компанийн захирлуудын нэг Шерил Сэндберг, “Yahoo”-гийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер зэрэг хүчирхэг эмэгтэйчүүд багтаж буй. Сонирхуулахад, оролцогч­дын 30 хувь нь бизнесийн салбарынхан, хоёр хувь нь төр засгийн тэргүүнүүд байдаг бол америкчууд нийт оролцогчийн 27 хувийг, Швейцарь, Их Британийн төлөөлөгчид тус бүр 10 хувийг эзэлж байна. Тэгвэл дэлхийн №2 эдийн засагтай Хятадын төлөөлөгчид ердөө хоёр хувийг эзэлж буй бөгөөд тэр дунд Ерөнхий сайд Ли Көцян нь багтжээ. Тэрээр чуулганы эхний илтгэлийг тавихдаа дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Хятадын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод учирч буй сорилт бэрхшээлийн тухай өгүүлэх аж.

Мөнгөтэй бол хөгжмөө захиал

Давосын чуулганы оролцогч гэдгийг баталгаа­жуулах цагаан тэмдгийг форумд оролцогч хүн бүхэн зүүх бөгөөд энэ тэмдгийг тийм ч амар авчихдаггүй. Хамгийн багадаа 20 мянган ам.долларын такс төлнө. CNN-ий мэдээлж буйгаар дэлхийн эдийн засгийн форумд оролцоход нэг хүнээс дунджаар 40 мянган ам.доллар гардаг гэнэ. Үүнд, таксны 20 мянган ам.доллар, дээр нь хоёр талын бизнес ангиллын нислэг 6000 ам.доллар, Цюрихээс 150 км зайтай уулын жижиг хот руу хүрэхэд нэмээд 9000 ам.доллар, зочид буудал хоол унданд 2000-3000 ам.доллар гээд элбэг 40 мянга хүрч байгаа юм. Форум болох долоо хоногийн үеэр Давост зочид буудал олох гэдэг тийм ч амар хэрэг биш. Томоохон зочид буудлууд аль хэдийнээ эзнээ олж, гурван одтой энгийн буудлын өрөө гэхэд хоногийн 600 ам.доллар болж тэнгэрт хаддаг. Тиймээс томоохон хаусыг бүхлээр нь хөлслөх нь түгээмэл. 10 хүртэл тооны хүн долоо хоног нэг байшинд амьдрахад хоол унд, үйлчилгээ нь ороод 60 мянган ам.доллар байх жишээтэй.

Дэлхийн эдийн зас­гийн форумтай хамтран ажил­лахаар гэрээ хийсэн үндэстэн дамнасан томоохон корпорацуудын тухайд үүнийг бүр хэд нугалсан үнэ төлдөг. Давосын чуулганы стратегийн түнш гэгдэх эдгээр компанийн нэг жилийн гишүүнчлэлийн төлбөр гэхэд 500 мянган швейцарь франк байдаг. Таксын үнэ 2015 оноос нэмэгдэж, жилийн 600 мянган франк болсон тухай өнгөрсөн долдугаар сард гишүүддээ захидал илгээжээ. Энэ ги­шүүнч­лэл хэд хэдэн боломж агуулсан багцтай бөгөөд тэр дунд Давосын эдийн засгийн чуулганд таван төлөөлөгчөө илгээх, мөн Хятадад зохион байгуулдаг зуны форумд та­ван хүнээ оролцуулах төл­бө­­рийг ч багтаасан байдаг аж. Ийм өндөр үнэ төлсөн ком­панийн төлөөлөгчдөд Дэл­хийн эдийн засгийн фору­маас цагаан тэмдэгний оронд VIP оролцогч гэдгийг нь таниулах галлограммаар хийсэн наалддаг тэмдэг зүүлгэдэг аж.

Чинээлэг дэлхий гэхдээ хэний төлөө гэж...

Үндсэндээ дэлхийн том­чууд, бизнесийнхэн хоорондоо холбоо сүлжээ тогтоох нь гол зорилго болсон Давосын чуулганы үр дүнгийн талаар жил бүр л  асуудал дэвшүүлж, шүүмжилж байдаг. Ийм шүүмжлэлийн хариуд хэлэх үгтэй байх гэсэн үү эсвэл үнэхээр энэ асуудал санааг нь зовоосон уу энэ жилийн чуулганаар баялгийн тэгш бус хуваарилалтыг халах 14 зүйлтэй төлөвлөгөө хэлэлцүүлэхээр Дэлхийн эдийн засгийн форумаас санал оруулаад байна. Баялгийн тэгш бус хуваарилалтыг багасгах энэхүү төлөвлөгөөгөөр улс орнуудыг цалингийн доод хэмжээ, ажилчдын үйлдвэрчний эвлэлд хамрагдсан байдал болоод боловсон хүчнийхээ мэдлэг чадвар, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хөрөнгө оруулалт гээд олон арван үзүүлэлтээр маш нарийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гаргахыг уриалах аж. Тус төлөвлөгөөний өмнөх үгэнд “Санхүүгийн хямрал нүүрлэхэд ойрхон байгаа энэ үед бүтээлчээр ажлын байр нэмэгдүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх, эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх нь хөгжингүй болон хөгжиж буй бүх орны улс төр, бизнесийн удирдагчдын нийтлэг гол асуудал болоод байна” хэмээн дурджээ. Гэтэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дорвитой бодлого чиглэл өнөөг хүртэл гараагүй байгааг ч тэд хүлээн зөвшөөрөөд бодит байдалд тулгуурласан гарц шийдлүүд олох хэрэгтэйг оролцогчдодоо уриалж байна. Товчоор хэлбэл эдийн засгийн өсөлтийн үр шимийг бүх нийтээрээ хүртэх тэр арга замыг бодож олохыг Давосын чуулганы оролцогчдод зохион байгуулагч Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс уриалж байгаа юм. Энэ асуудлыг Давосын чуулганы “Чинээлэг дэлхий гэхдээ хэний төлөө гэж” нэртэй хэлэлцүүлгээр хөндөн ярих ажээ.
Ямартай ч дэлхийн хамгийн баян чинээлэг нэг хувийнхны төлөөлөл хуран чуулсан Давосын чуулганаар үлдсэн 99 хувьдаа олсон хүртсэнээсээ хэрхэн хуваалцах тухай ярилцах бололтой. Гэвч үр дүн гарах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах биз ээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан