Орчин үеийн Израилийн түүхэн дэх хамгийн чухал хүний нэг нь яах аргагүй Шимон Перес билээ. Улсынхаа засаг захиргааны бараг бүх чухал албан тушаалыг хашиж байсан, хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажилласан, хамгийн сүүлд 2007 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод долоон жил төр тэргүүлсний эцэст суудлаасаа буугаад байгаа түүний “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр жинхэнэ удирдагч гэж хэн болох тухай сонирхолтой яриа дэлгэснээс гадна Израилийн мөнхийн сэдэв болсон Палестины энхийн хэлэлцээрийн тухай өөрийн өөдрөг үзлээсээ хуваалцжээ.
-НҮБ Палестинд “гишүүн бус ажиглагчийн статус” олгосон шийдвэрт та ямар байр суурьтай байдаг вэ?
-НҮБ-ын шийдвэрийг шүүмжилж болно л доо. Гэхдээ олон жилийн өмнөөс миний ойлгож ухаарсан нэг зүйл байдаг юм. Хүний амьдралд өөрчилж болдоггүй ганцхан л зүйл байдаг. Тэр бол өнгөрсөн үе. Хэрэв тийм зүйл болоод өнгөрсөн бол болоод л өнгөрсөн. Тэгээд л гүйцээ.
-НҮБ-ын энэ шийдвэр цаашид Палестинтай хийх энхийн хэлэлцээрийг илүү түвэгтэй болгох биш үү?
-Түвэгтэй болох эсэхийг хэлж мэдэхгүй юм. Одоо бол бидний хоорондох гол асуудал бол Гааг дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэх маргаан. Энэ л ирээдүйн дүр зурагт илүү нөлөөлнө. Өнгөрсөн цаг хугацаанд бидний хийсэн зүйл бол зөвхөн бие биеэ буруутгах л байлаа. Тэд биднийг буруутгана, хариуд нь бид тэднийг буруутгана. Гэхдээ одоо өнгөрснийг мартах хэрэгтэй.
-Гэвч энэ газар нутгийг өөрийн болгохын тулд хоёр тал хоёулаа л хэдэн мянган жилийн түүх ярьдаг шүү дээ?
-Бид өнгөрсөн үеийн өвөг дээдэстэйгээ ярьж хэлэлцэж чадахгүй шүү дээ. Тэгээд л гүйцээ.
-Гэхдээ танай Ерөнхий сайд Бенжамин Нетаняху байнга л түүхээс иш татан ярьдаг...
-Түүх гэдэг өнөөдрийг зөвтгөхөд хэрэгтэй ч 2000 жилийн өмнөх үеийг эргэж сөхөх хэрэг байна уу. Түүнийг түүхчдэд нь даатгаж үз. 2000 жилийн өмнөх явдлыг өнөө цаг үед давтаж чадахгүйгээс хойш өмнөх үе болон одоо үеийн хооронд шугам татаад л, шууд өнгөрснийг уучлах хэрэгтэй. Одоо бид хоорондоо маргалдахаа болих ёстой юм. Цагийн гарз болно. Ямар ч урьдач нөхцөлгүйгээр нээлттэй хэлэлцээ хийгээд л ирээдүйгээ ярих ёстой. Үндсэндээ бидэнд яриа хэлэлцээ хийх суурь үндэс нь аль хэдийнэ бүрдчихсэн шүү дээ. Хоёр улс, суурьшлын бүс нь байна. Суурьшлын гурван хэсэг байх ёстой юм. Тэгэхээр бид Палестинд ижил хэмжээний газар өгөх ёстой болно гэсэн үг. Тэр суурьшлын бүс нь Вест Банкийн 2-6 хувийг эзлэх байх. Тийм ч шийдвэрлэж болохооргүй асуудал биш.
-Хэрэв шийдэл нь ийм энгийн юм бол яагаад одоо хүртэл энд энхтайвныг тогтоож чадахгүй байгаа юм бэ?
-Гол асуудал нь хэлэлцээрийг хэрхэн эхлүүлэхдээ л байгаа юм. Чухам яаж эхлүүлэх вэ гэдгээ тогтох ёстой юм. Миний бодлоор өнөөдрийг хүртэл хэлж ярьж байсан бүхнээ зогсоогоод, өнгөрсөн бүхнийг уучлан өршөөх хэрэгтэй. Түүний дараа харилцан ямар нэг нөхцөл болзол тавилгүй хэлэлцээр хийж эхлэх нь чухал.
-Таныг Палестиний удирдагч Махмуд Аббастай хэд хэдэн удаа нууцаар уулзсан гэдэг. Тэр ч бүү хэл хэлэлцээрийг хэрхэн эхлүүлэх тухай бараг тохирчихоод байтал Нетаняху цуцлахыг шаардсан гэдэг.
-Энэ ч бас өнгөрсөн хэрэг. Гэхдээ Нетаняху хоёр-улс гэсэн хувилбарыг хүлээн зөвшөөрсөн.
-Магадгүй цаасан дээр л зөвшөөрсөн байх. Гэхдээ бодитоор юу ч өөрчлөгдсөнгүй.
-Манай ирээдүйн Засгийн газар энэ талаар стратегийн шийдвэр гаргах байх. Израилийн хувьд “хоёр-улс”-аас өөр, илүү дээр сонголт байхгүй.
-Энэ зөвхөн таны бодол уу. Эсвэл Ерөнхий сайд Нетаняху ч бас ийм бодолтой байгаа юу?
-Бид өнгөрсөн алдаагаа давтахгүй.
-Юу таныг ийм итгэлтэй хэлэхэд хүргэв ээ?
-Миний туршлага. Ахмад, залуу үеийнхний хоорондох ганц ялгаа нь туршлага биз дээ. Туршлагаасаа хараад хэлэхэд удирдагчид нөлөөлдөг нөхцөл байдал гэж байхаас нөхцөл байдалд нөлөөлдөг удирдагч гэж бараг үгүй.
-Та энэ олон жилийн турш энэ бүс нутгийн талаарх өөдрөг үзлээ яаж алдахгүй, хадгалсаар үлдсэн юм бэ?
-Би анх энд ирсэн үеэ байнга санадаг юм. Бид өмнөө нэг цөлтэй, хойноо нэг намаг балчигаас өөр юу ч үгүй жижигхэн газар нутагт ирж байлаа. Бидэнд ус байсангүй. Хоёр нуур байсны нэг нь устсан, нөгөө нь устаж үгүй болж байв. Йордан гэдэг ганц голтой. Тэр нь нэрнээс цаашгүй, усгүй шахам. 1948 онд бидний 650 мянган хүн газрын баялаггүй жижигхээн улсад эргэн тойрон дайсагнасан улсаар хүрээлүүлэн амьдрахаар ирж байлаа. Бид улс болохоосоо өмнө дайн хийчихсэн байлаа. Засгийн газраа ч байгуулж амжаагүй байхдаа армитай болчихсон байлаа. Бидэнд үнэхээр юу ч байгаагүй ч өнөөдөр юу бий болгосныг маань хар л даа.
-Тэр бол 1948 он. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харвал улам л хурцдаад байгааг та хүлээн зөвшөөрөх байх?
-Зарим шүүмжлэгчид биднийг Арабын нэг ч оронтой энхийн гэрээ байгуулж чадахгүй ээ гэдэг байсан. Бид Египеттэй гэрээ хийсэн. Йордантай байгуулсан. Палестинтай хийх гэж байна. Нэгэнт Палестин эрх барих байгууллагатай болсных харилцаа тогтоох эхлэл тавигдаж л байна гэж ойлгох хэрэгтэй.
-Ер нь, Израиль-Палестиный хооронд амжилттай хэлэлцээр хийх магадлал хэдэн хувьтай вэ?
-100 хувь. Магадгүй миний хүсч байгаагаас илүү цаг хугацаа шаардах л байх. Гэхдээ бид тэвчээртэй байж, байр сууриндаа зогсох хэрэгтэй. Гутранги үзэлтнүүдийн үгийг тоох хэрэггүй.
-Арабын орнуудад өрнөсөн хувьсгалын талаар та ямар бодолтой байна?
-Ойрхи Дорнодод болж буй бүхэнтэй Израилийг холбох хэрэггүй. Сирид болсон цус урсгасан дайн Израильтай холбоогүй. Египетийн хувьсгалд ч Израиль огт буруугүй. Тунис, Йемен ч ялгаагүй. Зарим хэт үзэлтнүүд Палестин манай хоёрын зөрчлийг өөрсдийнхөө балмад халдлага дайралтыг зөвтгөх шалтгаан болгох гэж хичээдэг. Тиймээс Ойрхи Дорнодод болж буй энэ шилжилтийн үеэс бид өөрсдийгөө хол байлгах хэрэгтэй.
-Та “Шинэ Ойрхи Дорнод”-ын тухай олон арван жил ярьсаар ирсэн. Магадгүй энэ бүс нутагт өрнөж буй үйл явц таны хэлж байсан тэр “Шинэ Ойрхи Дорнод” мөн үү?
-Энэ хараахан шинэ Ойрхи Дорнод биш. Хуучин Ойрхи Дорнодоос салсан ч, хараахан шинэ биш. Бид одоо шилжилтийн үедээ явж байна. Гэхдээ тэд Засгийн газраа байгуулаад, шинэ залуу үе гарч ирээд, нийгэмд өөрчлөгдөөд ирэхэд Ойрхи Дорнод шинэчлэгдэнэ.
-Израильчууд таныг сонгуульд дахин өрсөлдөнө хэмээн харж хүлээж байсан байх. Гэвч та өрсөлдөхөөс татгалзсан. Яагаад?
-Би долоон жил Ерөнхийлөгчөөр ажиллалаа. Надад боломж нөхцөл дутагдсангүй. Гэхдээ бас зүгээр суугаагүй гэж бодож байна. Гагцхүү одоо улс орныхоо түүхийг, бид хаашаа чиглэн явж байна вэ гэдгээ хүмүүст хэлж ярих хэрэгтэй гэж бодох болсон. Залуу үеийнхэндээ мэдлэг боловсрол олгох замаар улс орон маань хаашаа явж байгааг хэлж өгөх нь миний үүрэг. Иймэрхүү замаар ажиллах нь төрийн эрх барихаас ч дутахгүйгээр олон нийтэд нөлөөлж чадна гэж би бодсон юм л даа. Хүмүүс намайг анхааралтай сонсох байх гэж найдаж байна.
-Та нэгэнтээ Уинстон Черчилль, Шарль де Голль, Дэвид Бен Гурионыг XX зууны хамгийн агуу гурван удирдагч гэж нэрлэсэн байдаг. Чухам ямар зан чанараар нь тэднийг хамгийн агуу гэж тодорхойлсноо хэлэхгүй юу?
-Тэд бүгд гайхалтай хурц ухаантай, бас үгийн хүчийг мэдрүүлж чаддаг удирдагчид. Тэдний өгүүлэх, бичих чадвар үнэхээр онцгой. Тэд олныг зэр зэвсгээр биш үгийн хүчээр дагуулж болно гэдгийг мэддэг хүмүүс байсан юм. Удирдагч хүний үг яг таг, нарийн тодорхой бас заавал биелэгддэг байх ёстой. Удирдагчийг ард түмэнтэй холбодог ганцхан зүйл нь үг. Тийм учраас итгэл даах, товч тодорхой байх ёстой юм. Зөвхөн байр суурийг илэрхийлсэн бус алс хэтийг харсан байх хэрэгтэй. Америкийн удирдагчид байна. Авраам Линкольнийг л аваад үз. Хэн ч ардчиллыг түүнээс илүү тодорхойлоогүй шүү дээ. Тэрээр ардчилал гурван нөхцөл бүрдсэн үед л хэрэгждэг гэж хэлсэн байдаг. Засгийн газрыг ард түмний төлөө ард түмэн сонгож, ард түмнээр бүрдүүлсэн үед ардчилал сая хэрэгжинэ гэж хэлсэн. Энэ үгийг өнөөдөр мэдэхгүй хүн нэг ч байхгүй. Бүхэл бүтэн ном бичих санааг хэдхэн үгээр илтгэж чадсан байгаа юм. Жон Кеннеди гэхэд “Чиний төлөө эх орон чинь юу хийж чадахыг бүү асуу. Харин эх орныхоо төлөө чи юу хийж чадах вэ гэж асуу” гэж хэлсэн байдаг. Энэ мэтчилэн өнөөдөр хүн бүр санаж явдаг үгсийг хэлсэн удирдагчид олон бий.
-Хурц ухаан, хэл ярианы чадвараас гадна агуу удирдагчдад зайлшгүй байх ёстой чанар бол зоримог үйлдэл хийх чадвар гэж мөн та хэлсэн байдаг?
-Бен-Гурионтой анх уулзах үед тэр надад “Агуу удирдагч хүн тодорхой хэмжээнд үнэ төлөөд энхтайвныг тогтоох уу эсвэл эрсдэл гаргаад дайн хийх үү гэдгийг заавал шийдэх ёстой болдог” гэж хэлж байсан юм. Энэ хоёроос өөр сонголт байхгүй. Зугтах газар ч үгүй. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй удирдагч хүнийг дүгнэдэг нэг шалгуур бий. Тэр бол “Чи тэдний дээр суухыг хүсч байна уу эсвэл тэдний өмнө нь алхахыг хүсч байна уу. Чи тэднийг удирдан залахыг хүсч байна уу эсвэл засаглан захирахыг л хүсч байна уу” гэсэн асуулт. Үүгээр жинхэнэ удирдагч хүнийг үнэлж цэгнэж болно. Түүнээс сонгуулийн санал хураалтын дүнгээр удирдагч болчихдоггүй. Хүмүүс магадгүй “Бид таны төлөө саналаа өгнө” гэж хэлэх л байх. Гэхдээ чиний төлөө хэзээ ч нийтээрээ 100 хувь зогсоно гэж байхгүй. 51:49 ч юм уу эсвэл үүнээс их, бага гээд нөхцөл байдал ямар ч байж болно. Гагцхүү нөхцөл байдалд үл автан урдах ажлаа хийж, тэдний итгэлийг олж авах хэрэгтэй. Айж бэмбэгнээд зүгээр сууж болохгүй. Бас хэт зоримог алхам хийж эрсдэлд орох вий гээд хойш сууж ч таарахгүй.
-Удирдагч хүн хэрхэн санаа зовоосон асуудалд ч өөртөө итгэх итгэлээ алдахгүй, цэх зогсдог болох вэ?
-Хамгийн эхний дүрэм бол хоёр өөр юм ярьдаггүй байх. Хөшигний цаана нэг юм яриад, наана гарч ирэхээрээ өөр юм ярих нь удирдагч хүнд хамгийн байж болохгүй зан. Хэрэв цаанаа юу гэж ярьдагийг чинь хүмүүс мэдэх л юм итгэл алдарна.
-Удирдагчдад тохиолддог нэг том бэрхшээл бол ойрын үеийн асуудал бэрхшээлийг давж хараад, алс хэтдээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх. Та улсаа удирдаж байхдаа энэ тэнцвэрийг яаж барьдаг байсан бэ?
-Өнгөрсөн 20 жилийн дотор хүн төрөлхтний амьдралд агуу хувьсал, өөрчлөлт шинэчлэл гарлаа. Улс орнуудын ач холбогдол, сүр хүч алдагдсаар байна. Адам Смитээс эхлээд Карл Маркс хүртэлх хуучны номлолууд үнэ цэнээ алдаж байна. Учир нь, эдгээр онол томъёоллын үндэс суурь болсон газар, хөдөлмөр, эд баялаг зэрэг зүйлийн ач холбогдол нь өнөөгийн ертөнцөд үнэ цэнээ алдаж байна шүү дээ. Энэ бүх зүйлийг ганцхан шинжлэх ухаан орлодог боллоо. Өдгөө үзэл санаа гэдэг эд материалаас илүү чухал болжээ. Хаана ямар шинэ санал санаачилга гарахыг урьдчилан таахын аргагүй. Шинжлэх ухаанд хил хязгаар, ёс заншил гэж байхгүй болохоор ганц түүний тусламжтайгаар хаана ч бүхнийг цогцлоон хөгжүүлж болохоор боллоо. Дэлхийн хоёр захаас хоёр хүн хамтраад юу ч бүтээж болох боломжийг шинжлэх ухаан бий болголоо. Хоёр хүү нийлээд л “Google”-ийг байгуулчихаж байна. Бас нэг хүү “Facebook”-ийг бий болголоо. Өөр нэг залуу “Apple”-ийг байгууллаа. Энэ хэдхэн залуу л дэлхийг өөрчилчихлөө шүү дээ. Ямар ч улс төрийн нам хөдөлгөөнгүйгээр, ямар ч цэрэг зэр зэвсэггүйгээр, мөн ямар ч эд баялаг зарцуулахгүйгээр.
Ийм зүйл болно гэж хэн ч урьдчилан таамаглаагүй. Тэд өөрсдөө ч бодол санааных нь үр дүн юунд хүргэхийг төсөөлөө ч үгүй биз. Энэ бол шинэ дэлхий ертөнц. Магадгүй танай улс дэлхий дээр хамгийн хүчирхэг армитай байж болно. Гэхдээ хамгийн хүчирхэг арми ч үзэл санааг байлдан дагуулж чадахгүй. Мэдлэг чадварыг ялан дийлж чадахгүй. Ирээдүйд чухам юу болохыг тааварлаж мэдэхийг хүсвэл хөрөнгийн бирж рүү зүглэхийн оронд ном уншиж, судалгаа шинжилгээний лабораторт очих хэрэгтэй болж. Тархиа дасгалжуулах хэрэгтэй. Тархи толгойгоо үргэлж ажиллуулж, сэргэг байлга.
-Тэгвэл үзэл санаа чухал өнөөгийн ертөнцөд удирдагчид сахилга бат, дэг журамтай байх ёстой юу эсвэл илүү бүтээлч байх хэрэгтэй болж байна уу?
-Удирдагч хүний оюун ухаан үргэлж чөлөөтэй байх ёстой юм. Мөрөөдөж, төсөөлөн бодож чаддаг чөлөөт сэтгэхүй хэрэгтэй. Аливаа шинэ бүхэн мөрөөдлөөс л урган гардаг шүү дээ. Тиймээс удирдагч хүн яг л эрдэмтэн судлаач шиг шинэ зүйл мэдэхийг эрмэлздэг, түүнийгээ туршиж үзэх зоригтой байх ёстой. Хүмүүс хүсэл мөрөөдлийг нь шоолж инээж байсан ч ганцаараа мөрөөдөж чаддаг байх нь чухал.
-Тэгэхээр удирдагч хүн бусадтай тов тодорхой харилцдаг, шийдвэртэй үйлдэл хийж чаддаг, мөн алсын хараатай, аливааг байнга сонирхон судалж байх ёстой байх нь ээ?
-Тийм ээ, гэхдээ дан ганц шийдмэг байдал хангалтгүй.
-Интернэт, ухаалаг гар утас, олон нийтийн сүлжээ зэрэг орчин үеийн шинэ технологи бидний амьдралыг асар хурдан өөрчилж байгаа тухайд та юу хэлэх вэ?
-Үе үеийн хүмүүсийн хоорондох ялгаа өнөөдөр улс орнуудын хоорондох ялгаанаас ч асар том зөрүүтэй болжээ. Хүүхдүүд өнөөдөр бидэнд “Хахуулийн мөнгөөр бохирлож, дайн тулаанаар шархлуулсан өөрсдийн бүтээсэн тэр ертөнцөөрөө залуус биднийг ялгаж зааглах гэсний хэрэггүй” хэмээн хэлдэг болсон байна. Залуу шинэ үеийнхэн маань өөр хоорондоо үл харагдах ханаар тусгаарлагдан амьдрахыг хүсэхээ больжээ. Тэд шинэ үед төрсөн хүмүүс. Тэдний хувьд орчин үеийн харилцаа холбоо гэдэг биднийг бага залуу байхад үзэг цаас ямар чухал байсантэй эн дүйцэхүйц болсон байна. Бидний үзэл бодлоосоо арчихыг хүсээд ч арилгаж чаддаггүй, далд нуугдсан ялгаварлан гадуурхах үзлийг тэд тээж төрөөгүй болохоор аль улс орны иргэд гэдгээсээ үл хамааран өөр хоорондоо маш амархан хэл амаа ойлголцон, харилцаж чадаж байна.
-Шинжлэх ухаан, шинэ санаа хүн төрөлхтний амьдралд хамгийн чухал гэж та нэгэнт хэлснийх ирээдүйд дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч, удирдан залагч нь юу байхыг тодорхойлохгүй юу?
-Ирээдүйд эдийн засгийн хувьд хамгийн чухал зүйл нь мэдлэг боловсрол байх болно. Их сурч, бага ажиллана. Хүний амьдралын дийлэнх хугацааг сурах судлахад л зарцуулах болов уу. Сурах судлахад төгсгөл гэж байхгүйгээс хойш бүтээх, бий болгоход ч хязгаар гэж үгүй.