Америкийн Конгрессын төлөөлөгчид Кубад айлчлахаар ирээд байна. 1961 онд хоёр улс харилцаагаа тасалснаас хойшхи анхны өндөр хэмжээний айлчлал нь энэ болж байна. Өнгөрсөн сарын 17-нд хоёр улс харилцаагаа сэргээж буйг Ерөнхийлөгч Б.Обама болон Раул Кастро нар зарласан билээ. Хоёр улсын харилцаа сэргэсний илрэл болгож Куба улс төрийн хэргээр хоригдсон 53 хүнийг шоронгоос сулласан юм.
Мөн өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр улсын хооронд аялал жуулчлал болон худалдааны шинэ дүрэм журам хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Кубад жуулчилсан Америкийн иргэн 100 ам.доллар хүртэл үнэтэй архи, тамхийг эх орондоо авчрах боломжтой болсны дээр АНУ-ын кредит болон дебит картуудыг Кубад ямар нэг хязгааргүйгээр ашиглахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр жуулчлах нь одоо хүртэл хориотой хэвээр байгаа бөгөөд улсаас зөвшөөрсөн тодорхой шалтгаантай хүн л Кубад очиж болно. Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногийн дундуур өндөр түвшний яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.