Үзэж туулсан амьдралаар нь “14 дүгээр хорих лагериас оргосон нь” хэмээх ном бичиж, улмаар бестселлер болж байсан Хойд Солонгосын иргэн Шин Дон Хюк номонд гардаг зарим түүх бодит үнэнээс зөрүүтэй байсныг мэдэгджээ. Тэрээр чухам номных нь хаанаас хаа хүртэл худал байсныг зарлаагүй ч уншигчдыг төөрөгдүүлсэндээ уучлал гуйсан мэдэгдэл хийжээ.
14 дүгээр хорих лагериас оргож, эрх чөлөөт ертөнцөд гарч ирснээрээ Хойд Солонгосын хамгийн алдартай оргодол болж, түүний тухай “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Блэйн Хардены бичсэн ном олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн билээ. Гэвч энэ номондоо Шин Дон Хюк өнгөрсөн амьдралынхаа зарим хэсгийг нууцлахыг хүссэн гэдгээ мэдэгдээд өөрт нь итгэж, дэмжиж байсан бүх хүнд талархал илэрхийлэхийн сацуу бас уучлал гуйсан байна. Тэрээр Хойд Солонгосын хорих лагериудыг хаалгахын төлөө эхлүүлсэн кампанит ажлаа зогсоож магадгүй гэдгээ ч хэлсэн байна. Номыг бичсэн Б.Хардены хэлж буйгаар гол үйл явдлууд нь бүгд үнэн зөв, гэхдээ Шин Дон Хюкийн өөрчлөхийг хүсч буй хэд хэдэн зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Шин Дон Хюк одоо Өмнөд Солонгост амьдарч буй бөгөөд ашиглаж байсан гар утасны дугаарыг өөрчлөөд, хэвлэлийнхний асуултад хариу өгөхөөс татгалзсаар байгаа гэнэ.