Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 20 орчим хувь нь төрийн албан хаагч гэдэг. Тэдний цалинг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэж чаджээ. Цалин нэмэхэд зориулж, 90 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгаж зарцуулах боллоо. Үүнээс гадна тэтгэвэр нэмэхийн тулд зориулж улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд 13 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж өгөхөөр шийдсэн аж. Нийгмийн даатгалын сангийн орлогыг энэ оны төсөвт 77 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцжээ. Тэгэхээр тэтгэвэрт нэмж 90 тэрбум төгрөг зарцуулах болсон аж. Гэвч хэдэн сард цалин, тэтгэвэр нэмэгдэх, эх үүсвэрийг хэрхэн олох нь тодорхойгүй. Сангийн яамны мэргэжилтнүүд импортын шатахууны татвар, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоож цалин, тэтгэвэр нэмэх орлогыг олох боломжтой хэмээн тооцож буй. Үүнээс гадна тухайн байгууллагын төсвөөс хэмнэгдсэн орлогыг Сангийн яам эргүүлэн татаж авалгүй ажилчдынхаа цалинг нэмэхэд зарцуулах бололцоотой гэжээ.
Төсвийн тодотгол батлагдсаны дараа энэ бүхэн тодорхой болох аж. Цалинг инфляцтай уялдуулж нэмж байх ёстой гэдэгт төр засаг, үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогчдын холбоо санал нэг байгаа. Тэгвэл цалингийн энэ удаагийн нэмэгдэл 10 хувь болж буй юм. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнгөрсөн онд инфляц 11 хувьтай гарсан. Иймээс цалингийн уг нэмэгдэл инфляцын түвшинтэй дүйж байгаа аж.
Энэ оны төсөвт цалин тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Гэвч төсвийн орлого бүрдэхгүй байгаа тул ийм хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй болсон юм.
Инфляц өндөр байгаа өнөө үед цалин, тэтгэвэр нэмэх шаардлага яах аргагүй бий. Өөрөөр хэлбэл цалингийн өсөлт инфляцын түвшингийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. Монголбанкны хийсэн судалгаагаар хувийн хэвшилд 1.2 сая хүн ажиллаж буй юм. Тэдний 35 нь хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээл авчээ. Нийт тэтгэвэр авч буй иргэдийн 65 хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тиймээс монголчууд цалингаас цалингийн хооронд зээлээр амь зууж байгаа гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна цалинг хөдөлмөрийн бүтээмж, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлдэг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон гэдэгт ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн холбоод санал нэг байгаа юм.
Хувийн хэвшлийн цалинг зохицуулдаг хууль эрх зүйн ганц орчин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлдэг. Энэ оны дөрөвдүгээр сард нэмэх хугацаа нь болж буй. Төсвийн тодотгол батлагдсаны дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоох асуудлыг шийдэхээр болсон байна. Ингээд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийсэн талуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг дор өгүүлье.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Хямралын үед цалин нэмэх, иргэдийн орлогыг бууруулахгүй байх, хүн амын орлогын албан татварт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх асуудлыг энэ гурван талт хэлэлцээрт туссан. Мөн хувийн хэвшилд ажиллагсдын цалинг ур чадвараас нь хамааран олгодог байхаар тогтлоо. Одоо Засгийн газраас хөдөлмөрийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх төслийг Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчидтой хамтарч УИХ-д өргөн мэдүүлнэ. Гурван тал хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурлаа. Эдийн засгийн хямралтай байгаа үед нийгмийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Ингэж байж ажлын байр хадгалах, орлогыг нь тогтмол байлгах, нэмэгдүүлэх боломжтой юм. Тэгээд Засгийн газар хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох асуудлыг яаралтай шийдэх үүрэг хүлээсэн. Ажил олгогч эздийн холбоо ажлын байр цомхотгохгүй байх, тухайн аж ахуйн нэгж дампуурахад хүрвэл ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх болсон. Үйлдвэрчний эвлэл ажил хаялт, жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх үүрэг хүлээлээ“ гэв.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ МҮЭ-ийн холбооноос санал болгосон цалинг 60-аас доошгүй хувиар нэмэх шаардлага нь иргэдийн авч буй цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс тодорхой хувилбар гаргаж, орлогын эх үүсвэрийг УИХ, намуудын бүлгүүдэд ярилцаж бий болгосон цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн нь бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Энэ нь “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байгаа хэрэг юм. Гэхдээ 103 тэрбум төгрөгөөр хязгаарлагдахгүй. Иргэдийн орлогыг нэмэх бусад бололцоог энэ хэлэлцээрээр бий болголоо. Тухайлбал, хүн амын орлогын албан татвараас 84 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан. Тэгвэл үүнийг 2.3 дахин нэмэгдүүлж, 192 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барих боллоо. Ингэснээр хөдөлмөр эрхэлж хүн бүрт сард 12 мянган төгрөгийн бодит орлого нэмэгдэнэ. Бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Цалин, тэтгэврийг индексжүүлэх тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын үед Засгийн газраас боловсруулж, УИХ-ын тухай хуульд оруулж батлуулна гэдэгт талууд тохиролцлоо” гэв.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар “Энэ гурван талт хэлэлцээрт ажлын байр хадгалахын тулд гурван багц асуудал тусгасан. Тухайлбал, татварын өршөөлийн тухай буюу Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль юм. Уг хууль хувийн хэвшилд маш том дэмжлэг болно хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил хүнд суртал, төрийн албан хаагчдаас ирдэг дарамтаас нэг удаа сална гэсэн үг. Үүнээс гадна ажлын байраа тогтвортой хадгалсан аж ахуйн нэгжийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжих талаар Засгийн газартай ярилцлаа. Мөн жижиг дунд үйлдвэрлэлд ажлын байраа нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөтгөхөд нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд дарамт учруулдаг. Үүнийг уян хатан авч үзэх зарим шимтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулах, өр төлбөрийг нь хөнгөлөх талаар санал тавиад байна. Энэ асуудалд МХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, Хөрөнгө оруулагчдын зөвлөл санал нэгдээд байгаа” хэмээсэн.