Индонезид хар тамхины хэргээр гадаадын хэд хэдэн иргэнд цаазаар авах ял оноосны дунд Бразиль, Голландын иргэн байсан учраас эдгээр улс Элчин сайдаа эргүүлэн татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Бямбаас нямд шилжих шөнө зургаан хүнийг Индонезийн хууль шүүхийн нэрийн өмнөөс цаазаар авсан байна. Тэдгээр зургаан хүний тав нь хар тамхины хэргээр хоригдож байсан бөгөөд Голландын иргэний хувьд хар тамхи үйлдвэрлэсэн хэмээх хамгийн хүнд хэрэгтэй байсан аж.
“Би цаазаар авхуулагсдын гэр бүлд бүх зүрх сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай иргэдэд цаазаар авах ял оноосон нь хоёр улсын харилцааны тодорхойгүй олон асуудалд цэг тавилаа. Голландчууд цаазаар авах ялын эсрэг тууштай зогсох болно” хэмээн Голландын Гадаад хэргийн сайд Берт Кундерс албан ёсоор мэдэгджээ. Мөн тэрээр Нидерландын Ерөнхий сайд болоод хаан энэхүү цаазаар авах ялаас урьдчилан сэргийлэх талаар бүхий л арга хэмжээг авсан хэмээн тодотгожээ. Харин Бразилийн Ерөнхий сайд Дилма Роуссефф Индонезийн хамтрагч Жоко Видодогоос өөрийнхөө орны иргэнийг цаазын ялаас хэлтрүүлэн өршөөхийг албан ёсоор хүссэн боловч тэр үгүй гэсэн хариулт өгсөн байна. Цаазаар авхуулагсдын нэг нь Индонезийн иргэн, үлдсэн нь Вьетнам, Малави, Нигери, Бразиль, Нидерландын иргэд байсан аж.