Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шарли Эбдогийн шинэ дугаар шинэ аюул дагуулав уу


“Шарли Эбдо амьд байна. Цаашид ч амьдарсаар байх болно” хэмээн тус шог сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарсны дараа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ. “Хүний амийг бүрэлгэж болох ч үзэл санааг хэзээ ч устгаж чадахгүйн гэрч нь энэ боллоо” хэмээн Францын Ерөнхийлөгч бахархалтайгаар зарласан ч Шарли Эбдогийн шинэ дугаарыг баяртайгаар хүлээн авагсад барууны орнуудаас нэг их хэтэрсэнгүй. Ойрхи Дорнод болоод лалын шашинт улс орнуудад урьдын адил “Шарли Эбдо”-г эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, лалын шашин-барууны орнууд гэсэн тэмцлийн гал дээр тос нэмж орхилоо.
Лалын хэт үзэлтэй ах дүү хоёр редакцийнх нь 10 хүний амийг хөнөөсний дараа өөрсдийгөө “амьд үлдэгсэд” гэж нэрлэсэн үлдсэн сэтгүүлч, шог зураачдын бүрэлдэхүүн нь эрхлэн гаргасан Шарли Эбдогийн шинэ дугаар таван сая хувь хэвлэгдсэн ч аль хэдийнэ зарагдаж дуусчээ.

Ердийн үед 60 мянган хувь хэвлэгддэг байсан энэ сэтгүүл террорист халдлагын дараа дэлхий нийтийн анхаарлын төвд орсноор шинэ дугаарт нь юу гарч вэ хэмээн сонирхсон уншигчид сонин хэвлэл худалдаалах цэгийн гадна Шарли Эбдог авахаар урт дараалал үүсгэн зогсч байна. Ийнхүү уншигчдын эрэлт өндөр байгаагаас шинэ дугаарыг дахин хэдэн сая хувиар хэвлэх шаардлага ч гарч. Ингэж их сонирхол татаж буй Шарли Эбдогийн тэргүүн нүүрэнд тус сэтгүүлийн “байнгын сэдэв” болсон гэгээн Мухаммедыг “Би бол Шарли” гэсэн бичиг барьсан байгаагаар дүрслээд дээр нь “Бүгдийг өршөөсөн” хэмээн бичжээ.  Лалын шашинтнуудыг “өдөөн хатгасан” үйлдлээ “Шарли Эбдо”-гийнхон 10 хүнийхээ амийг алдсаны дараа ч дахиад давтах хангалттай зоригтой үлдэж. Гэвч энэ нь хэр зоримог үйлдэл вэ гэхээс илүүтэй хэр ухаалаг үйлдэл вэ гэдэг нь одоогийн нөхцөл байдалд илүү бодох ёстой асуудал болоод байна.

 “Нью-Йорк Таймс” сонин тэргүүн нүүртээ “Шарли Эбдогийн шинэ дугаар шинэ аюул дагуулав”  хэмээн бичсэн бол Исламын улс бүлэглэл Шарли Эбдог “Хэтэрхий тэнэг үйлдэл хийлээ” хэмээн заналхийлээд амжлаа. Гэгээн Мухамедыг нь доромжилсонд уурссан лалын шашинтнуудын Филиппин, Туркт хийсэн эсэргүүцлийн жагсаал, исламын шашинт орны томоохон хэвлэл дэх нийтлэлүүдээс “Шарли Эбдо” дахиад л өөрийгөө эрсдэлд оруулсныг, тэр аюул занал нь зөвхөн энэ сэтгүүлийн редак­цийг дайраад өнгөрөхгүй байх гэсэн айдас болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Ойрхи Дорнодын орнуу­дын зарим томоохон хэвлэ­лийн редакцийн өгүүллээс харвал дийлэнх нь “Шарли Эбдо”-гийн шинэ дугаарыг бүхэл­дээ өдөөн хатгалга гэж үзэж байна. Йорданы “Аль Дастур” сонин “Шарли Эбдо өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байна” гэж бичсэн бол Алжирын “Echourouk” сонинд Францын Засгийн газрыг Шарли Эбдогийн шинэ дугаарыг хэвлэхэд санхүү мөнгөөр тусласныг шүүмжлээд “Тэд бүх улаан шугамыг давж,  муслимуудын эсрэг аян дайн эхлүүллээ” хэмээн бичжээ.  Мөн “Шашин шүтлэгийг нь доромжлон гутаасных нь төлөө тус улсын Элчин сайдын эсрэг гомдол гарган, хэрэг үүсгэх эрх лалын шашинт хүн бүрт бий” гэж онцолжээ. Алжирын өөр нэг сонинд “Бид бүгд Мухаммед” гэсэн том нийтлэл гарсан бол Ираны телевизээр “Шарли Эбдо” өшөө хонзон, үзэн ядалтыг улам гааруулж байна хэмээн өгүүлжээ. Тэгвэл Туркийн “Yeni Akit” сонинд “Доромжлол үргэлжилсээр” гарчиг дор “Түгшүүрт явдлын дараа ч Шарли Эбдо хэмээх хийрхүү сэтгүүл болон барууны хэвлэлүүд лалын шашинтнууд, исламын ертөнцийн эсрэг халдлагаа үргэлжлүүлсээр байна” гэж бичжээ.

Тоон дотор үсэг гэгчээр Туркийн сөрөг хүчний “Cumhuriyet” сонин л ганцаар “Шарли Эбдо”-г дэмжиж, тус сэтгүүлийн дөрвөн нүүрийг дахин хэвлэснээр нутаг нэгтнүүдийнхээ уур хилэнг бүр бадраажээ. Тус сонины газрыг эсэргүүцсэн уншигчид жагсч, сониныг нь олны нүдэн дээр шатаасан хэрэг ч гарсан байна. Филиппинд болсон лалын шашинтнуудын жагсаалын үеэр ч Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхугийн зургийг шатаасан бөгөөд “Та нар Шарли. Харин би Мухам­медэд хайртай”, “Уучлал гуйх аа? Хэзээ ч үгүй”, “Франц уучлал гуйх ёстой”, “Исламыг хүндэтгэ” гэсэн уриан лоозон барьсан эсэргүүцэгчид барууны орнуудын “давхар стандарт” буюу хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэх атлаа лалын шашинтнуудын шашин шүтэх эрх чөлөөг нь доромжлон гутааж байгааг шүүмжлэн буруушаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан