Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд өчигдөр нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Одоогоор төсөл хэрэгжүүлэгчээр 34 аж ахуйн нэгж шалгараад байгаа юм. Тэдний хувьд цэвэр, бохир усны хангамж, дулаан, цахилгааны тал дээр хүндрэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал, ТОСК ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн долдугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр талт гэрээнүүдээ хийж дуусаад буй аж. Ерөнхий төлөвлөгөөний зураг төслөө оны өмнө өгсөн юм байна. Цэвэр усны нөөц хүрэлцээгүй учир 350-400 өрхийг хасч тооцох болсон талаар дуулгаж байсан. Харин “Хас харш” ХХК-ийн хувьд СХД-ийн 20 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан. Дэд бүтцийн ажлын зураг хийж байгаа бөгөөд одоогоор ажил нь 30 хувьтай байна. Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд зургийн ажлаа дуусгаад тавдугаар сарын 1-нд экспедициэр батлуулж, эхний хоёр барилгаа барьж эхлүүлэхээр болсон гэнэ. Гэвч цахилгааны техникийн нөхцөл, замын зургийн хөрөнгө нь шийдэгдээгүй аж.
“Грандлайн” ХХК нь БЗД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан орчмын 15,2 га газар төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ талаар тус компанийн инженер “Энэ ондоо багтаад 16 давхар 210 айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Суурийг нь цутгасан дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлнэ. Дэд бүтцийн ажил бүгд дууссан. Дулааны нийт шугамынхаа 50 гаруй хувийг угсраад байна. Хуучин хөдөө аж ахуйн яам байсан газраас химийн бодис илэрсэн учраас хавартаа багтан асуудлаа цэгцэлнэ. Энэ асуудлаас болоод хугацаа алдсан” гэж байлаа. Цэвэр бохир усны тухайд Нисэх, Яармагийн хэсэгт 42 мянган метр куб багтаамжтай усны эх үүсвэр барьсан. Энэ нь 57 мянган айл өрхийг хангах хүчин чадалтай. Тэгэхээр Яармаг, Нисэхийн ерөнхий төлөвлөгөөнд хэсэг хэсгээр нь хуваарилсан аж. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч компаниуд анх хийсэн гэрээгээ зөрчиж байгаа учир усны хүрэлцээ хомсдоход хүрчээ.
Дахин төлөвлөлтийн журам батлаад хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд дахин төлөвлөлт хэрэгжүүлэгч компаниа шалгаруулах, шалгарсан компаниуд иргэдтэй гэрээ хийх зэрэг олон шат дамжсан юм. Анх 12 байршилд дахин төлөвлөлт хийж байсан бол одоо 24 байршилд 77 блок газар нийт 1500 га газар хамарсан томоохон бүтээн байгуулалт хийж буйгаараа онцлог юм. Дахин төлөвлөлтийн анхны орон сууц өнгөрсөн жил ашиглалтад орсон. Мөн хэд хоногоос дахин төлөвлөлтөөр барьсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад өгөх гэнэ. Одоогоор нийт найман байршил дээр зураг төсөл бэлэн болоод зам барилгын хөрөнгө тавигдах шатандаа явж буй. 16 байршил дээр зураг төслийн мөнгө шийдэгдээгүй гэнэ.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс хавар барилгын ажил эхлэхээр ажиллах хүч ховордоно. Иймээс гадаадаас ажиллах хүч авах талаар холбогдох арга хэмжээ авч өгөхийг хотын удирдлагуудаас хүсч байв. Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга, Д.Баттулга “2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид чамгүй олон ажил амжуулж байна. Та бүхэн идэвхи санаачилгатай ажиллаж, энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай дуусгана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн тэрээр гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныханд даалгасан юм.