Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувь болгох шийдвэр гаргав. Төв банкны мөнгөний бодлогын хүүг өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь инфляц аж. Тухайлбал, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляц өнгөрсөн онд 11 хувьтай гарсан. Энэ нь сүүлийн хоёр жилд буурсан үзүүлэлт. 2012 онд инфляц 14 хувьтай байв. Гэвч суурь инфляц 12.6 хувьтай өндөр хэвээр юм. Үүнд төгрөг суларч гадаад валютын ханш өссөн явдал, төрийн зохицуулалттай буюу цахилгаан, дулааны үнийн өсөлт нөлөөлжээ. Иймээс төв банк бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан байна. Даршамд дурдахад Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн.
Гэтэл Засгийн газар солигдсон, энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн тул уг зөвлөлийн хурал хойшлоод байлаа. Энэ хугацаанд макро эдийн засагт ямар өөрчлөлт орохыг ажиглан хүлээжээ. Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нь “инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг.
Ингээд бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаснаа Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн зарим гишүүд хэрхэн тайлбарласныг дор өгүүлье.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Монголбанкны үндсэн үүрэг нь санхүүгийн тогтвортой байдал, үнийн тогтвортой байдал хангах явдал. Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилт тавьсан. Гэтэл валютын ханшийн нөлөөлөл, гадаад валютын орох урсгал муудсан, импортын барааны өртөг нэмэгдэж байгаа нь суурь инфляц өндөр байхад нөлөөлсөн гэж үзэж байна. Бодлогын хүү өсгөж байгаа нь инфляц буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт бий. Үүнээс гадна ДНБ-ий өсөлт 2011 онд 17 хувьд хүрсэн ч эргээд буурсан. Тухайлбал, 2013 онд 11 хувьтай гарсан. Тэгвэл 2014 оны ДНБ-ий өсөлт ОУВС-гийн тооцоогоор 5.4 хувьтай гарахаар байгаа. Мөн Эдийн засаг дахь бодит мөнгөний жилийн өөрчлөлт 12.5 хувиар өслөө. Инфляц 11 хувьтай байхад эдийн засаг дахь бодит мөнгөний өсөлт дээрх хэмжээнд байгаа нь тэг утгад дөхөж буй явдал юм. Бас нийт зээлийн жилийн өсөлт 16.1 боллоо. Бид гадаад валютын албан нөөц 2014 оны төгсгөлд 1.2 тэрбум ам.доллар байхаар төсөөлж байсан. Одоо 1.6 тэрбум ам.доллар байна.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн В.Отгонтөгс: Мөнгөний бодлогыг аль болох дотоод эдийн засгийн идвэхжлийг бууруулахгүй байх талаас нь хэрэгжүүлэх ёстой. Гэвч өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Монголбанк инфляцын түвшинг найман хувьд барихыг зорьж байгаа. Иймд инфляцыг нэг оронтой тоонд оруулахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр гарц байхгүй. Үүнээс гадна манай улсын макро эдийн засагт үүссэн хүндрэлийг тооцож гадаад тэнцвэрийг тогтвортой хадгалахын тулд төв банкны бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гадаад валютын орж ирэх урсгал, төгрөгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: Өнөөдөр манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр арилжааны банк гол шалгуур үзүүлэлтүүдээ бүрэн хангалттай биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал, банкны системд нөлөө бүхий зургаа, долоон банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар харьцангуй өндөр юм. Монголбанк арилжааны банкуудад төлбөрийн чадварын үзүүлэлтийг 25 хувь байх шаардлага тавьдаг. Тэгвэл дээрх банкуудын төлбөрийн чадварын үзүүлэлт 30-35 хувь байгаа. Иймд болзошгүй эрсдэл, аливаа хямралыг сөрөх чадвар өндөр гэж хэлж болно. Мөн нэг гол үзүүлэлт бол банкны өөрийн хөрөнгө юм. Бүх банк дүрмийн сангийнхаа доод хэмжээг хангасан. Нийт активтай нь харьцуулахад өөрийн хөрөнгийн хэмжээ нь зохих доод хэмжээнээс өндөр байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн болон зарим салбарт гарч буй хүндрэлээс улбаалж зээлийн удаашрал саатал гарч буй юм. Гэвч чанаргүй зээлийн хэмжээ таван хувьтай байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулбал энэ үзүүлэлт банкны систем тогтвортой байдлаа бүрэн хангах хэмжээнд байна гэсэн үг. Мөнгөний бодлогоос гаргаж буй шийдвэр нь санхүүгийн тогтвортой болон банкны системийн одоогийн байдлыг хэвийн хадгалахад чиглэж байгаа гэж ойлгож болно.