Орон сууцны үнийн индекс 2014 оны арванхоёрдугаар сард 0.7 хувиар буурчээ. Сүүлийн таван сарын хугацаанд орон сууцны үнийн индекс тасралтгүй буурсан ч өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад үнэ 18.9 хувиар өссөн тухай “Тэнхлэг зууч” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг хэлж байна. Сар бүрийн орон сууцны үнийн индексийн дээрх судалгааг гаргахад 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон бөгөөд ямар шалтгааны улмаас орон сууцны үнэ буурч байгааг одоогоор тодорхойлох боломжгүй учраас илүү нарийн судалгаа хийх хэрэгтэй гэнэ.
Харин үл хөдлөх хөрөнгийн “Real properties Ulaanbaatar” компанийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн өнгөрсөн сарын зах зээлийн судалгаанд ашиглалтад орсон болон ороогүй байгаа орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 2.3 сая төгрөгт хүрсэн гэж үзжээ.
Хүснэгтээс харахад 2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ нэг сая төгрөг байсан бол зургаан сарын дараа гэхэд 1.1 сая төгрөгт хүрч, жилийн дараа 1.2 сая төгрөг болжээ. Харин энэ ханш 2014 оны зургадугаар сард 1.251 сая төгрөгөөс уруудаж 1.189 сая төгрөгт хүрээд байна.