Умард Солонгос өмнөд хөрш рүүгээ довтлох төлөвлөгөө гаргасныг удирдагч Ким Чен Ун нь баталсан гэнэ. Энэ төлөвлөгөөгөөр бол умардынхан ердөө долоо хоногийн дотор буюу Америкийн холбоотнууд нь ирж туслахаас өмнө Өмнөд Солонгосыг эзлэн авахаар төлөвлөжээ хэмээн Сөүлийн “Joongang Daily” сонин бичсэн байна. Үүнийг умардаас оргож гарсан нэгэн баталж энэ төлөвлөгөөг бүр 2012 оны наймдугаар сарын 25-ны өдөр Вонсанд болсон цэргийн удирдлагын зөвлөгөөнөөр Ким Чен Ун баталсан гэж ярьжээ.
Төлөвлөгөөнд цэргийн дээд болон дунд тушаалын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэхэд онцгой анхаарахаар заасан гэнэ. Ийм ч учраас удирдагч Ким Чен Ун цэргийн ангиудаар байнга явж төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг биечлэн шалгаж байгаа аж.
Дайнд бэлтгэх ажлыг 2013 оны эцэс гэхэд дуусгасан байхаар төлөвлөсөн ч нэг жилээр сунгажээ. Тиймээс БНАСАУ “Аугаа их нэгтгэх дайн”-аа 2015 онд хийнэ хэмээн дүрвэж ирсэн эр ярьжээ.
Төлөвлөгөөний амин сүнс нь цөмийн зэвсэг хэрэглэснээр Өмнөдийн зэвсэгт хүчнийг түргэн хугацаанд жагсаалаас гаргаж долоо хоногийн хугацаанд газар нутгийг нь бүрэн эзлэх гэнэ. Төлөвлөгөө хэдий хурдан хэрэгжиж, шуурхай довтолж чадна тэр хэрээр АНУ өөрийн хүчнээ буулгаж амжихгүй гэж төлөвлөжээ.
Харин Пеньяны дайралт амжилтгүй болбол 15 хоногийн дараа дайнаа зогсоохоор төлөвлөжээ.
Ийм төлөвлөгөөний тухай мэдээлэл хэдийнээ авсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаны төлөөлөгч хэлээд хэрэв умардаас довтолбол авах хариу арга хэмжээнд Сөүл, Вашингтон хоёр хамтран бэлтгэж байгаа гэж мэдэгдлээ. Умард Солонгосын армид өндөр алба хашиж байгаад зугтаж ирсэн тэр хүний мэдээлэл хэр бодитой болохыг баталсан баримт хараахан алга.