Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Спортын сэтгүүлчид Лондонгийн олимпод оролцох баг тамирчдаа “Цэцээ гүн”-дээ даатгалаа

Өдөр хоног, цаг минуттай уралдан ажилладаг Монголын спортын сэтгүүлчид далайн түвшнээс дээш 2268 метрийн өндөрт орших Богдхан уулын хамгийн өндөрлөг цэг “Цэцээ гүн” оргилыг  эзлээд ирлээ. Бидний туйлын зорилго Лондонгийн олимпод оролцох шигшээ багийн тамирчдадаа, энерги сайтай энэ л өндөрлөгт гарч амжилт хүсэх байв. Хүссэндээ ч, хүрлээ. Өнгөрсөн бямба  гаригт УДЭТ-ын үүдэнд цугларан аян замдаа гарсан бид, Манзуширын хийдээс дээшээ дайралт хийнэ гэсэн боловч хаврын хуурайшилтын хоригт орчихов. Ингэснээр БОАЖЯ, цаашлаад удирдах байгууллагуудаас зөвшөөрөл аван Түр хурахын амаар өгсөв. “Ардчилал”, “Таван цагариг”,  “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан” сонин, “Боловсрол” , “25”, “TV-9”, “NTV” “Шууд” телевиз, үндэсний портал “Аssа.mn”, “News.mn”, “Шууд” сайтын 30 гаруй сэтгүүлч, зураглаач оролцсон энэхүү аялалд Монгол Улсын гавьяат тамирчин “Эверест”-ийн Г.Өсөхбаяр, уулын спортын олон улсын хэмжээний мастер  н.Алдар  нар ч өөрсдийн үнэтэй хувь нэмрийг орууллаа.



Зүрхний цохилтоо сонсов

Өглөө эртлэн УДЭТ-ийн үүдэнд цугларсан бид Налайх орох замд байдаг Хонхорын станцын наагуурхан эргэж, Түрхурахын аманд ирэв. Урьд шөнө нь “Цэцээ гүн”-ий оргилд гарна гэхээр догдолж басхүү “гялс” гарчихаад буугаад ирнэ гэж бодож явсан би Г.Өсөхбаяр гавьяатаас “Хэдэн цаг дээшээ алхах бол, замынх нь бартаа хэр вэ” гэхэд “Манзуширын хийдээс авирсанаас  бартаа нь бага, үсрээд гурван цаг л алхана даа” гэв.



Бартаа  багатай  нь сайхан санагдаж байсан ч, халуунд дээшээ гурван цаг алхана даа хэмээх үг нэг л толгойд бууж өгөхгүй байв. Ингэснээр бид аяллынхаа замд гарлаа. Түрхурахын амнаас “Цэцээ гүн”-ий оргил өөд алхахад 64 ширхэг дугаарласан тоотой шон бий. Дундаа хоёр амраад оргилд хүрдэг. Мэргэжлийн бус бидний хувьд замдаа дөрөв амарсан байх. Нэг цаг гучин минут алхтал зүрхний цохилт чихэнд сонсогдож, амьсгаа давчдаж золтой л уначихсангүй. Гэнэт ачаалал аваад, далайн түвшнээс дээш гарсан нь энэ байх. Замдаа байгаа шонгуудаа тоолсоор замын дунд хэсэгт очиход дөнгөж 45 дахь шон. Хэсэг хугацаанд амраад суухад спортод хайртай сэтгүүлчид бидний ярианы сэдэв нь бас л спорт. “Челси” “Барса” хэмээн дэмждэг багаараа хоорондоо хуваагдаж, элдэв хошигносон яриагаа дэлгэсээр л. Мөн аяллын тэргүүн эгнээд халуунд хөрч, хүйтэнд халшрахгүй уран бүтээлээ туурвидаг зураглаачид маань байна. Хамгийн түрүүнд хүрэх цэгтээ хүрч, араас нь “мөлхөх” биднийг дүрсжүүлэхээ тэд мартахгүй. Спортын сэтгүүлчид дунд эмэгтэйчүүд тун цөөхөн. Тиймээс энэ аялалд эрчүүд маань ядарсан нэгнийг нь хүлээж, үүрсэн ачааг нь ч хөнгөлөсөөр бөөцийлж алхав. Бидний хүрэх газрын оргил үзэгдэж, ядарсан баярласандаа ч гүйх шахам хурдаа нэмсээр “Цэцээ гүн”-ий оргилд гарлаа.

Уухай, Уухай, Уухай…

 “Цэцээ гүн”-ий оргилд гарсан бид хамгийн түрүүнд сүүний дээжээ өргөж, тахилагат овоогоо тойрч залбирав. Түүний дараа хэсэг хугацаанд амарч, цайлан үүрэгт ажилдаа орлоо. Дүрс яриа байхгүй бол уран бүтээл нь “эзгүйддэг” телевизийнхэн маань энэхүү үйл ажиллагаанд оролцсон сэтгүүлч, уран бүтээлчдээс бяцхан ярилцлага авна. Зарим нэг нь түүх болон үлдэх зураг хөрөг татуулна. Ингэснээр бидний үндсэн ажил эхэллээ. Энэ бол Олимпод оролцох Монголын  баг, тамирчдаа “Цэцээ гүн”-ий хийморлог энэ л тахилагат ууланд даатгах явдал. Бүгд эн зэрэгцэн зогсч чин сэтгэлээрээ “Лондонгийн олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж байна. Амжилт… Уухай, Уухай, Уухай хэмээн хэдэн  үг. Гурван цаг гаруй хугацаанд алхаж, чамгүй давааг давсан бидний зорилго биеллээ. Санаа амарсан шүү. Сэтгүүлчид бид ч, Лондонгийн олимпод төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа хэдэнтэй мандана  гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа.

Дөшөө, Сато, Цагаанаа  ах, тэд шилдэг нь

Ямарваа нэгэн аялал, ажилд арга туршлагаараа, нөмөр нөөлгөөрөө нэг нь удирдаж, чиглүүлж байдаг. Уулчин Өсөхбаяр, Алдар ах нараас дутахааргүй тус хүргэсэн эрхмүүд нь “TV 9” телевизийн Гандөш, Спортын сэтгүүлчдийн, олимпын хорооны, олимпын зөвлөлийн, дэлхийд бол Монголын хэмээх тодотголтой Отгонбаатар буюу Сато ах, Спортын сэтгүүлч Цагаанаа ах  маань. Насаар биднээс ахимаг ч, арга туршлага, ухаанаараа хэнийг ч өмнөө оруулахааргүй. Энэхүү аялалд  ах нар минь хөгжөөх үедээ хөгжөөж, шинэ залуу сэтгүүлчдэд хормын төдийд арга туршлагаараа зааварлаж явсан.



Өө тийм. Гандөш ахыгаа нэг зүйлд нэмээд магтмаар байна. Дөшөө ах маань нэлээн том биетэй, мөн жинтэйг уншигч та андахгүй. 120 кг байх шүү. Бидний хувьд Дөшөө ахыг уул руу олон цаг дээш өгсөнө гэхээр яах бол гэсэн бодол толгойд бууж байсныг нуугаад яахав. Гэтэл амьсгаадах нь битгий хэл, бараг л амрахгүй явсаар тэргүүн эгнээнд орсон нь гайхшруулж, бахархах сэтгэл төрж байлаа. Манай Цагаанаа ах байна. “Таван цагариг” сонинд олон жил ажилласан тэрээр одоо спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Спортын сэтгүүлчид бидэнд алдхад минь тусалж, арга туршлагаасаа хуваалцаж байдаг таньдаа их баярлаж явдаг шүү.  Тэд энэ аяллын шилдэг нь байлаа. 

“Эртний хүн”-ий хөлийн мөр олдов



Бидний аялал эхлээд 30 минут шахам алхаж явтал сул шороотой замын голд хүний хөлийн мөр олдлоо. Нэлээн том хөл. Түүнийг харчихаад жаал инээлдэж, зарим нэг нь эрхийн хурууны томыг нь гайхаж өнөөх элгээ хөштөл инээх гэдэг чинь л тэнд болсон.Бид ч, хөлийн мөрийг дагаж явтал Боловсрол телевизийн сэтгүүлч Дөк буюу Дөлгөөн маань гутлаа өмсөөд “Одоо зам нэлээн эвгүйтэж, чулуу ихэсч байна” хэмээн хээв нэг суух нь тэр. Тэвчээртэй, хэнэггүй эр хүн дээ.Манай Дөкийн хувьд ууланд анх удаа дайралт хийж буй биднээс арга туршлагаар хол илүү. Учир нь түүний хувьд далайн түвшнээс  4000 гаруй метрийн  өндөрт байрлах  Увс аймгийн Малчин сумын Марз ууланд дайралт хийгээд ирсэн. Алхаа бүрийн үнэтэйг мэдэрсэн хувьтай уран бүтээлч. Мөн түүний хөлийн мөрийг олсон тэр цагаас Дөк маань хамгийн сүүлд л алхаж явна. Түүнийх нь учир хоцорсон нэгнийгээ хүлээж, чиглүүлж явсан нь тэр. Зовох цагт нөхрийн чанар танигдана аа гэж. Энэ дээ.

Түмээ, Бадамаа баярлалаа…



Энэ үгийг олон ч хүн хэлсэндээ. Учир нь аяллыг нуруундаа үүрсэн эрхэмүүд. Сэтгүүлчдийн хоол хүнс, унаа тэрэг гээд санаа тавиагүй орхисон зүйл энэ хоёрт минь байхгүй. Аяллын турш бүхий л тав тухтай нөхцөлөөр хангаж өгсөн “NTV”-ийн Түмээдээ, “NEWS”-ийн Бадамаа эгчдээ  баярлалаа гэж хэлэх  нь зүйтэй байх. Мөн энэхүү хоёр сэтгүүлчийн ажлыг хүндэтгэж “Та Чи” амтат талх, шинэхэн утлагатай хиамаар дайлсан “Талх чихэр”, “Мах импекс” холын замд алхахад үнэнч найз минь байж цэвэр усаараа дайлсан “АПУ” компанийнхандаа баярласан шүү.

Эр хоёр загал

30 гаруй сэтгүүлчээс хоёр нь ихэд онцгойрч, ялгарч байлаа. Тэр нь NTV телевизийн Түмээ, Билгээ хоёр. Ижилхэн шар өнгийн цамцаар гангарч хаана л явна цуг явдаг хоёр маань спортын хамтрагчид. Тиймээс л зарим  нэг нь “Эр хоёр загал” хэмээн хошигноод авна билээ. Нээрээ ирэх жил явахдаа ажлынхаа хамтрагчтай ижилхэн хувцсаар гоёно оо.

Ирэхдээ ч, буухдаа ч сүүл мушгина



Аялал эхлээд “Цэцээ гүн”-ий оргилд гарахад хамгийн сүүлд NEWS.mn сайтын уншигчдын сайн мэдэхээр С.Цэлмэг буюу Шүрээ маань л ирсэн. Тэгвэл тэр буухдаа ч тэр. Хамгийн сүүлд шүү дээ. Хүн харахад  ясархуу, өндөр биетэй Шүрээ маань жаахан “сульдаа” юм билээ. Хажууд нь яваад алхахыг нь харсан хэнд болов “ Ээ дээ, ингэж яваад ухаан алдаад уначихвал яана аа гэсэн бодол төрж явсан шүү.  Шүрээ маань ч, сүүлдээ өөртэйгөө эвлэрч “Хүүе манайхаан баян ходоодод шагнал байхгүй юм уу” хэмээн инээд алдаж суусан юм. Энд нэмээд хэлэхэд Сато ах маань хамгийн түрүүнд ирсэн таван эмэгтэй спортын сэтгүүлчид Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахдаа авсан бал, өөрийн шүтдэг энэ жилийн аварга “Челси” клубийн өмсгөл зэргийг бэлэглэж, зарим нэгнийх нь “шүлсийг унагаав”. Энэ үеэр сэтгүүлчид маань “Энэ “Челси” клуб нь ч баян, тамирчид нь ч тэр. Гэтэл фенүүдийг нь ийм баян гэж бодсонгүй” хэмээн хэсэг хугацаанд инээлгээд авав. 

“Цэцээ гүн”-ий оргилд кофе уух жинхэнэ кайф



Туршлагаа гэж… Эверестийн Өсөхөө ахыг хараад байхаар аргагүй л халуунд халж, хүйтэнд хөрч сурсан туршлага нь харагдаж байна билээ. Өмссөн хувцас нь хүртэл эрс өөр. За энэ ч яахав. Арайхийн нэг “Цэцээ гүн”-ий оргилд гарсан бид бараг л уух усаа дуусгаад  очсон. Гэтэл гавьяат маань цүнхээ ухаж, жижигхээн гаазан плитка, сав гарган цүнхэн дэх  усаа хийн буцалгаж, биднийг халуун кофегоор дайлсан. Үнэхээр амттай сайхан байсан шүү.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
duu nartaigaa tsetsee gunii oroid garaad hiimopio sergeegeed caihan yavsan shuu.
Ёстой гоё аяласан шүү Цээгий маань их сайхан бичжээ Ажилд нь амжилт хүсье
Хамгийн их уншсан