МҮЭХ-ноос 2015-2016 оны Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн өмнөхөн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-Засгийн газраас халамжийн мөнгийг багасгаж төсөвт хэмнэлт хийхээр төсвийн тодотгол өргөн бариад буй. МҮЭХ энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын шийдвэр ард иргэд, улс орны эрх ашгийг тэнцүүлж гарах ёстой. Өнөөдөр эдийн засаг, эдийн засаг гэсэн байр суурийг МҮЭХ цаг үеэ олсон зүйл гэж үзэхгүй байна. Нийгмийн бодлогоо орхичихсон эдийн засаг үр дүнд хүрдэггүй. Иргэдийн амьдрал хүнд, худалдан авах чадвар муудсан. Засгийн газарт иргэд нэлээд хүлээлт үүсгээд байгаа.
-Гурван талт хэлэлцээрт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярилцана гэж байсан. Гэвч Засгийн газар үүний эсрэг байгаа?
-Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийх саналыг манай холбооноос зургаан удаа хүргүүлсэн. Энэ удаад эдийн засаг хямралтай байгаа үед хэлэлцээр хийж байгаа ч МҮЭХ хэд хэдэн асуудлыг хөндөж тавьсан. Эдийн засгийн хямралаас гарах боломжийг харж чадвал 2015-2016 онд ард иргэдийн амьдрал сайжрах бүрэн бололцоотой. Хамгийн түрүүнд хууль эрхзүйн хүрээнд хоёр хуулийг ойрын үед батлах шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль. Бид хэцүүхэн байгаа энэ үед хамгийн хэрэгтэй хууль шүү дээ. Цалин хөлсийг хамгаалдаг хууль. Хоёдугаарт үнэ бүрдэлтийн тухай хууль. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж байгааг хүн бүр амьдрал дээрээ мэдэрч байна. Удахгүй Цагаан сар болон бусад тэмдэглэлт баяр болно. Иймээс үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын үед батлах хэрэгтэй. Энэ бол өмнөх хэлэлцээрт биелэгдээгүй заалт. Дараагийн нэг чухал асуудал бол цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Улс орны эдийн засгийн байдал улсын төсвийн орлого хүнд байгаа ч гэсэн цалин тэтгэврийг нэмэх шаардлагатай. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэх санал хүргүүлж байгаа.
-Төсвийн хэмнэлтэд өртөх нэг зүйл бол орон тооны цомхотгол байж болзошгүй гэж байгаа. Төсөв хүндэрсэн үед орон тоог хадгалж үлдэе гэвэл цалин нэмэхгүй байх гэж Ерөнхий сайд хэлсэн. МҮЭХ энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр төрийн албан хаагчдын ажлын байрны асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Тэгвэл төрийн албанд ажиллаж байгаа 180 гаруй мянган хүнээс гадна хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн ажлын байрны асуудлыг бас харах хэрэгтэй. Энд 900 гаруй мянган хүн бий. Өнөөдөр Засгийн газраас төрийн албыг цомхон чадварлаг болгоно гэсэн. Төрийн энэ данхгар гээд байгаа бүтцийг тэд өөрсдөө бий болгосон. Өнгөрсөн онд Сангийн яамнаас 180 мянган төрийн албан хаагч бий гэсэн статистик тоо гаргасан байна билээ. Эдгээрийн 68,4 хувь нь төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс. Төрийн албыг цомхон болгоно гэдэг нь үйлчилгээний салбарт хэт их тусчих вий дээ гэсэн хардлага бий. Ер нь төрийн албыг дотор нь ялгаатай авч үзэх хэрэгтэй.
-Жил бүр л гурван талт хэлэлцээр зохион байгуулдаг. Өмнөхөөсөө ямар үр дүн гарсан тухай мэдээлэл байдаггүй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмнэ гэдгийг хүлээж авахгүй л болов уу?
-Өмнөх хэлэлцээрийг арваннэгдүгээр сарын сүүлээр дүгнэсэн. 2014 оны улсын хэлэлцээрийн биелэлт 81 хувьтай гэж дүгнэсэн. Хууль эрхзүйн орчин эдийн засаг хөрөнгө мөнгөтэй холбоотой зарим асуудал биелэгдээгүй. 2014 оны эдийн засгийн байдалтай холбоотойгоор Засгийн газрын зүгээс анхаарал тавьж хэрэгжүүлээгүй гэсэн үг. Улсын гурван талт хэлэлцээр гэдэг Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ тус тусын хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар хэмжигдэх ёстой. МАОЭНХ биелүүлсэн. Хэрэв хэлэлцээр мухардалд орвол хэлэлцээрийг эцэслэн батлах эрх үүргээсээ бид татгалзах ёстой. Хөдөлмөрийн хамтын маргааныг хуулийн хүрээнд өрнүүлэх эрхтэй. Ард иргэд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагуудаа зохион байгуулалтад оруулна. Энэ үйл ажиллагаа ч эхэлсэн. Тухайлбал, ШУА-ийн эрдэмтэн, үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажлын байраа хадгалж хамгаалахаар жагсаал зохион байгуулсан нь үйл ажиллагаа нь аль хэдийнэ эхэлсэн гэдгийг илтгэж буй хэрэг.