Манай гарагийн хамгийн баян хүн гэдгээр нь дэлхий нийтээр мэдэх “Microsoft” компанийн эзэн Билл Гейтс агуу удирдагчдын нэгэн адил номын хорхойтон. Гэхдээ түүний нэг онцлог бол ямар ном уншсанаа, тэрхүү номыг уншсанаар ямар бодрол төрж, ямар ухаарал үлдэв гэдгийг олон нийттэй хуваалцах дуртай. Тэрээр “Gatesnotes” хэмээх хувийн блогтоо хөтөлдөг номын булангаараа дамжуулан сүүлийн үед ямар ном уншсанаа, тэр номын тухай ямар бодол сэтгэгдэлтэй байгаагаа уншигчдад хүргэдэг юм. Б.Гейтс жил бүр уншсан номнуудаасаа өөрт хамгийн их таалагдсан бүтээлийн жагсаалтыг гаргадаг бөгөөд 2014 оны тухайд таван номыг онцолжээ.
Тэр дунд багтсан “Making the Modern World: Materials and Dematerialization” хэмээх номын тухай тэмдэглэлийг нь уншигчдадаа сонирхуулж байна. Агуу хүмүүс хэрхэн сэтгэдгийг, ном тэдний үзэл бодол төлөвшихөд хэрхэн нөлөөлдгийг эндээс харж болно. Бас дашрамд нь дээрх номыг уншиж чадаагүй хүмүүсийн хувьд багагүй мэдээлэл өгөхөөр тэмдэглэл болжээ.
Ажил гэрийн хооронд хөл дүүжилдэг унаа маань нэг тонн 179 кг төмөр, 362 кг хуванцар, 181 кг хөнгөн металл хайлшаас бүтдэг. Гэрээс ажил руу хүрэх зургаан километр орчим зам тэр чигээрээ гудамж, зам гэж үзвэл би өглөө бүр 15 мянган тонн бетон дээгүүр явдаг байх нь.
Ажил дээр ирмэгцээ би нэг “Diet Coke” уудаг зуршилтай. Тэгээд ажлын нэг бүтэн өдөр өнгөрөхөд гурав, дөрвөн лаазыг цааш харуулчихсан сууж байдаг. Энэ бүх ундааны лаазыг жилийн хэрэглээгээр тооцвол 15 кг хөнгөн цагаан болно.
Миний хамгийн дуртай зохиолч, түүхч Вацлав Смилийн бичсэн “Making the Modern World: Materials and Dematerialization” – “Орчин үеийн дэлхий ертөнцийг бүтээх нь: Материал ба Материалгүйжүүлэлт” номыг уншсаны дараа энэ бүхэн надад бодогдсон юм. Энэ номыг уншсанаараа санаанд багтамгүй сонирхолтой тоо баримтуудыг олж мэдээд зогсохгүй бас бидний өнөө цагийн амьдралыг бий болгож буй бүх зүйл, эд материалд талархах сэтгэл төрсөн билээ.
Энэ дэмий ч нэг хоосон сонирхол биш ээ. Бидэнд хэр их хэрэгцээ байдаг, хэдий хэрийг нь ашигладаг гээд эд материалын тухай асуудал бол дэлхий дахины ядуусын амьдралыг дээшлүүлэх гол түлхүүр юм. Өнгөрсөн 100 жилийн дотор АНУ болон бусад баян чинээлэг оронд амьдралын чанар ямар гайхамшигтайгаар өсч дэвшсэнийг бод л доо. Энэ бүх гайхамшиг ирэх 50 жилийн дотор хүн төрөлхтөний хүртээл болж, нийтээрээ амьдралын чанар нь дээшлээсэй, сайжраасай гэж бид хүсдэг. Дэлхийн дундаж давхаргад олон хүн нэгдэх тусам тэдэнд байгальд ээлтэй, хэрэглэхэд авсаархан цэвэр энергийн эх үүсвэр хэрэгтэй болно. Тэдний идэх хоол хүнсний хэмжээ өснө. Өөрөөр хэлбэл тэдний материаллаг хэрэгцээ улам нэмэгдэнэ. Машин, хөргөгч хийх төмөр, зам барих бетон, цахилгаан холбооны сүлжээ хийх зэс утас гээд...
Смил өмнөх номнууддаа энерги, хүн амын хоол хүнсний тухай бичиж байсан. Тийм ч учраас энэ удаа эдгээр сэдвээр нуршиж цаг алдахгүй гэдгээ номынхоо эхэнд бичжээ. Харин түүний оронд орчин үеийн амьдралын хэрэгцээ шаардлагад нийцэх эд материалын тухай нэлээд сонирхож үзэж. Энэ бүх замыг барихад хангалттай цемент, бетон бидэнд бий юу, энэ бүх машин тэргийг үйлдвэрлэх хангалттай төмрийг бид гаргаж чадах уу. Өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчноо сүйдлэхгүйгээр хэдэн тэрбум хүнийг ядуурлаас гаргах боломжтой юу... гээд олон том асуултын хариуг тэр бидэнд түрүүлж өгөх гэж хичээжээ. Ингэхдээ ямар нэг урьдчилсан таамаглал дэвшүүлсэнгүй, түүнээс ч илүү үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн юм. Тэр номдоо өнгөрсөн үеийн тухай өгүүлснээрээ одоогийн аж амьдралдаа бид ямар замаар явж ирснийг ойлгуулж, үүгээрээ бид одоо хаашаа явж байгааг давхар ухааруулжээ. Би өмнө нь Смилийн түүхийг судалж байсан л даа. Тийм болохоор ирээдүйн тухай дүр зураг надад буугаад байгаа юм.
Түүний бичсэнээр хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн чухал материал бол бетон юм. Жилд үйлдвэрлэж буй хэмжээгээр нь харсан ч, энэ дэлхий дээр эзэлж буй нийт массыг нь бодсон ч тэр. Өнгөрсөн хэдэн арваны хугацаанд хот суурин газар хүрээгээ тэлэх гол үндэс суурь нь бетон байсан. 1990 оноос хойш хэт ядуурал 50 хувиар буурахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол хот суурин газрын хөгжил байсан юм. 1950 оны үед дэлхий нийтийн төмрийн үйлдвэрлэл цементийнхтэй /бетоны гол хэсэг/ бараг ижил хавьцаа байсан бол 2010 он гэхэд төмрийн үйлдвэрлэл найман коэффициентээр өсч, харин цементийнх даруй 25 коэффициентээр өсчээ. Шанхай хот 1987 оноос хойш хэрхэн гэрлийн хурдаар өнгө төрхөө өөрчлөн хөгжсөнийг харьцуулсан зургийг хэрэв та харах юм бол тэр бүхнийг бетон, төмөр, шилээр л бий болгосныг анзаарч болно.
Мөн та Смилийн номон дахь хамгийн гайхаж нүд бүлтэрмээр графикийг /график 1/ харвал бетон ямар чухал хэрэгцээтэй материал болохыг ойлгох болно.
Миний хувийн сонирхлыг маш их татсан нэг материал бол цаас/жил тутмын үйлдвэрлэлээр бол цемент, төмрийн араас гуравт орох материал л даа/. Компьютерийн өргөн хэрэглээ цаасны хэрэгцээг байхгүй болгоно гэж би их олон жил ярьж яваа хүн болохоор Смил энэ талаар юу гэж бодож байгааг сонирхсон хэрэг. Түүний судалгаагаар цаасны үйлдвэрлэл АНУ-д 90-ээд оны дунд үеэс, Японд түүнээс хэдэн жилийн дараагаас унаж эхэлсэн аж. Гэтэл Хятад болон Азийн бусад хөгжиж буй орны хэрэглээг дагаад дэлхий нийтийн хэрэгцээ буурсангүй, харин ч өссөөр байгаа гэнэ. 2011 онд Хятад дангаараа дэлхийн нийт цаасны нийлүүлэлтийн 25 хувийг хангаж байсан бөгөөд дахин боловсруулах цаасны хаягдлын тухайд ч дэлхийн топ импортлогч болж байна.
Хэзээ нэг өдөр албан өрөөндөө огт цаасгүй ажиллах цаг ирнэ гэж би итгэдэг. Үүнийг ч АНУ болон бусад орон дахь цаасны хэрэглээ буурч буй тоо баримтаас харж болно. Гэхдээ цаас хэрэггүй болох үеийг үзтэл нэлээд удна гэдгийг Смил надад энэ номоороо санууллаа. Ингэж л миний өөдрөг үзэл заримдаа хэтэрчих гээд байдаг гэмтэйг сануулдаг болохоор би түүнийг унших дуртай.
Хөгжлийн чиг хандлагуудыг танилцуулсны дараа Смил уншигчдад харьцангуй материалгүйжүүлэлтийн тухай гайхмаар гаргалгаанууд танилцуулжээ. Орчин үеийн инновацийн хөгжил одоо байгаа бүтээгдэхүүнээ илүү үр дүнтэй ашиглах, түүнд аль болох бага материал, энерги зарцуулах боломжийг бидэнд олгож, ингэснээрээ тухайн бүтээгдэхүүний үнийг ч хямдруулж, хэрэглээг нь ч нэмэгдүүлж байгаа билээ. Тухайлбал, одоо үед гар утас үйлдвэрлэхэд өмнөхөөс илүү бага металл зарцуулдаг болсноор үнэ нь хямдарсан ч эргээд түүнийг илүү олноороо хэрэглэх нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа юм. Гар утсанд орох металл багассан ч, гар утасны тоо нэмэгдэж, тэр хэрээр илүү их металл хэрэглэх. Өөрөөр хэлбэл “Илүү бага” гэсэн онцлог нь эргээд “Илүү их” гэсэн нөхцөлийг бий болгож байна гэсэн үг.
Үүнийг ундааны лаазны жишээгээр /график 2/харуулж болно.
Энэ бүхэн ирээдүйн тухай бидэнд юу хэлнэ вэ?
Эхлээд, сайн мэдээ. Техникийн дэвшлийн ачаар аж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болсон төмөр, цемент зэрэг материалыг урьд хожид байгаагүйгээр үр дүнтэй ашигладаг болжээ. Өнөөдөр нэг тонн төмрийг үйлдвэрлэхдээ 1950 оны үетэй харьцуулвал бараг гуравны нэгтэй нь тэнцэх хэмжээний энерги зарцуулдаг болсны дээр 10 хувиар бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг болсон.
Гэвч нөгөө талаар, харьцангуй материалгүйжүүлэлтийн сэдэв рүүгээ эргэн орвол хүн төрөлхтөний элдэв янзын материалын хэрэгцээ шаардлагад эцэс төгсгөл гэж ер алга. Баян чинээлэг орнуудын жишгээр бусад орон нь дагаж хөгжих гэж хичээж байна. Энэ тухай Смил онцлохдоо хэрэв дэлхийн хамгийн ядуу хүн амын 80 хувийг амьжиргааны зохист түвшинд аваачъя гэвэл хэдэн үеэрээ одоогийнхоос илүү их материал ашиглах шаардлага тулгарна.
Тэгэхээр хэрэглээний тэр түвшинг нэн даруйхан үгүй болгохгүй бол дэлхий ертөнцийн нөөц баялаг шавхагдах болов уу. Энэ тухайд Смил яг таг таамаглал хэлэхийг хүссэнгүй. Ямартай ч ойрын 50 жилдээ дэлхийн нөөц баялаг дуусч үгүйрэх тухай зовж шаналаад л нойроо хасаад байх хэрэггүй гэж тэр хэлж байна. Түүнээс цааш бол харин олон янзын хувилбарт байдал үүсч болох юм. Магадгүй зарим материалын хэрэглээгээ хязгаарлах, эсвэл дахин боловсруулах замаар ашиглахад хүрч мэдэх нь. Гэхдээ зарим нэг инноваци ирээдүйд биднийг нөөц материалын гачаал дутагдлаас сэргийлэхэд тус болж магадгүй юм. Жишээлбэл, цементийн хэрэглээг 65 хувиар бууруулж чадах шинэ материал гарч ирэх аж.
Хүн гэдэг юм ховор тарчиг цагт байгаа эд зүйлээ үр дүнтэйгээр ашиглаж, амьдралдаа ахин боловсруулах замаар хэрэглэх, эсвэл түүнийг орлох өөр ямар нэг зүйлийг олохдоо гаргууд чадвартай гэдэг дээр Смилтэй би санал нэгддэг юм. Тэгэхээр нөөц баялаг шавхагдаж үгүй болох эсэх, хэзээ тийм цаг мөч тулгарах нь санаа зовоосон гол асуудал биш, харин тэрхүү материалыг гаргаж авах, үйлдвэрлэх, ашиглах нь эргээд гариг ертөнцөд маань ямар нөлөөтэй гэдэг дээр л чухам бид анхаарах ёстой юм. Жишээлбэл, цементийн үйлдвэрлэл нь дэлхийн нийт нүүрсхүчлийн давхар-ислийн ялгарлын таван хувийг бүрдүүлж буй. Тийм ч болохоор хүн ардыг ядуурлаас ангижруулахад хамгийн чухал зүйлийн нэг нь ямар ч нүүрсхүчил ялгаруулдаггүй цэвэр эрчим хүч гарган авах гэж би боддог.
Би бас өнөө үед далай тэнгисийн экологийн асуудал яагаад байгаль орчны бусад асуудлаас бага анхаарал татаж байгааг гайхдаг. Далай тэнгисийн загас нь ихдээд, ус нь хүчиллэг болж, үзэсгэлэнт шүрэн арлууд үгүй болж байна.
Смилийн дурдсанаар жил бүр хамгийн багадаа 6,4 сая тонн хуванцар хог хаягдал далайд ордог аж. Бид магадгүй байгалийн үнэт эрдэнэ болсон далай тэнгисээ аль хэдийнэ дахин сэргээх аргагүйгээр сүйдэлж орхисон ч байж мэднэ.
Юунаас ч илүүтэй би Смилийг унших дуртай байдаг. Яагаад гэвэл тэр аливаа хэтрүүлгийн эсрэг зогсдог хүн. Тэр ярвигтай асуултад хэзээ ч энгийн хариулт өгдөггүй жинхэнэ сэтгэгч. Гэрээс ажил руу явах замдаа, ажлын өдөр анхны колагаа задлахаас өмнө тунгаан бодох энэ мэт олон ч зүйлийг тэр дандаа өгч байдаг билээ.