Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгааны хүрээлэн, нэхмэлийн хүрээлэн, дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж, ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүждэгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” хэмээсэн. Түүний энэ үг шинжлэх ухааны академид харьяалагдах хүрээлэнгийн эрдэмтдийг талцуулж, хоёр тал болгочихоод байна.
Эсэргүүцсэн Шинжлэх ухааны академи, судалгааны байгууллагын ажилтнууд өнгөрсөн сарын 30-ны өдөр Чингисийн талбайд жагсаал хүртэл хийсэн. Жагсагчид “Шинжлэх ухааны ажилчид бид өнгөрсөн зууны 80-аад оны сүүлээр ардчилал шинэчлэлийг эх орондоо эхлүүлсэн билээ.
Аливаа хувьсгал төрүүлсэн эцгээ залгидаг гэдэг шиг манай ардчилсан хувьсгалын төрүүлсэн хүүхдүүд шинжлэх ухаанаа залгиж устгахаар сэтгэл шулуудсан нь нэн харамсалтай”, “Шинжлэх ухаан эдийн засгийг хямралд хүргээгүй”, “Шинжлэх ухаанаа аваръя” хэмээн хүртэл хашгирч эсэргүүцлээ илэрхийлсэн нь хуучин оны сүүлчийн жагсаал цуглаан байв.
Гэтэл Ерөнхий сайд Засгийн газрын вэб хуудсанд өөрийнх нь мэдэгдлийг шинжлэх ухааны салбарын судлаачид, багш нар дэмжсэн захидлыг нийтэлж, хариу барьсан. Захидалд “Сүүлийн үед Засгийн газар болон ШУА-н хооронд үл ойлголцол үүсч, жагсаал цуглаанд хүрсэн нь тулгарсан асуудлын талаарх байр суурийн зөрүүнээс эхтэй байна. ОХУ-д шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт эхлэх үед ШУА-ийн тоталитар удирдлага Төрийн дум дахь Коммунист намын фракц, Думын академич гишүүдээр дэмжүүлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан удаатай. Гэвч тэд өдгөө Засгийн газраас хэрэгжүүлсэн өөрчлөлтийг зөвшөөрөх боллоо. Ерөөсөө хөгжлийн зүй тогтол ингэж өөрөө өөртөө зам гаргадаг. Монголын шинжлэх ухаан хөгжлийн жамыг сөрж биш дагаж өндийх нигууртай бөгөөд ингэвээс “нийгэм-соёлын үзэгдэл” төдий бус, “улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах салбар“ болон хувирах болно” хэмээжээ. Мөн Шинжлэх ухааны академийн бүтцийг хэрхэн өөрчилж болох талаар ч олон санал зүйл заалтаар оруулсан байна. Нэр бүхий 27 эрдэмтний бичсэн энэ захидал нэг талаараа Засгийн газрын бодлого шийдвэрийг зөвшөөрсөн ч нийт эрдэмтдийн санаа бодлыг төлөөлж чадахгүй нь мэдээж.
Учир нь, Засгийн газрын тэргүүний байр суурийг эсэргүүцсэн эрдэмтэд өчигдөр Ерөнхий сайд болон БСШУ-ы сайд Л.Гантөмөрт өргөх бичиг хүргүүлж, гурван өдрийн дараа хариугаа өгөхийг шаардав. Тэд өөрсдийн байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэхээр өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт ДНБ-ий ердөө л 0.17 хувийг төсөвлөдөг. Ингэхдээ ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд орон тоо, төсвийг нь баталж өгдөг ч захиран зарцуулах эрхийг гарт нь атгуулдаггүй аж. Тодруулбал, 1990-ээд оны дунд үеэс БСШУ (спорт, шинжлэх ухаан аль нэг яамны хавсарга мэт явсаар өдий хүрсэн)-ы сайдын багцаас санхүүжүүлдэг болсон. Тэгэхдээ яамнаас нь зарласан судалгаа шинжилгээний сэдэв, чиглэлийн сонгон шалгаруулалтад орсны эцэст ганц нэг төсөл авч, түүгээрээ л амьдардаг гэнэ. Уг төслийн санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулан олгож, жилдээ 9.2 тэрбум төгрөг баталж өгдөг байна. Үүний 1.4 тэрбумыг ШУА-ийн хүрээлэнгүүдээс шалгарсан төслийн санхүүжилтэд хуваарилдаг ч бусад нь хаашаа урсдагийг мэддэггүй эрдэмтэд ч байдаг талаараа ярьсан юм.
Гэтэл энэ оны төсвийн тодотголын төсөлд “Шинжлэх ухааны академи, их сургуулиуд болон зарим яамны харьяа төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн төвүүдийн харьяалал, төсвөөс санхүүжүүлэх зарчим, хэлбэрийг өөрчилснөөр захиргаа, санхүү зэрэг нийтлэг чиг үүргийн 259 орон тоог цомхотгож, урсгал зардлыг 1,476.2 сая төгрөгөөр бууруулна” хэмээн бичжээ. Ингэхдээ одоогийн байдлаар 49 хүрээлэн байгаагийн 39-ийг нь хооронд нь нэгтгэж 19 болгоод, зургааг нь их дээд сургуулийн судалгааны төвд шилжүүлэн төсвөөс гаргаад, үлдсэн дөрвийг нь татан буулгахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж буй 1957 эрдэмтнээс 259-ийг нь ажилгүй болгохоор төлөвлөчихөж.
Шинжлэх ухааны академи Засгийн газартай уялдаа холбоогүй ажилладаг гэсэн шүүмж байдаг ч шинжлэх ухаанд суурилсан мэдлэг боловсрол, эдийн засаггүйгээр ямар ч улс орон хөгждөггүйг олон улсын жишээ баталж байна. Тиймээс төсөл хөтөлбөр олдох эсэх нь эргэлзээтэй, байнга түгшүүр дунд ажиллаж амьдарч байгаа шинжлэх ухааны байгууллага, тэнд ажиллагсдын “үүр”-ийг бужигнуулах нь эцэстээ ямар үр дүнд хүргэх бол...
Магадгүй гадаадын аль нэг оронд “Тархины цагаачлал”-аар гарах замыг сонгохгүй гэх аргагүй.
Энэ оны төсвийн тодотголын төсөл-Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн бүтцийн өөрчлөлтийн санал хүснэгтээр /мян.төг/
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхий эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай шинжлэх ухааны академийн одоогийн бүтэц зохион байгуулалт ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болж буй улс оронд тохирохгүй гэх юм. Улс төрийн нөхцөл байдлаасаа хамаарч Шинжлэх ухааны академи бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх шаардлага байдаг уу?
-Интернэтийн тусламжтайгаар өнөө цагт мэдээллийг олж авахад их хялбар болчихоод байгаа. Түүний хэрээр ташаа мэдээлэл нийгэмд хурдан тархаж газар авах юм. Зарим нийтлэлд бичээд буй тэр Зөвлөлт Холбоот Улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс өмнө, XIX зуунаас ч өмнө Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байгуулагдаж байж. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд итгэхэд хэцүү юм, эс бөгөөс мэдсэн ч худал мэдээлэл тарааж байж мэдэх юм.
-Тэгвэл манайх шиг Шинжлэх ухааны академитай, академи нь судалгааны хүрээлэн гэсэн бүтцээр явж буй улс орон бий юу?
-Европын 43 улсын Шинжлэх ухааны академийг нэгтгэсэн холбоо байдаг юм. Энэ 43 улсын ШУА-ийн 29 нь бүтэцдээ судалгааны хүрээлэнтэй. Тухайлбал, Австрийн ШУА л гэхэд 20 гаруй, Голландынх 16, Шведийнх есөн хүрээлэн төвтэй. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд бас ийм бүтэцтэй. Чех улсын ШУА 55 орчим, Словакийнх 55 орчим, Польш, Унгарын ШУА-иуд төдий хэмжээний хүрээлэнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.
-Тэгвэл барууны бусад орон, Америк гээд их, дээд сургууль дээрээ судалгааны хүрээлэнтэй улсуудын хувьд ямар замаар явж байна вэ?
-Тэр бас л өрөөсгөл ойлголт болно. Жишээ нь, АНУ-ын Холбооны төсвөөс судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулийн бус судалгаанд зарцуулагддаг юм. АНУ-д Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүд (NIH) гэсэн 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны хүрээлэн, Үндэсний лаборатори зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэн нь голлох судалгааны байгууллагад тооцогддог. Японд Үндэсний хүрээлэнгүүд байна, Германд Макс Планкийн нийгэмлэг, Лайбницийн нийгэмлэг, Хельмхолцын нийгэмлэг, Фраунхоферын нийгэмлэг гээд бүтэцдээ тус бүр 70-80 хүртэл хүрээлэнтэй байгууллагууд, Францад CNRS (80 хүрээлэнтэй), Италид CNR(100 хүрээлэнтэй) зэрэг зөвхөн судалгаа хийдэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, барууны орнуудад их дээд сургуульд ч судалгаа хийдэг, Шинжлэх ухааны академи гэх үү, үндэсний лаборатор, хүрээлэн нийгэмлэгтээ ч судалгаа хийдэг юм.
-Тэгвэл манай улсын хувьд аль бүтэц нь тохиромжтой вэ. Эрдэмтдээ ингэж талцуулж байхаар Шинжлэх ухааны академийн удирдлагууд байр сууриа дорвитой илэрхийлэх цаг нь болсон биш үү?
-Ер нь, манай дээд боловсролын түүх богинохон. Гэхдээ амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс их сургуулиуд ч, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ч судалгаа хийдэг загвар манайд оновчтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх, их дээд сургуулийн багш нар 5-6 жил болоод 1-2 жил хүрээлэнд ирж зөвхөн судалгаа хийж буцаад багшлах зэрэг боломжийг бий болгох хэрэгтэй. Тэрнээс аль нэг байгууллагуудыг механикаар нэгтгэвэл ёстой л шинжлэх ухаанаа устгах эрсдэлтэй юм.
Үүссэн нөхцөл байдлын талаар Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяртай ярилцлаа.

-Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс Ерөнхий сайдын төсвийн хэмнэлтийн талаарх мэдээллийг эсэргүүцэж байгаагаа хатуу мэдэгдсэн. Шат дараалсан эсэргүүцлээ ч илэрхийлж байна...
-Шинжлэх ухаанаа аваръя нэртэй түр хороо байгуулаад ажиллаж байна. Манай түр хороо үүссэн шалтгаан, зорилго бол Ерөнхий сайдын УИХ-ын чуулганы үеэр хэлсэн Шинжлэх ухааны салбарт чиглэсэн үгийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэх. Бид суулт зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн. Өнөөдөр /өчигдөр/ холбогдох газруудад хоёр дахь шаардлагаа өглөө. Маргааш /өнөөдөр/ дахин хэвлэлийн хурал зарлаад ирэх даваа гарагт жагсахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайдын үгэнд ноцтой хэдэн санаа байгаагийн эхнийх нь тоо тоймшгүй олон хүрээлэн гэж хэлсэн. Тоолж ядаад байх зүйлгүй 30 гаруй хүрээлэн өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. 1997 оны Монгол Улсын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор 70 гаруй хүрээлэнг нэгтгэж одоогийн тоонд хүргэсэн. Үүгээрээ л явж байгаа. Хоёрдугаарт, хүрээлэнгүүдийг их сургуульд нэгтгэнэ, харьяалалд нь шилжүүлнэ гэсэн. Энэ нь өөрөө аюултай. Гашуун туршлага бий. 1997 оны тогтоолоор математик, хууль зүй, эдийн засгийн хүрээлэнг МУИС-д нэгтгэсэн. Өнөөдөр энэ гурав байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүндхэн байна. Санхүүжилт нь тодорхойгүй, судалгаа хийсэн зүйлгүй хатуухан хэлэхэд уналтын байдалд орчихсон. Мөн их сургуулиудын өөрчлөлт шинэчлэлт эхний шатандаа яваа учраас хүрээлэнгүүдийг тэдэнд өгчихөөр санхүүгийн хүнд байдалд орох аюултай. Учир нь их сургуулиуд оюутны төлбөрөөсөө санхүүжиж, багш нараа цалинжуулдаг. Ийм үед хүрээлэнгүүдийг даалгаад өгчихвөл 50-60 судлаач, судалгааны зардлыг хаанаас гаргах нь тодорхойгүй болж байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайдын хэлсэн дараагийн үг болох хүрээлэнгүүдийг төсвөөс гаргах тухайд байр сууриа хэлье. 2015 оны төсөв нэгэнт батлагдчихсан учраас хүрээлэнгүүд хаана ч очсон энэ ондоо биеэ даагаад явж чадна. Гэхдээ цаашид их сургуулиасаа санхүүжих болохоор судалгаа шинжилгээний ажил зогсонги байдалд орно. Ингэснээр шинжлэх ухааны салбар устаж үгүй болно. Дэлхий дээр шинжлэх ухаанаа устгачихсан улс орон байхгүй. Өнөөдрийн өндөр хөгжиж байгаа орнууд шинжлэх ухаандаа хөрөнгө хаяж байж шинэ нээлт, санаа оноог улс орныхоо хөгжилд ашиглаж байна.
Одоогоор Монгол Улсын ДНБ-ий 0.17 хувийг л шинжлэх ухааны салбарт зориулж байна. Дэлхий дээр хамгийн ихдээ таван хувиа шинжлэх ухаандаа зарцуулдаг. Бусад орнууд 2-5 орчим хувийг зарцуулдаг. Буурай хөгжилтэй Африкийн Уганда улс л гэхэд 0.36 хувиа зарцуулж байна гээд үзэхээр эрдэм номыг дээдэлдэг оюунлаг ард түмний хувьд байж болохгүй л зүйл. Дээр нь бидний юу хийж байгааг ирж үзээгүй, ашиглаагүй, санаа бодлоо солилцоогүй атлаа ингэж хандаж байна. Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарт хэдэн хүн ажилладгийг мэдэхгүй гэсэн. Энэ нь түүнийг манай салбараас хол хөндий хүн гэдгийг нь илтгэж байгаа юм.
-0.17 хувь гэхээр нэг хүрээлэнд хэдий хэмжээний төсөв очдог вэ. Одоо бол хоёр үзүүртэй зүү шиг байна л даа. Засгийн газраас их хөрөнгө өгч байна харин эрдэмтэд хэргээ гаргахгүй байна гээд. Нөгөө талаас эрдэмтэд бидний судалгаанд төсөв хүрэлцдэггүй ээ гэх юм. Яг бодит байдал дээр ямар байна вэ?
-Судалгааны ажил бол урт удаан хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байж үр дүнгээ өгдөг. Өнгөрсөн жил манай салбарт 27 сая орчим төгрөг төсөвлөсөн. Түүнийхээ 50 орчим хувийг хямрал нэрээр буцаагаад татчихсан. Үлдсэн 10 гаруй сая төгрөгөөрөө Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1000 судлаачийн цалин, нийгмийн даатгалд арай ядан хүргэсэн. Судлаачид гадаадын аль нэг улс руу мэргэжил дээшлүүлэх, түр хугацаагаар судалгаа хийхээр явахад нь хэмнэсэн зардлаар зарим шаардлагатай зардлаа нөхдөг. Судалгаа шинжилгээнд нэг сая төгрөг өгдөг. Эрдэмтэд дөрөвдүгээр сараас эхлээд хөдөө гараад арваннэгдүгээр сараас буцаж ирнэ. Нөгөө нэг сая төгрөг хаанаа ч хүрдэггүй. Ийм зардлаар ямар судалгаа хийхээ бодохоор үнэхээр эмгэнэлтэй. Гэлээ гээд эрдэмтэд улс орон хямралтай үед цалингаа нэмүүлье гэж жагсаагүй. Зүгээр л бидэнд ажлаа тайван хийх нөхцөл боломж олгооч ээ. Засаг төр солигдох бүрт муу мэдээ сонсдог баймааргүй байна гэсэн.
-Их сургуулиудад хүрээлэн очсон нь судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах боломжийг илүү нээж болох юм гэх хүмүүс байна. Одоо хүрээлэнд хийж буй судалгаанууд хэрхэн эргэлтэд орж байна?
-Судалгааны бүтээл маш их байна. Хүрээлэн бүрт л байгаа. Боловсролын хөгжилд ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргийг өөр байгууллага хийх ёстой. Эрдэмтэд бол мэдлэг үйлдвэрлэгчид. Өөрөөр хэлбэл тоосго үйлдвэрлэхийн тулд юугаар, ямар технологиор байгальд хор нөлөөгүй бүтээгдэхүүн хийх вэ гэсэн мэдлэгийг л үйлдвэрлэдэг. Одоо ид хэрэгцээтэй байгаа нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, утаагүй түлш үйлдвэрлэх, цөлжилт, газар хөдлөлийн идэвхтэй бүс хаана байна, хэзээ хөдлөх вэ гээд бүхий л салбарт судалгаа хийчихсэн хэдэн зуун бүтээл бидэнд бий. Түүнийг төр засаг огтхон ч тоож харахгүй байна.
-Сүүлийн үед үйлдвэржилтийг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэтэл ганц ч удаа шинжлэх ухааны академийн төсөл хөтөлбөр дээр хамтарч ажиллаагүй хэрэг үү?
-Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байна. Очиж харъя ч гэж боддоггүй бололтой. Судалгааг маань очиж үз л дээ гээд гуйдаг. Гэвч Монголын төр эрдэмтдийнхээ мэдлэгт эргэлзэж байна.
-Хамгийн багадаа судалгааны бүтээлийн үр дүн гартал хэр хугацаа шаарддаг вэ?
-Тухайн судлагдахууныхаа талаар хүн төрөлхтөний мэдлэгт бүрэн дүүрэн хувь нэмэр оруулъя гэвэл маш урт удаан хугацаа орно. Тухайлбал, энэ жил Нобелийн шагнал авсан 84 настай эрдэмтэн 1961 оноос судалгаагаа хийж эхэлсэн байдаг. Монголын хувьд Намсрай гэж физикч эрдэмтэн маань дэлхийн шинжлэх ухаанд Намсрайн дөхөл шинэ нээлтийг бүртгүүлэхийн тулд 50 гаруй жилийнхээ хөдөлмөрийг зарцуулсан.
Судалгааг суурь болон хэрэглээний гэж ангилдаг. Суурь судалгаа бол нэг сар, нэг жил, хоёр жилийн хугацаанд бүрэн гүйцэд гарах боломжгүй. Харин амьдралд өдөр тутам хэрэгцээтэй эд зүйлийг судлахад богино хугацаа орно. Сандлыг хэрхэн хийх талаар судлахад 100 жилийн хугацаа орохгүй.
-30 гаруй хүрээлэнд хийсэн судалгааны бүтээлүүдийг эрдэмтэд өөрсдөө эргэлтэд оруулаад дараагийн ажлаа санхүүжүүлэх боломж байдаг уу?
-Манай хүрээлэнгийнхэн гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарч олон судалгаа, шинжилгээ хийж байна. Мөнгө олж байна. Нөөц ч их байна.
-Тэгвэл үнэхээр улс орны эдийн засаг хүндрээд төсөв танах хэрэгцээ байгаа бол та бүхэн дутуу санхүүжилтээ өөрсдөө олох боломжтой юу?
-Шинжлэх ухаан өөрөө хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгцээтэй зүйл. Шинжлэх ухааны үндсэн дээр бий болсон шинэ тутам зүйлийг бид хэрэглэж байна. Хүй нэгдлийн үед ширээ гэж зүйл мэдэхгүй байсныг нэг эрдэмтэн зохиосон л байж таараа. Ийм л ач холбогдолтой гэдгийг нь дэлхийн бүх орнууд ухамсарлаад санхүүжүүлээд явж байна. Гэтэл манай улс урсгал сөрөх гээд байгаа нь ойлгомжгүй. Төр засгийн тэргүүнүүд ч гэсэн өөрсдөө шинжлэх ухааны нээлтийг л ашиглаж байгаа. Хамгийн сайн машин, хамгийн сайхан харагдах даавуугаар хийсэн хувцас л өмсөхийг боддог байлгүй дээ.
-Их сургууль дээрээ судалгаа нь төвлөрдөг улс орнууд манайхаас юугаараа ялгаатай юм бэ?
-Судалгааны их сургууль бол магистр, докторын оюутнууд нь олон бакалаврынх нь 10 хувийг нь бүрдүүлдэг ч юм уу байдаг. Нэг профессор өөрийнхөө багийг бүрдүүлээд судалгаа хийдэг. Гэтэл манай сургуулиуд бол сургалтын системтэй.