Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Улсын төсвөөс ийм мөнгө хасна, хэмнэнэ


Яг одоо төрийн харьяалалтай олон байгууллага нэг л зүйлд анхаарал хандуулан хүлээж буй нь төсвийн тодотгол. Хуваарилсан мөнгөнийх нь хэмжээ хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч хийх ажлынхаа төлөвлөгөөг шинэчлэх учраас арга ч үгүй биз. Товчхондоо, манай улсын төсөвт энэ жил төвлөрүүлнэ хэмээн төсөөлж байсан бүх орлогын хэмжээ 905.6 тэрбум төгрөгөөр буурах аж. Орлоготойгоо уялдаад зарлага ч 518.1 тэрбумаар танагдана хэмээн төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Чухам ямар орлого, зарлага буурч, хаана хэчнээн төгрөгийн алдагдал, хэмнэлт гарах вэ гэдгийг тоймлоё.

Экспорт, татварын орлого буурах нь

Манай орны эдийн засгийн хамгийн чухал салбар болоод буй эрдэс баялгийн салбарт гурван зүйлээр орлого нь буурна гэнэ. Нүүрсний орлогоос 232.3 тэрбум, газрын тосны орлогоос 40 тэрбум, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос цуглардаг татвараас 10.7 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөс 4.8 тэрбум төгрөг тус тус хорогдоно хэмээн тооцжээ. Жишээ нь, хоёр сарын өмнө батлагдсан төсөвт анх тусгахдаа 20 сая тонн нүүрсийг тонн тутамд 50-70 ам.доллараар экспортолно гэж төлөвлөж байсан ч дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарч 30-60 ам.доллараар 15 сая тонн нүүрс экспортолно гэж тодотголд бууруулан тооцсон байна. Үүнээс олох орлогыг 232.3 тэрбум төгрөгөөр багасгаж төлөвлөсөн гэсэн үг.

Эдийн засаг агшихын хэрээр импортын хэмжээ дагаад уруудах нь гарцаагүй. Импорт хумигдахын хэрээр гааль дээр цуглуулдаг НӨАТ-ын хэмжээ буурна. Өнгөрсөн онд импортын хэмжээг 6.8 тэрбум ам.доллар байхаар төсөөлсөн ч эхний 11 сарын гүйцэтгэлээр дөнгөж 4.8 тэрбум ам.доллар хүрсэн. Тиймээс энэ жилийн нийт импорт төлөвлөсөн хэмжээнээс 23 орчим хувиар буурч, 5.7 тэрбум ам.долларт байхаар тодотголд төсөөлжээ. Тиймээс импортын гаалийн албан татварын орлого 67.3 тэрбум төгрөгөөр, НӨАТ-ын орлого 142.7 тэрбум төгрөгөөр, нийт 210 тэрбум төгрөгөөр бууруулж.

Дараагийн бүлэг бол татвар, ногдол ашиг. Эдгээр орлого нийт 407.8 тэрбум төгрөгөөр буурах магадлалтай гэж тодотголд оруулсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 21.7 тэрбум төгрөгөөр, дотоодын барааны НӨАТ-ын орлого 270.3 тэрбумаар, цалингийн өсөлт буурах тул хувь хүний орлогын албан татвар 23.5 тэрбумаар, нийгмийн даат­галын шимтгэлийн ор­лого 59.3 тэрбумаар буурна. Мөн зэсийн үнэ ханш суларсантай холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хүртэх ногдол ашгийн хэмжээ 30 тэр­бу­маар буурна. Төрийн за­рим байгууллагыг төсвийн орлого төвлөрүүлэгчээс болиулж, аж ахуйн тооцоот ТӨҮГ болгон өөрчлөхтэй холбогдон гурван тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах аж.

Одонгийн, хүүхдийн мөнгөний хэмжээ тодорхойгүй

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг анх баталснаас 518.1 тэрбум төгрөгөөр буюу 8.6 хувиар бууруулжээ. Ингэснээр энэ жил манай улсын төсвөөс 5.5 их наяд төгрөг гарна гэсэн үг. Шийдлийн Засгийн газар үндсэн ажиллагсдынхаа орон тоог дунджаар 15 хувиар бууруулах шийдвэр гаргасан нь хамгийн багадаа 3.2 тэрбум төгрөгийн хэмнэлт болох нь. Цалингийн нэмэгдэл, урамшуулал гээд тооцвол хэмжээ нэмэгдэх аж. Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөгийг 3.0 голчоос сайн дүнтэй оюутнуудад л олгож эхэлснээр энэ жил 33.7 тэрбум төгрөг хэмнэнэ. “Алдарт эх”-чүүдийн бүх хүүхэд нь насанд хүрчихсэн бол мөнгө олгохгүй гэж томъёолж  байгаа. Уг нь, 29.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байснаас хэмнэсэн нь 19.5 тэрбум төгрөг гэнэ. Нийгмийн ядуу, эмзэг бүлэгт чиглэсэн сэргээн засах үйлчилгээний зардлыг төр санхүүжүүлэхээ зогсоосноор 3.7 тэрбум төгрөг хэмнэнэ. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд олгох мөнгө ч өөрчлөгдөх аж. Гол өөрчлөлт нь халамжийн сангаас жирэмсний таван сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг авдгийг долоон сар болгон бууруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 89 мянган эх тус бүр 480 мянган төгрөг авдаг байсныг 280 мянга болгож танаснаар төсвийн зардлаас 9.1 тэрбум төгрөг хэмнэх дүн гарч байна.

Төсвөөс хөдөө аж ахуйн, эрчим хүчний салбарт олгодог зарим татаас, урамшууллын хэрэгжилт, үр дүнг харгалзаж 27.9 тэрбум төгрөг хэмнэх боломж олж харжээ. Хоршооны малчид үндэсний үйлдвэрт тушаасан богийн арьсанд 3000 төгрөг, бодын ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгох ажилд өнгөрсөн жил 18 тэрбум төгрөг төсөвлөж байж. Харин энэ онд урамшууллын төсвийг есөн тэрбум төгрөгөөр бууруулах гэнэ. Жил бүрийн намар нөөцийн махны ажил зохион байгуулдаг нь өдгөө жигдэрч, сайжирсан гэж үзээд Засгийн газар нөөц бэлтгэх урамшууллын зардлыг 14 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ. Агаарын чанарыг сайжруулах зорилгоор айл өрхөд олгодог эрчим хүчний татаасыг таван тэрбумаар багасгасан байна. Энэ жил төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, цомхотгол хийснээр 18.5 тэрбум төгрөг хэмнэнэ. Тодруулбал, тодотголын төсөлд дурдсанаар төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56-гаар, төрийн албан хаагчдын тоог 1669 хүнээр цөөлөх аж. Харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг өөрчлөн зохион байгуулж 259 хүнийг цомхотгоход 1.4 тэрбум төгрөгийн урсгал зардал танагдах юм байна. Ижил, төстэй үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагыг нэгтгэж, өөрчилснөөр зургаан шинэ байгууллага бий болж, хоёрыг нь өөр байгууллагын харьяанд шилжүүлж, дөрвийг татан буулгах аж. Үр дүнд нь төрийн албан хаагчийн тоо 95-аар цөөрч, удирдлагын зардлаа 646.3 сая төгрөгөөр хэмнэх юм. Орлогоо төсөвт өгч, төсвөөс зардлаа гаргуулдаг долоон байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх боломжтой гэнэ. Үүнээс 10.9 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэж, 592 хүний цалинг төсвөөс гаргадгаа болино. Цөмийн энергийн газрын зарим хүнийг өөр газарт шилжүүлж, Хилийн боомтын нэгдсэн захиргааг татан буулгаж, 70 орон тоог цөөлснөөр 600 сая төгрөгийн хэмнэлт гарах юм. Засгийн газрын зарим тусгай санг татан буулгаж, өөрчилснөөр 10.9 тэрбум төгрөгийн урсгал зардал багасна. Зарим салбарын дүрэмт хувцасны зардлыг төсвөөс хасахад 228.8 сая төгрөг хэмнэх юм. Яам, агентлагаас бусад төрийн албан хаагчдын орон тоог бууруулалгүйгээр үлдээж, цалингийн нэмэгдэл олгохоос татгалзах шийдэл гаргасан. Тиймээс энэ жил цалингийн нэмэгдэлд төсөвлөж байсан 234.3 тэрбум төгрөг, өндөр настны тэтгэврийг нэмэх 94.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хасч тооцсон байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын багцаас 32.4 тэрбум төгрөг хэмнэх боломжийг Сангийн яамнаас боловсруулжээ.

Хэдийгээр төсвийн тодотголд хамруулах нь тодорхой болсон ч хэчнээн төгрөг хэмнэх нь ойлгомжгүй хэд хэдэн зүйл байна. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг салбар салбарын хуулиудаар 12-36 сарын үндсэн цалинтай тэнцүү хэмжээгээр олгож их зөрүү гардаг. Тиймээс цаашид салбар үл харгалзан сүүлийн таван жилийн цалингийн дунджийг харгалзан тэтгэмж олгох нөхцөл, шалгуур тавих эрхийг Засгийн газар өөртөө олгох аж. Мөн сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийн тэт­гэмжийг урьд нь олгож байсан нийт хүүх­­дийн 60 хувьд нь л өгч бай­хаар тодотголд оруулсан ч үүгээрээ хэдэн төгрөг хэмнэж байгааг бичээгүй орхиж. Нийт 629.5 мянган хүүхдэд жилдээ тус бүр 240 мянган төгрөг олгоно гээд үзэхээр хэдий хэр мөнгө вэ гэдгийг багцаалж болох юм.

Төсвөөс мөнгө хэмнэхгүй ч зөв зохион байгуул­­­­­­­­­­­­­­сан нэгэн тодотгол байна. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэнд олгох онцгой тохиолдлын тэтгэмжийг, хорих ангиас суллагдсан иргэн бүрт санхүүгийн чадавхаас үл хамааран хамрагдаж хавтгайрсныг дахин зохион байгуулах гэнэ. Тодруулбал, хэрэгтэй хүнд л тэтгэмж олгохоор болж. Үүнээс 7.6 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болж, уг мөнгийг зорилтот бүлгийн өрхийн гишүүн-иргэний хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрт шилжүүлэхээр болжээ.

Төгсгөлд нь, дээрх бүх тоо, төсвийн хэмнэлт нь 2015 оны төсвийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан Сангийн яамны тооцоолол гэдгийг дахин сануулъя. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногоос УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шүүн тунгааж байж баталсан цагт л дагаж мөрдөх учиртай. Түүнээс биш эцэслэн шийдчихсэн, бүгдийг нь хасчихсан, хэмнэчихсэн ажил хэрэг биш гэдгийг онцолъё.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан