Хувь хүний нэр дээр ирж буй шуудангийн илгээмжийг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн чөлөөлж эхэллээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйл "Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа" – 38.1.15, Нэмэгдсэн өртгийн албан татварын албан татварын тухай хууль 13 дугаар зүйл "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх" – 13.1.24 тус тус заалтын дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх юм. Энэхүү заалт нь өнгөрсөн оны долдугаар сарын нэгний өдрийн хуулиар нэмэлтээр тусгагдсан бөгөөд хуулийн бүрэн эхтэй танилцахыг хүсвэл Гаалийн тариф гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг харах хэрэгтэй юм.