“Interview” уг нь “Sony” студийн жилд хэд хэдээр нь гаргадаг ээлжит киноны нэг боловч жирийн нэг уран бүтээл биш гэдэг нь АНУ-Хойд Солонгосын хооронд үүсгээд байгаа маргаанаас нь тод харагдаж эхэллээ. Энэ киноноос болоод “Sony” кино компани кибер халдлагад өртөж, хамаг мэдээллээ алдаад зогсохгүй, АНУ Хойд Солонгосын заналхийлэлд өртөж, одоо Хойд Солонгос өөрөө интернэтээ таслуулчихаад сууж байна.
Бараг бүх талаараа дэлхий дахинаас тусгаарлагдмал Хойд Солонгос интернэтийн хувьд ч төдий л их хэрэглээтэй улс биш. Үе үе тасардаг интернэтээр цөөн хэдэн хувь хүн, албан байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хангадаг тус улс уржигдраас хойш тэр чигээрээ интернэтгүй болжээ. Бүхэл бүтэн улсыг дэлхий дахинтай холбох интернэт гарц юунаас ч болсон нь мэдэгдэхгүй тасраад хоёр өдөр болж байна. Ийнхүү Хойд Солонгос даяар интернэтгүй болсонд хамгийн түрүүнд АНУ-ыг зүй ёсоор хардаж байна. Учир нь, АНУ-ын засаг захиргаа “Sony”-г хакердсан кибер халдлагын цаана Хойд Солонгос байгааг Холбооны мөрдөх товчоо тогтоосон гээд үүнийх нь хариуг барих болно гэж мэдэгдсэнээс ердөө гурав дөрөвхөн хоногийн дараа ийм зүйл болсон учраас коммунист Солонгос интернэт ертөнцөөс таслагдсанд Америкийг сэжиглэх нь аргагүй юм. Магадгүй Хойд Солонгосыг интернэтгүй болгосон нь тэдний хакеруудын цаашид хийж болзошгүй бүр аюултай кибер халдлагаас сэргийлэх зорилготой ч байж мэднэ. Учир нь, “Interview” киноны ард АНУ-ын засаг захиргаа байгаа хэмээн үзэж буй Хойд Солонгос “Sony”-г хакердсан нь зөвхөн эхлэл, үүнээс ч аюултай зүйл хийж чадна шүү хэмээн сүрдүүлээд байсан юм. Ийнхүү харилцан сүрдүүлсэн үгс шидэлцэж байсан хоёр улс кибер ертөнцөд хэн хүчтэй болохоо үзэлж эхлэв бололтой. Гэхдээ олон нийтийн нүдэнд харагдаж байгаагаас гадна үл харагдах ямар дайралт явагдаж байгааг мэдэх аргагүй.
АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Б.Обамагийн байр суурийг хүргэхдээ “Хойд Солонгосын кибер халдлага болоод заналхийлэл сүрдүүлгийн хариуд АНУ тодорхой арга хэмжээ авна. Гэхдээ бид ямар төрлийн хариу үйлдэл үзүүлэхээ нийтэд нээлттэй мэдээлэхгүй. Манай зүгээс үзүүлэх хариу үйлдэл олон нийтэд мэдэгдэж ч болно, эсвэл мэдэгдэхгүйгээр хийж ч болно” гэсэн нь үүнийг баталж байгаа юм.
Ийнхүү хоёр улсыг хооронд нь “кибер дайн” зарлахад хүргээд байгаа “Interview” кино, түүнийг бүтээсэн “Sony” студийн хувьд ч байдал тун бүрхэг байна. 45 орчим сая ам.доллараар бүтээсэн, маркетинг сурталчилгаанд нь зөвхөн Хойд Америкт 35 сая, бусад улсын зах зээлд 10 сая ам.доллар зарцуулаад байгаа, одоо театруудаар цацахад л дутуу энэ кино хэзээ үзэгчдэд хүрэх үгүй нь ер нь дэлгэцээр гарах эсэх нь ч тодорхойгүй болчихлоо.
Цаашид гарч болзошгүй кибер халдлага болон зарим сөрөг үр дагаврыг бодолцон “Sony” киногоо энэ сарын 25-нд зул сарын баяраар нээх гэж байснаа цуцалсан. Мөн АНУ-ын хамгийн том сүлжээ кино театр ч энэ киног гаргахаас татгалзсан. Хэдийгээр Хойд Солонгосын хакеруудын өмнө эрх чөлөөний орны чөлөөт уран бүтээлчид ингэж өвдөг сөгдөж болохгүй гэж Америкийн жирийн иргэдээс эхлээд улстөрчид, Ерөнхийлөгч Б.Обама хүртэл дуу хоолойгоо илэрхийлж байгаа ч хаанаас ч ирж магадгүй болзошгүй аюулын эсрэг одоохондоо АНУ-ын уран бүтээлчид хойш нэг алхам ухрахад хүрч байна. Конгресс дэх Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль алиных нь хууль тогтоогчид “Sony”-г киногоо гаргах ёстой гэж үзэж байгаа бөгөөд кино театруудыг “Interview” киног цацахыг шахаж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Зарим нэг конгрессмэн тус компанийг Капитол Хиллд киногоо гаргаж үзүүлээч, чухам ямар кино болоод ийм асуудал үүсгээд байгааг өөрсдийн нүдээр үзье гэдэг хүсэлт ч тавьжээ.
Ямартай ч “Sony” урагшаа зүтгэсэн ч, арагшаа ухарсан ч амсах хохирол нь “Interview” кинонд зориулсан 90 сая ам.доллараараар хэмжигдэхгүй. Тус компанийн хувьцаа энэ бүх асуудал эхлэхээс өмнөх үеийнхээс долоон хувиар уначихаад байна. Эдийн засгийн энэ хохиролоос гадна Холливудын хамгийн том студийн нэгийн хувьд нэр хүндээ ч алдаж эхэлсэн. Тэдний хакеруудад алдсан цахим шуудан дотор Холливудын оддоос эхлээд АНУ-ын Ерөнхийлөгчийг хүртэл шоглож, доромжилсон зохисгүй үг хэллэг бүхий захидлууд олон байсан нь ичгүүртэйгээр илчлэгдсэн билээ.
Энэ мэтчилэн асар их үнэ төлөхөд хүрсэн ч “Sony” киногоо гаргах санаагаа хараахан орхиогүй байна. Тэд кино театруудаар цацаж чаддаггүй юм гэхэд интернэтээр, онлайн сүлжээгээр кино гаргадаг сувгуудаар “Interview”-г гаргах боломжийг судалж байна. Ямартай ч киногоо олон нийтэд хүргэнэ, гэхдээ хэрхэн яаж гэдгээ хараахан шийдээгүй байна гэж тус компанийн хуульч саяхан телевизээр ярьжээ. Гэхдээ “Interview” киног тойрсон маргаан халуун байгаа дээр цацвал илүү олон үзэгчийг татна гэдгийг “Sony” ч тооцож буй биз ээ. Ингэж олны анхаарал татаад байгаа “Interview” буюу “Ярилцлага” кино чухам юуны тухай болохыг манай үзэгчид ч сонирхож байгаа байх. Сет Рожены энэ кинонд Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх улс төрийн даалгавартай тус улсад очиж буй АНУ-ын ток шоуны сэтгүүлч, найруулагч хоёртой учирч буй хөгжилтэй явдлыг үзүүлдэг аж. Хойд Солонгосчуудын бурхнаас ч илүү тахин шүтдэг их удирдагчийг золгүй баатрын дүрээр гаргаж, бүр улс төрийн аллагын золиос болгох нь энэ кинонд тодорхой хэмжээний эрсдэл авчирна гэдгийг уран бүтээлчид нь тооцоолсон байх учиртай ч хоёр улсын хооронд кибер дайн эхлүүлэх хэмжээнд хүрнэ хэмээн хэн ч төсөөлөөгүй биз ээ.