Замын түгжрэлд зогсох зуур “Үнэртүүлэгч аваарай. Бохь гаа байна. Ахаа эгчээ та нэг юм худалдаад авчих л даа” гэх хүүхдүүдтэй та бишгүй л таарсан байх. Тэгвэл энэ хүүхдүүдийн цаана ямар амьдрал байдаг, хаана амьдардаг, яагаад ингэж яваа юм бол гэж бодож үзсэн үү.
Саяхны нэг өдөр дөрөвдүгээр дэлгүүрийн өмнөх автозамын голоор машин сүлжин гүйж үнэртүүлэгч, бохь зардаг нэгэн хүүтэй цөөн хором ярилцахад тэрээр Батболд хэмээн өөрийгөө танилцуулсан хүү “Би зөвхөн энд зогсоод байлгүй хаа сайгүй л үнэртүүлэгчээ зардаг. Нэг үнэртүүлэгчийг захаас 1000 төгрөгөөр аваад 1500-гаар зардаг. Өдөртөө 20 гаруйг зарчихна аа. Олсон мөнгөөрөө хоол авч иднэ бас хааяа тоглодог” гэж байв. Тэр бас “Та юун хүн бэ, надаар яах гэж байгаа юм бэ” хэмээн хаширлахаа ч мартсангүй. Надаас нэг үнэртүүлэгч авчих тэгвэл хариулна ч гэх. Энэ хүүхдийн ард амьдрал бий. Гэхдээ тэр одоогоор эцэг эхийн хараа хяналтаас хөндийрчихсөн хүүхдүүдийн нэг болж. Мэдээж нэгэн үе тоймгүй олшроод байсан траншейны гэх хүүхдүүдээс ангид амьдралтай гэж хэлж болох ч ямар ч байсан эцэг эхийн хараа хяналтаас хөндийрч, тоглохын төлөө мөнгө олж яваа хүүхдүүдийн нэг.
Тэгвэл бидний нэрлэдгээр траншейны гэх тодотголт хүүхдүүд хаачсан юм бол оо? Энэ талаар олон таамаг байдаг. Насанд хүрсэн нэг нь шорон оронд орж зарим нь хүний наймаанд явсан ч гэх яриа бий. Харин нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхдүүдийг сэтгэлзүйн талаас нь эмчилдэг болсноор траншейны хүүхдүүд цөөрсөн гэж тайлбарлаж байсан юм. Тус газраас зөвхөн энэ сарын 16-17-нд хараа хяналтгүй явсан 70 гаруй хүүхдийг илрүүлж эцэг эхтэй нэгнийг нь эцэг эхэд нь, орон гэргүй гэснийг нь холбогдох газарт шилжүүлжээ. Эдгээр хүүхдийг насаар нь ангивал 14-16 насны буюу өсвөр насны хүүхдүүд дийлэнх нь байсан аж. Мөн олон жилээр буюу нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар хараа хяналтгүй явсан нь дийлэнх байна. Тэд ингэж олон жил хараа хяналтгүй явсандаа дасал болж, өөрсдийн амьдралын хэв маяг хэмээн үздэг болсон талаар нийслэлийн Хүүхэд залуучууд гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгальмаа хэлж байлаа. Тэрээр “Эдгээр хүүхдийн аж амьдралыг 13 асуулгаар тодорхойлсон. 70 хүүхдийн 67 нь эрэгтэй. Хараа хяналтгүй явах болсон шалтгаанаа гэр бүлийн орчин, уур амьсгал, гэр бүл дэх хүчирхийллээс үүдсэн гэж тайлбарласан. Мөн хоол хүнс, ядуурал зэргээс шалтгаалан гадуур тэнэх болсон гэсэн хариулт олон хүүхэд өгсөн. Уруу татагдсан нэг нь ч байв. Эдгээр хүүхдийг “Дон Боско” асрамжийн төвд байрлуулжээ. Гэвч асрамжийн төв болон асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн ч буцаад тэнэмэл амьдрал руугаа зүтгэдэг нь бидний санааг зовоож байна” хэмээн ярьсан юм.
Дээрх хүүхдүүд эрүүл мэндийн хувьд бүгд ямар нэгэн эмгэгтэй байж. Энэ талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Д.Одончимэг “Тэднээс дөрвөн хүүхэд л ямар нэг халдварт өвчингүй гарсан. Арьсны өвчин тухайлбал, хамуу хүндэрсэн хэлбэртэй, арьсны идээт үрэвсэл гээд л янз бүрийн халдварт өвчтэй байсан. Хүүхдүүдийн гутал байнга чийгтэй явснаас арьс хуурсан, хөлдсөн гээд л олон эмгэгтэй байлаа. Мөн төрөлхийн зүрхний гажигтай, өсөлтгүй болсон, эрэгтэй хүүхэд мөртлөө хөхний хорт хавдартай байсан зэрэг тохиолдол илэрсэн. Үүгээр ч зогсохгүй ихэнх нь ходоод, элэг бөөрний болон амьсгалын дээд замын үрэвсэлтэй байсан. ХӨСҮТ-өөс ДОХ тэмбүүгийн шинжилгээг авсан” хэмээн ярьсан юм.
Тэнэмэл хүүхдүүдийн ихэнх нь тоглоомын донтой
Дээрх хүүхдүүд ямар нэг байдлаар сэтгэцийн өвчлөлтэй байна гэсэн дүгнэлт мэргэжилтнүүд хийжээ. Гол шалтгаан нь PC тоглоомоос үүдэлтэй. Түүнчлэн сэтгэл гутралтай. Тухайлбал, хүнтэй ярих дургүй, бүрэг, үл итгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Одоогоор дээрх 70 гаруй хүүхдээс 32-ыг нь асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өгөөд байгаа аж. Дээрхээс гадна хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд PC тоглоомын газар хамгийн ойр орчин нь болжээ. Тэд бага хэмжээний мөнгө төлөөд тоглож хоноглодог гэдгийг ч гаргаж иржээ.
Тус газар нь дөрвөн удаа хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийн судалгааг гаргаж байгаа нь энэ аж. Гэсэн ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Тиймээс хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өгөөд хорооны нийгмийн ажилтан цагдаагийн байгууллагатай хамтран эцэг эхтэй нь гурвалсан гэрээ байгуулж эхэлжээ. Гэрээгээр асран хамгаалагч болон эцэг эх нь хүлээн авсан хүүхдээ хараа хяналтгүй явуулсан тохиолдолд хариуцлага хүлээх юм. Хараа хяналтгүй тэнэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь өсвөр насныхан буюу амьдралд хөл тавих насандаа яваа нь албаныхны сэтгэлийг чилээж байна. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас явуулсан судалгаагаар дээрх хүүхдүүдийн гуравны нэгд нь төрөөс ямар нэгэн халамж дэмжлэг хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм байна.
Харин Нийслэлийн цагдаагийн газраас тэнэмэл хүүхдүүдийг жилд арав гаруй удаа ар гэр, эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг ч гэртээ тогтохгүй, асрамжийн төвд өгөхөөр оргоод явчихдаг хэмээн ярьж байлаа. Ар гэр нь авах боломжгүй хүүхдүүдийг асрамжийн төвд өгөх гэхээр авах дургүй байдаг аж. Учир нь, олон жил тэнэмэл амьдралаар явсан хүүхдүүд бусдадаа буруугаар нөлөөлж магадгүй гэсэн шалтгаан хэлдэг. Хуульд Цагдаагийн байгууллага нь гудамжинд хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, долоо хоногт багтаан асрамжийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгөх ёстой гэсэн заалт бий. Гэвч хүүхдүүдийг асрамжийн газар авахгүй, хүүхэд өөрөө эцэг эхдээ очих дургүй гэсэн шалтгаан хэлдэг. Уг нь, эцэг эх нь үр хүүхэд төрүүлээд түүнийгээ хайрлан хамгаалж хүний зэрэгт хүргэх нь хүний амьдралын жам. Гэтэл хүүхдээ хамгаалах нь битгий хэл төрмөгц нь гудамжинд, зочид буудалд хаядаг хүний санаанд ч оромгүй авир бүсгүйчүүдээс гарах боллоон.
Дээрх хүүхдүүд ч эцэг эхийн харилцаа болон гэр бүлийн уур амьгалаас шалтгаалан гудамжинд гардаг. Иймээс үр хүүхдэд тань гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ээж аавын энхрийлэл хайр халамж хамгаас хэрэгтэй гэдгийг санаарай.