Энэ онд манай улсын ашигт малтмалын экспорт нэмэгдсэн ч орж ирэх орлого нь бага байгаа. Учир нь, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж савалгаа ихтэй байгаа билээ. Одоогоор манай улс 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Зэсийн баяжмалын экспорт өсөхөд Оюу толгой нөлөөлсөн. “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж технологийн хувьд зүгширсэн гэдэг. Ийнхүү зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж буй тул төр засгаас цэвэр зэс гаргах авах бодлого баримталж байгаа юм. Одоогоор зэс хайлах үйлдвэрийн судалгаа хийж байна. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг “Жайка” хамтарч хийжээ. Энэ судалгааны тайлан ирэх сарын эхээр гарах ажээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын үед ҮХАА-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг бас судалгаа хийсэн. Эдгээр ажлын хэсгийн санал дүгнэлтэд тулгуурлаж зэс хайлах үйлдвэр барих асуудлыг шийднэ хэмээн Уул уурхайн яамнаас мэдэгдэж байгаа юм. Зэс хайлах үйлдвэр барилаа гэхэд түүнээс гарах хүхрийн хүчлийг хэрхэх асуудал гарч ирнэ. Үүнийг шийдэж чадвал манай улс зэс хайлах үйлдвэртэй болох цаг ойрхон байна. Зарим ашигт малтмалын экспортыг сонирхвол энэ онд алт нэг, нүүрс 822 мянган тонноор өсчээ. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт нэг их наяд 750 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна.