Шатахууны үнэ инфляцын гол өдөөгч байсан үе бий. Харин Монголбанк, Уул уурхайн яам хамтарч сүүлийн хоёр жилийн хугацаанд “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсний дүнд үнэ тогтвортой байгаа билээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар манай улс 1.1 сая тонн шатахуун импортолсон байна. Импортын шатахууны 90.8 хувийг манайх ОХУ-аас авдаг. Үүний 63 хувийг нь тус улсын төрийн өмчит “Роснефть” компаниас авч буй юм. Тус компаниас авч буй шатахууны бөөний үнийг дэлхийн зах зээлийн үнэ ханшаар авах гэрээ хэлцэл хийсэн. Тэгэхээр манай улсад шатахууны үнэ буурах эсэх, цаашид ямар байх талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Шатахууны үнэ өнөөдөр тогтвортой байгаа нь “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн юм.
Монголбанкны санхүүжилтийн эх үүсвэрээр шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах гол зохицуулалтаа хийсэн. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрөөр хөнгөлөлттэй санхүүжилт болон валютын ханшийн зохицуулалт хийж ирлээ. Үүнээс гадна шатахууны томоохон нийлүүлэгчдээс олон улсын зах зээл, биржийн тухайн үеийн үнэ ханшаар худалдан авах гэрээ хэлцэл хийсэн.
Ингээд шатахууны үнэ тогтвортой болсон юм. Есдүгээр сарын эхнээс газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурч эхэлсэн. Үнийн энэ бууралт дэлхийн улс төр, эдийн засгийн байдлаас шалтгааллаа гэж эдийн засгийн шинжээчид үзэж байгаа. Тэгэхээр эргээд богино хугацаанд өсөх магадлал бий. Иймд үнийн энэ савалгаанд өртөхгүйн тулд зохих арга хэмжээг бид авна.
Газрын тосны үнэ буусан өнөө үед “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өө зах зээлийн нөхцөл байдалд нь уялдуулах байр суурьтай байгаа. Арилжааны банкны зах зээлийн хүү өнөөдөр Монголбанкны бодлогын хүү дээр 2-3 хувь нэмэгдсэн дүнтэй байна. Нэг ам.доллар 1869 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд уялдуулна гэсэн үг. Цаашид шатахууны үнийг тогтвортой барих нөөц бололцоо бий. Өөрөөр хэлбэл гэрээ хэлцэл, валютын ханшийн бага зэргийн хэлбэлзэлийг зохицуулах юм. Одоо Монголбанк, Уул уурхайн яам, шатахуун импортлогчид, Газрын тосны газар шатахууны үнийг цаашид тогтвортой байлгах гэрээ хэлцэл, судалгаа хийж байна. Нэгдүгээр сарын 1-нээс уг гэрээг хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр ойрын 4-5 сарын хугацаанд шатахууны үнэ цочир хөдлөх ямар ч үндэс харагдахгүй байгаа. Монголбанк “Төлбөрийн тэнцэл нэмэх утгатай болж байна. Иймд валютын ханш санаа зовоохгүй байгаа гэж мэдэгдсэн” гэлээ.
“Шатахууны үнэ тогтворжуулах” хөтөлбөр зогсвол шатахууны жижиглэнгийн үнэ өсч, дахиад л бөөн асуудал тарьж инфляц хөөрөгдөж магадгүй гэсэн болгоомжлол нийгэмд бий. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид “Монголбанк, манай яам хамтарч газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрөөс зугуухан гарч ердийн горимд шилжүүлэх нь манай яамны дангаараа хэрэгжүүлэх ажил биш. Монголбанк, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудтай зөвлөлдөж байж хийх ёстой. Нийгэмд цочроо өгөхгүйгээр энэ асуудлыг шийдэхийг зорьж байгаа” гэсэн хариулт өглөө. Энэ бүгдээс үзэхэд шатахууны үнэ газрын тосны үнийг дагаад буурахгүй, бас өсөхгүй тогтвортой байна гэж хэлж болох нь. Гэхдээ энэ бол зөвхөн эерэг хүлээлт төдий зүйл. Харин эдийн засгийн нөхцөл байдал яаж эргэхийг хэн ч хэлж чадахгүй юм.
Газрын тосны үнийн уналтаас манай улс 14 сая ам.доллар алдана
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр дахин уначих байна. Энэ нь шатахууныхаа хэрэгцээг гадаадаас авч хангадаг манай улсад жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл олгож буй. Гэвч жилд чамгүй хэмжээний газрын тос экспортолдог манай улсын эдийн засагт үнийн энэ уналт чанга цохилт болж байгаа юм. Тухайлбал, манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 6.3 сая баррель газрын тос экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 39.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны өдийд 4.5 сая баррель газрын тос экспортолж байж. Гэвч үнийн уналтаас шалтгаалж оны эцэс гэхэд манай улс экспортын газрын тосноос 14 сая ам.доллар алдах тооцоо гарлаа. Манай газрын тос Сингапурын бирж дээр “Дачин-33” гэсэн нэрээр худалдаалагддаг. Тэгвэл тэндэхийн үнэ 40 хувиар унажээ. Бусад газрын тосны үнийг сонирхвол “WTI” 29, “Брент” 36, “Уралс-32” 36 хувиар тус тус буураад байгаа юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар газрын тосны өнөөгийн үнэ ирэх оны эхний хагас жилд хэвээр байх төсөөлөл бий. Учир нь, ОПЕК-ын орнууд газрын тосны олборлолтоо бууруулж үнэ өсгөх зугуухан арга хэмжээ авахаар хоёр удаа хуралдсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Дараагийн хурал нь ирэх оны зургадугаар сард болох тов гараад байгаа юм. Үүнээс гадна зарим шинжээч газрын тосны энэ удаагийн үнийн уналт ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний нэг хэлбэр хэмээн үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс үүдсэн зүйл биш. Хуйвалдааны зарчмаар үнэ унагасан. Гэвч газрын тос олборлогч томоохон улс орнууд өөрсдөө эдийн засгийн хохирол амсах тул эргээд үнэ огцом өсөх магадлал өндөр гэж дүгнэж буй юм. Тэгэхээр ОПЕК-ын орнууд хурал товлосон хугацаанаас өмнө болж үнэ өсгөх шийдвэрт хүрч болзошгүй ажээ.