МҮЭ-ийн холбооны удирдлагууд, тэргүүлэгчид өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ.
МҮЭ-ын холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ард иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн ажиллагаа явуулсан тохиолдолд бид дэмжиж ажиллах болно гэдгээ Ерөнхий сайдыг томилогдсоных нь дараа илэрхийлсэн. Гэвч өнгөрөгч баасан гаригт мэдээлсэн Засгийн газрын тэргүүний зарим байр суурьтай бид санал нийлэхгүй байна. Эдийн засаг хүнд, түүнийгээ дагаад хэмнэлтийг хийхийг дэмжиж байгаа ч ард иргэдийн халаас руу өнгийхгүй байхыг санал болгож байна” гэв. Мөн төсөв хэмнэнэ гэдэг нэрийн дор дараах хэд хэдэн арга хэмжээг авахтай санал нийлэхгүй байгаагаа тэд илэрхийллээ. Тодруулбал, ажлын байрны цомхотгол хийх, цалин, тэтгэвэр нэмэхгүй байх, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, алдарт эхийн одонгийн мөнгийг хасах, төрийн албаны 180 мянга гаруй ажилтны хөдөлмөр нийгмийн асуудлыг хөндөх гэх зэрэг Засгийн газрын зарим байр суурийг дэмжихгүй гэсэн юм. Тиймээс улсын гурван талт хэлэлцээрийг ойрын хугацаанд хийх мэдэгдлийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт хүргүүллээ. Хэрэв хэлэлцээрээр эдгээр асуудал нааштайгаар шийдэгдэхгүй тохиолдолд МҮЭ-ийн холбоо хэлэлцээрийн нэг тал болох үүргээсээ татгалзаж, эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэх болно гэлээ.