Цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн хөгжлийн асуудлууд Монгол Улсын хэмжээнд тулгамдаж байгаа шийдвэрлэх ёстой асуудал байсаар байна. Энэ оны хувьд эдийн засгийн саармаг өсөлтөөс үүдэн Засгийн газар төсөв танах бодлого баримталсан учраас ирэх онд шинэ барилгын төсөл улсын хэмжээнд хэрэгжихгүй болсон юм. Гэхдээ энэ байдлаас үл хамааран засаг захиргааны зарим нэгжүүд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг төсөв хэмнэх замаар шийдэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, энэ онд 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан Архангай аймгийн төсөв ирэх онд хоёр тэрбумаар хасагдаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэхдээ тус аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс аймгийн хэмжээнд царцаагдсан болон дуусаагүй байгаа 15-16 барилгын төслийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр барилгад нэн хэрэгцээт цэцэрлэг, сургуулийн объект багтсан бөгөөд 2015 онд цэцэрлэгийн дуусаагүй барилгын ажлыг дуусган аймгийн төвийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.
Харин төсөв танаж шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барих зардлыг царцаасан нөхцөлд тус аймаг нийгмийн хөгжлийн ямар стратеги хэрэгжүүлэх талаар тус аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваатай ярилцлаа.
-Нийгмийн хөгжлийн хэлтэс ямар, ямар асуудлыг хариуцан ажиллаж байна. Оны сүүл болж байгаа учраас энэ оны тайлан болоод ирэх оны төлөвлөгөө гарчихсан байгаа байх?
-Эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёл урлаг, хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ зэрэг 11 хэлтсээ манай хэлтэс хариуцан ажилладаг. Үндсэндээ, дээрх салбаруудын бодлого чиглэлийг гаргаж, цаашдын төлөвлөгөө стратегийг боловсруулдаг. Тиймээс манай хэлтсийн зүгээс зохион байгуулж байгаа цөөнгүй төсөл, хөтөлбөр бий. Үр дүнгээ өгсөн, өдгөө ч хэрэгжиж байгаа гээд олон хөтөлбөр бий учраас би товчхон хариулах нь зүйтэй байх. Юутай ч, энэ онд бид гараанаас гарахдаа анх удаагаа нийгмийн салбарынхны анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, 200 гаруй албан хаагчийг нэг дор цуглуулсан. Учир нь бид төрд ажиллаж байгаа, төрийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн нийтлэг шинжээрээ эхлээд өөрсдөө уялдаа холбоотой байх ёстой гэж үзсэн. Сургалт семинар, илтгэлүүдийн дараагаар бид иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэн, цаг хугацааны хувьд түргэн шуурхай байхыг зорьсон. Тиймээс нэн түрүүнд хоорондын уялдаа холбооны учир зүйгээ ололцсон юм. Харин дараагаар нь Үндэсний бичиг үсгийн баярыг зохион байгуулсан. Энэ үеэр Улаан-Үд, Өвөрмонголын өөртөө засах орон болон Улаанбаатар хотын уран бичлэгийн төвөөс уран бүтээлчид ирж уран бичлэгийн уралдаанд оролцсон. Ингэснээр биднээс өөр Буриад, Өвөрмонгол зэрэг газарт монгол хэл, бичиг маань ямар түвшинд явж байгаа вэ гэдгийг харьцуулан харах боломж олдсон юм. Өвөрмонгол бол дүрмийн болон хэл ярианы хувьд өндөр чадвартай ч бид уран бичлэгийн төрөлд гайхалтай чадвартай нь харагдаж байна лээ…
-Архангай аймагт Ерөнхий боловсролын хэдэн сургууль байна. Хүртээмжийн хувьд ямар байдаг вэ?
-Аймгийн хэмжээнд 32 сургуульд 16 мянга орчим хүүхэд суралцдаг бол аймгийн төвдөө зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуульд хамрагдах хүүхдийн тоо харьцангуй өндөрт тооцогддог. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоо өмнөх жилүүдээс өсч байгаа. Ирэх онд гэхэд л бид Цэцэрлэг хотынхоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн судалгааг гаргаад, ажил болгохоор зорьж байна.
-2015 онд шинээр бүтээн байгуулалтын ажил бараг хийгдэхгүй, нэг жил бүсээ чангал гээд Ерөнхий сайд хэлчихсэн. Ингээд татан буугдсан яамыг эмнэлэг болгох зэргээр ажлууд эхэлсэн. Аймгийн хувьд ч төсөв багасч батлагдсан байдалд ямар замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого боловсруулсан гэж?
-Манай аймагт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдахын зэрэгцээ дэд бүтцийн асуудлууд ч шийдэгдэж байна. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн 120 айлын орон сууцны барилгын ажил 80 гаруй хувьтай. Мөн 240 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил энэ онд улсын төсвөөр хийгдсэн гээд шинээр баригдаж байгаа орон сууц нилээд бий болсон. Тиймээс тэдгээрийн нэгдүгээр давхарт цэцэрлэг байрлуулах замаар шийдэхээр барилгын компаниудтай ярилцсан. Ингэснээр төрийн албан хаагч, дарга цэргийн орон тоо нэмэгдэхгүй. Учир нь бид орон сууцны нэгдүгээр давхарт байх цэцэрлэгийг ойр орчмын шаардлага хангасан цэцэрлэгийн удирдлага дор бүлэг нэмэх замаар шийдэж байгаа юм. Засаг даргын энэ санаачилгын дүнгээр бол зөвхөн нэг орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэгийн 2-3 бүлэг нэмснээр 60-70 хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ онд эхэлсэн 150 ортой 2 ба 3 дугаар цэцэрлэгийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа учраас ондоо баригдаж дуусна.
-Төрийн өмчийн 29, хувийн хэвшлийн хоёр цэцэрлэгт нийт 6286 хүүхэд хамрагдаж байгаа. Тэдгээрээс цэцэрлэгийн үндсэн бүлэгт 4492, хувилбар сургалтад 1794 хүүхэд хамрагдаж байна. Харин 1300 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Шинээр баригдсан орон сууц болон ирэх ондоо ашиглалтад орох цэцэрлэгийн тоо багтаамжаас харвал тэд 2015 онд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой юм.