Германы Мюнхен хотноо болж буй буудлагын дэлхийн цомын энэ оны гурав дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээн өнгөрсөн шөнө боллоо. Энэ төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар оролцсон юм. Нийт 79 тамирчин онч мэргэнээ үзсэнээс ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор 10-р байр, О.Гүндэгмаа 581 оноогоор 13-р байр эзэлсэн байна. Бээжингийн олимпын наадамд алтан медаль хүртсэн Чень Инь олимпын наадмын өмнө бэлтгэл сайн байгаагаа харуулж алтан медаль хүртсэн бол Германы иргэн, МУГТ Д.Мөнхбаяр шигшээ буудлагад шалгаран, 7-р байранд оржээ. Манай бүсгүйчүүд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны тэмцээнд оролцоно. Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн зайн тэмцээн болж, манай тамирчин Н.Баяраа 590 оноогоор 35-р байр эзэлжээ. Тэрбээр өнөөдөр болох гурван байрлалын төрөлд ончоо үзэх юм. Өнөөдөр мөн эмэгтэй урт бууны тамирчин Ч.Нарантуяа буудна.