Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний объектуудад Израилийн Агаарын цэргийн хүчин өнөөдөр буюу бямба гарагт цохилт өгчээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах армийн /ЦАХАЛ/ хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Газын зурвасын өмнөд хэсэгт оршдог ХАМАС-ын дэд бүтцэд цохилт өгчээ. Палестины МААН агентлагийн мэдээлснээр, ажиллагааг хоёр сөнөөгч онгоцоор явуулж, Хан-Юнис хот орчим руу наад зах нь дөрвөн пуужин харавсан байна. Агаарын цохилтын үеэр хүний амь үрэгдсэн болон шархадсан тохиолдол гараагүй аж.
Израилийн нутаг дэвсгэр рүү өчигдөр өдөр гал нээсний хариуд агаарын цохилт өгсөн гэж тус улсын Батлан хамгаалах армийн төлөөлөгчид мэдэгджээ.
Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд Израилийн Газын зурваст өгсөн эхний цохилт юм. Палестины нутаг дэвсгэрт ХАМАС хөдөлгөөний босогчдын эсрэг “Эвдэршгүй хад” нэртэй ажиллагааг ЦАХАЛ долдугаар сарын 7-ноос наймдугаар сарын 26-ны хооронд явуулсан бөгөөд энэ үеэр 2000 гаруй хүн амиа алджээ.
Египетийн зуучлалтайгаар талууд наймдугаар сарын 26-нд хугацаагүй түр эвлэрэхээр тохиролцсон юм. Газын зурвасаас гал нээсэн нь гал зогсоох дэглэмийг Палестины талаас зөрчсөн хоёр дахь тохиолдол ажээ.