ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гарагт гарын үсэг зурсан билээ. Цагаан ордны албан ёсны мэдээлэлд дурдсанаар, уг баримт бичигт Крымтэй тогтоосон эдийн засгийн харилцаанд хориг тавьсан байна.
Холбогдох зарлигт заасны дагуу АНУ-ын бараа, технологи, үйлчилгээг Крымд экспортлохыг, мөн Крымээс АНУ-д бараа, үйлчилгээ импортлохыг хоригложээ. Тус хойгт Америкийн хөрөнгө оруулалтыг хориглоно, мөн “Крымын хувь хүн болон байгууллагуудад хориг арга хэмжээ авна”.
Крымд авсан хориг арга хэмжээний тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ зарлигт дээрх худалдаа, эдийн засгийн хязгаарлалтад хамаарах хүмүүсийг тус улсад зорчихыг хоригложээ.
Энэ зарлиг нь Америкийн бизнес эрхлэгчдэд зохих дохиог өгөх ёстой бөгөөд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсныг АНУ хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг нотолно гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа аж. “Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдыг” дэмжихээ зогсоож, Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг ОХУ-д дахин уриалж байна гэж Обама мэдэгджээ.