Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний бөхчүүд талбайд илүүрхэв

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн тэмцээн Монгол бөхийн өргөнөө хүрэлцэн ирсэн хүндэт зочид, үзэгч түмний Уухайн түрлэг дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээн нь мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхогийн санаачлагаар хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ. Долоон жилийн тэртээ сүмогийн хүчтэнүүд таван онооны илүүгээр үндэсний бөхчүүдээс ялалт авсан бол энэ удаад найман онооны илүүгээр ялалт авна хэмээн Хакүхо аварга маань мэдэгдээд байсан. Ийнхүү амлалттай эхэлсэн тэмцээний эхний тоглолт буюу урлаг соёлын төлөөлөлүүд нөхөрсөг тэмцээнээ эхлүүллээ. “Guys”-ын Д.Лхагва, загвар өмсөгч А.Чингүүн, УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Fire” хамтлагийн гитарчин Д.Батбилэг, “Motive” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр тэргүүтэй харьцангуй том биетэй тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Passion” багийг Спрайт лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр дасгалжуулж, Бээжингийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга боксчин П.Сэрдамба туслахаар дасгалжуулагчын үүрэг гүйцэтгэв. Харин эсрэг хөх өмсгөлтэй “Voyage” баг гарч тоглосон. Тус багийн бүрэлдэхүүнд “A-Capella” хамтлагийн дуучин Төрөө, реппер Gee, хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, дуучин A-Cool, “Lumino” хамтлагийн дуучин Бажи, тулаанч Л.Амарбаясгалан нар багтсан байв. Энэ тоглолтын шилдэг нь Мотивын Жижигээ байсан гэдэгтээ үзсэн хүмүүс маргахгүй биз ээ. Тэр үнэхээр хурдтай, шидэлттэй юм билээ. Бүтэн дөрвөн үеийн турш хөгжилтэй тактик, хууран мэхлэлтээр үргэлжилсэн тус тэмцээнд 29:27 харьцаатай “VOYAGE” баг илүүрхлээ.

Ингэснээр үзэгчдийн хүсэн хүлээсэн   мөч ирж Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалаар ахлуулсан сүмочид, Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй үндэсний бөхчүүдийг сагсан бөмбөгийн талбайд урив. Нацү башё өндөрлөмөгц нутгийн зүг яарсан сүмочдын багийн бүрэлдэхүүнд их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Какурюү М.Ананд, нацу башёгийн түрүү бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүё Э.Санчирболд, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, мөн Японы оюутны сүмогийн ёкозүна Ямагүчи нар багтсан. Харин үндэсний бөхчүүд Даян аварга Г.Өсөхбаяр, улсын отгон аварга С.Мөнхбат, улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нараар багаа бүрдүүлсээр талбайд гарав. Харин тэмцээний өмнөхөн Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудалд Их аварга Хакүхо Даваажаргал манай баг нууц тоглогчтой тэмцээн дээр ирээд харна биз хэмээн хэлж байсан. Тэгвэл энэхүү тоглогч нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байжээ. Түүний хурдыг гүйцэх тоглогч хүчтэнүүд дотор л харагдаагүй юм. Сүмочдын багт М.Ананд, Д.Бямбадорж, М.Даваажаргал нар үүргээ сайн гүйцэтгэж байсан бол, эсрэг багаас С.Мөнхбат аварга, М.Өсөхбаяр, Д.Ганхуяг нар илүү юм билээ. Өгөө, авваатай тэмцээний эцсийн дүнд үндэсний бөхчүүд 10 гаран онооны зөрүүтэй тэмцээнийг хошуучилж,  Д.Санжаадамба тэргүүтэй сэлгээний тамирчдыг оруулж байгаа харагдсан.

Ингэснээр эцсийн мөчид үндэсний бөхчүүд маань 33:19 харьцаатай сүмочдыг буулган авлаа. Мөн тус тэмцээний үеэр тамирчдын дунд олс таталтын тэмцээн зохион байгуулсан нь үзэгчдийг жинхэн шуугиулсан. Энэ тэнцүүхэн хүчтэнүүдийг хэн нь илүүрхэх бол оо гэсэн бодол хэн хүний толгойд байлаа. Баг бүрээс найм, найман тамирчин гарч тэмцээн эхлэхэд сүмочид төвөггүйхэн шиг үндэсний бөхчүүдийг “суга татсан” юм. Тэд илүү юм билээ. Харин хэн нь хурдан бэ? Тэмцээнд шинэхэн Озэки  Ама Д.Бямбадорж, Монгол Улсын заан М.Өсөхбаяр нэр уралдсан. Хоёр бөхийн хувьд хоёул 130 кг жинтэй бөгөөд эн тэнцүүхэн барианд орж харагдсан. Гэхдээ Д.Бямбадоржийн хувьд гүйлтийн тэмцээн их “үздэг” нь  нөлөөлж байсан шүү. Барианд орохын даваанд унах нь халаггүй цээжээ түрэн орж ирж  байгаа харагдсан. Ийнхүү үргэлжилсэн “Их монголын алтан одод  2” сагсан бөмбөгийн тэмцээн тун амжилттай болж өндөрлөлөө. Хоёр багийн тэнцээгээ салгах  өдөр хэзээ болох нь тодорхойгүй л… Хүлээж л сууя даа. Өө тийм. Энэхүү тэмцээнээс олсон орлого 100 хувь хүүхдүүдэд зарцуулагдана гэдэг л хамгийн сайхан нь.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан