Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвдөг сөгдүүлсэн хүн өөрөө толгой бөхийв


Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Ханжин”-ын эзний охин Хитер Чо олон нийтийн өмнө толгой бөхийн уучлал гуйлаа. Тэрээр өөрийн үүсгэсэн асуудалд гүнээ харамсч байна гэдгээ илэрхийлэн хэвлэлийнхний хэдэн зуун дурангийн өмнө толгой гудайлгажээ. Түүний энэ байдал хэдхэн өдрийн өмнө хэвлэлүүдэд дүрслэн бичсэн зан төрхтэй нь харьцуулашгүй өөрчлөгджээ. Ганц уут самарнаас үүдсэн асуудал Хитер Чог “Korean Air” компанийн дэд захирлын суудлаас нь унагаад зогсохгүй нэр хүндийг нь шавартай хутгаж орхисон нь захирлын охины зан аашийг ингэтэл зассан бололтой.

“Korean Air” компанийг эзэмшдэг “Ханжин” группийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо энэ сарын 5-нд Нью-Йоркоос Сөүл рүү компанийнхаа нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр зорчи­хоор дөнгөж суудлаа эзлээд байхдаа онгоцны үйлчлэгчтэй маргалдсанаас энэ бүхэн эхэлсэн юм. Түүнд үйлчлэгч ууттай самар авчирч өгсөнд дээд зэрэглэлийн үйлчилгээ хүссэн Хитер Чо дүрсхийн уурлаж, эхлээд надаас самар идэх үгүйг асуух ёстой байсан юм, авчирсан ч тавганд хийх ёстой байсан гэх мэтээр загнаж зандарч эхэлжээ. Тэрээр зорчигчоос эхлээд заавал асууж байж үйлчлэх ёстой гэдэг дүрмийг мэдэх үү хэмээн онгоцны үйлчлэгчээс асуухад өнөөх нь мэдэхгүй гэж хариулжээ.  Энэ хариултад бүр эгдүүцсэн эзний охин хөлгийн багийн ахлагчийг хүртэл дуудаж загнаад, өмнөө зогссон хоёр үйлчлэгчийг өвдөг сөгдөж уучлал гуйлгасан байна. Ингээд ч санаа нь амарсангүй уурыг нь хүргэсэн үйлчлэгчийг тэр нислэгээр явуулахгүй, онгоцноос хөөж гаргана хэмээн хашгирч, онгоцны ахмадыг шахаж шаардсаны улмаас аль хэдийнэ хөөрөх зурвас руу явж байсан онгоц эргээд нисэх буудал руу буцахад хүрсэн юм. Энэ явдлын улмаас нислэг товлосон хугацаанаасаа 11 минутаар хоцорч Инчонд газардсан байна. Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй. Агаарын тээврийн хатуу чанд дүрэм журмыг зөрчсөн Хитер Чогийн дураараа, дээрэнгүй балмад зан авирын тухай хэвлэлээр тарснаар эргээд “Korean Air” компанийн нэр хүндэд асар сөргөөр нөлөөлж мэдэхээр болсон юм.

Солонгосчуудын нэрлэдгээр жэбол буюу томоохон группийг эзэмшдэг туйлын баян айлуудын талаарх сөрөг сэтгэгдэл энэ явдлын улмаас бүр ч хүчээ авсан учир “Korean Air” компани нэр цэвэр үлдэхийн тулд Хитер Чо төд удалгүй компанийнхаа дэд ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. Түүний алдсан зүйл үүгээр ч дуусахгүй, “Korean Air”-ийн толгой компани “Ханжин” групп дэх бүх албан тушаал, эрх мэдлээсээ салжээ. Түүнийг өөрийн мэдлийн компанийн бүх албан тушаалаас чөлөөлснөө эцэг Чо Ян Хо нь албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр 40  гарчихаад байгаа хүүхдээ сайтар хүмүүжүүлж чадаагүй нь миний алдаа хэмээн мэдэгдээд, охиныхоо хийсэн тэнэг алдааны өмнөөс олон нийтээс уучлал гуйж байна гэсэн юм.  Хэвлэлүүдийн бичиж буйгаар хэргийн эзэн Хитер Чо онгоцноос хөөж доромжилсон үйлчлэгчийн гэрт биеэрээ очиж мөн л уучлал гуйсан гэнэ. Гэхдээ ингэж уучлал гуйхаас өмнө “Korean Air”-ийн албаны хүмүүс үйлчлэгчийн гэрт нь өдөр бүр шахам ирж, энэ хэрэг явдалд Хитер Чо буруугүй, тэр дээрэнгүй зан авир гаргаагүй гэж олон нийтэд мэдэгдэж өгөөч хэмээн гуйж байсан аж. Гэвч эзний охин ямархуу зан авир гаргасныг харсан гэрчүүд үйлчлэгчээр зогсохгүй нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид бүгд мэдэх учир “Korean Air” энэ явдлыг нууж далдлаад өнгөрч чадсангүй.

Эзнийхээ охинд доромж­луулж, онгоцноос хөөгдсөн үйлчлэгч Пак Чан Жин сэтгэл санааны хувьд ямар гутамшигтай байдалд орсноо хэвлэлүүдэд ярьжээ. Тэрээр болсон явдлын тухай “Над шиг ийм байдалд ороогүй л бол олны өмнө доромжлогдох ямар хэцүү болохыг мэдэхгүй байх.
Компанийн эзний охины өөдөөс эсэргүүцэх хүч надад байгаагүй. Тэр онгоцны ахмадыг одоохон наад онгоцоо зогсоогоод, энийг хөөж гарга хэмээн орилж байсан” хэмээн ярьсан байна. Ямартай ч, балмад бүдүүлэг зан авираараа онгоцны үйлчлэгчийг өвдөг сөгдүүлсэн эзний охин ийнхүү өөрөө толгой гудайх өдөр ирдэг байжээ.

0 Сэтгэгдэл
mongol bol halagdaaldaa
solongoschuud mundag yum aa, biznes gedgiig buren utgaaraa oilgodog yum bish uu
Хамгийн их уншсан