Перугийн нийслэл Лима хотноо болсон Агаар мандалд цацагдах нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах НҮБ-ын бүдүүвч конвенцид оролцогч орнууд нь тус бүрт хүлээх үүргийн хэлбэрийн талаар тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү конвенцийн хүрээнд явагдсан хэлэлцээр нь баасан гарагт дуусах ёстой байсан ч баян ба ядуу орнуудын төлөөлөгчдийн хооронд өрнөсөн хурц маргааны улмаас бямба гарагийн шөнө дөл хүртэл үргэлжилжээ.
Гэхдээ яймар ч байсан конвенцид нэгдсэн орнууд
тохиролцоонд хүрч, улс тус ямар хэлбэрээр үүрэг хүлээх дээр санал нийллээ.
Энэхүү баримт бичиг нь 2015 арванхоёрдугаар сард Парис хотноо явагдах хүлэмжийн
хийг ялгарлыг дэлхий хэмжээнд багасгах анхдугаар гэрээний үндэс нь болж өгөх
юм.
Тохиролцооны дагуу оролцогч улс болгон тус тусдаа
тодорхой үүрэг хүлээхээр болов. Энэхүү тохиролцоо нь Дэлхийн хэмжээнд агаарын температурын
дундаж өсөлтийг аж үйлдвэрлэлээс өмнөх эрийн үеийнхтэй харьцуулахад Цельсийн 2
градусын хэмжээнд тогтоон барих зорилготой.
Иймэрхүү тохиролцоонд хүрэлгүйгээр одоо байгаа чигээр нь
зөнгөөр нь хаясан тохиолдолд 2100 он гэхэд дэлхийн дулаан Цельсийн 4 градусаар
өсөх төлөвтэй байгаа юм. Ингэж нэмэгдсэн тохиолдолд дэлхийн хэмжээнд тохиолддог
ган гачиг, үер, зуд, хар салхины тоо ба давтамж эрс нэмэгдэнэ гэж судлаачид
нотолж байгаа юм. Иймд шинэ тохиролцоонд заагдсан зорилгод хүрэхийн тулд
дэлхийн улс орнууд нийлээд хүлээмжийн хийн ялгарлыг 2010 оныхтой харьцуулахад
40-70 хувиар багасгах ёстой.
Бүдүүвч тохиролцоонд нь хөгжиж яваа улсуудыг төлөөлөн Хятад,
Малайз, Венесуэль зэрэг орны төлөөлөгчдийн зүгээс тавьсан шаардлагагыг бараг
тооцоогүй тул зөвшилцсөн хэлбэртэй болсон гэж үзэж байна. Хүлэмжийн хийн
ялгарлыг эрс багасгахын тулд хөгжиж буй улсуудын эдийн засагт амин чухал үүрэг
гүйцэтгэж байдаг эрчим хүчний бохир салбаруудыг хумих, экологийн цэвэр
үйлдвэрлэлд шилжихэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаашрадлагта байдаг тул хөгжиж
буй орнууд нь баян орнуудаас санхүүгийн дэмжлэг шаардсан юм. Энэ шаардлагыг нь
эцсийн тохиролцоон дээр тодорхой тоо зааж дурдахын оронд санхүүгийн дэмжлэг
үзүүлэхэд уриалсан хэлбэрээр оруулсан байна.
Хамгийн гол нь конвенцид оролцогч орнууд нь үнэлэх
аргачлал, үүргээ тодорхойлох сүүлцийн хугацааг тодорхойлох зэргээр хүлээх
үүргийн хэлбэр дээр тохиролцож чадсан байна. Мөн дэлхийн дулаарлын улмаас
ихээхэн асуудалд ороод байгаа орнуудын зүгээс тавьсан хийн ялгарлыг хязгаарлах
одоогийн хурдац хангалтгүй байвал хүлээх үүргийн хэмжээг нэмэх шаардлагыг
эцсийн тохиролцоонд оруулаагүй байна.
Ерөнхийдөө улс болгоны агаар мандалд цацаж байгааг
хүлэмжийн хийн хэмжээг аж үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын хэмжээ, чанараас
хамааруулан дүгнэж, дээд хязгаарыг тогтоогоод тухайн салбарт шинэчлэл хийх
болон бохир салбаруудыг хаах замаар хийн хэмжээг багасгах үүрэг хүлээлгэж, хэрэгжүүлээгүй
тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулах тухай яригддаг. Бохир салбар гэдэгт
ерөнхийдөө нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцууд ордог.