Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Конгресс 2015 оны төсвийг 1,1 их наяд ам.доллараар батлав

Ийнхүү АНУ-ын Конгресс ирэх санхүүгийн жилийн төсвийг 1,1 их наяд ам.доллар байхаар баталснаар Обамагийн Засгийн газар санхүүжилтгүйгээс үйл ажиллагаагаа зогсоох аюулаас аврагдлаа. Гэхдээ Конгресст олон байгаа Бүгд найрамдах намынхан ирэх жилийн төсвийг зүгээр нэг баталсангүй Үндэсний аюулгүй байдлын яамны төсвийг зөвхөн хоёрдугаар сар хүртэл тогтоож онцгойлжээ. Ингэснээр урьд нь Ерөнхийлөгч Конгрессээр хэлэлцүүлэлгүйгээр баталсан шийдвэрүүдийг дахин авч үзэх хэлэлцэх боломжийг гаргаж ирсэн байна.

АНУ-ын санхүүгийн жил нь аравдугаар сарын нэгэнд эхэлдэг ч Сенат болон Конгресст олонх болсон Бүгд найрамдахчууд 2015 оны төсвийг батлахгүй нэлээд асуудал үүсгээд байсан юм. Иймд Ерөнхийлөгч Обама түр санхүүжих тухай тусгай захирамж гарган төрийн албадын үйл ажиллагааг санхүүжүүлж байсан. Одоо ийнхүү батлагдсанаар Америкийн холбооны түвшиний төрийн албад 2015 оны есдүгээр сарын 15-н хүртэл ажиллана.

Конгрессийн баталсан төсвийг Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Обама алгуурлалгүйгээр гарын үсэг зурна гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Конгресст төсвийн санал асуулга эхлэхээс өмнө Обама нь 12 дугаар сарын 17-ныг хүртэлх түр санхүүжилтын тухай ээлжит захирамжаа гаргаад байсан юм.

Обама нь шинэ төсвийн талаар хэлэхдээ засаглалын бүтэц нь намын харьяалаар хуваагдсан нөхцөлд ийм байдал үүсдэг гэдгийг онцлоод төсвийн зарим зүйл таалагдахгүй байгаа хэдий ч эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хийх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд хангалттай санхүүжилт өгч байгаа болохоор дэмжинэ гэсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын яамны санхүүжилтийн тухайд олон сая хууль бус цагаачдад хууль ёсны эрх өгөх ажлыг энэ яамаар дамжин санхүүжүүлэх байсан тул Обамагийн санаачлагыг эсэргүүцэж байгаа Бүгд найрамдахчууд ийнхүү санаатайгаар хоёрдугаар сар хүртэл л санхүүжүүлэхээр болсон аж. Хоёрдугаар сараас хойш санхүүжилтийг үргэлжлүүлэхийн тулд Ардчилсан ба Бүгд найрамдах намынхан нэлээн ширүүхэн маргаан өрнүүлэх бололтой.

Өнгөрсөн жил Конгресс ба Цагаан ордон хоорондын зөрчилдөөнөөс болж Засгийн газар санхүүжилтгүй болж Америк даяар холбооны төрийн түвшний албад 16 хоногийн турш ажилгүй зогсож байсан юм. Тэр үед ийнхүү Америкийн Засгийн газар хууль тогтоогчдын зөрүүд зангаас болж хэд хоног ямар ч мөнгөгүй болсны улмаас үнэт цаасны үйлчилгээнд төлөх ёстой төлбөрөө хийж чадахгүй болж, техникийн дампуурал зарлаж магадгүй эрсдэлд орж байв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан