Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
О.НЯМАА: ИРЭХ ЖИЛЭЭС ХЯТАД ХЭЛ ЗААНА

Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн захирал О.Нямаатай ярилцлаа.

-Танайх ӨМӨЗО-ны Улаан хотын Байроны хошууны Давааны Монгол сургуультай хамтран ажиллаж байгаа гэсэн. Ямар чиглэлээр хамтрах болсон юм бэ?
-Эхлээд хоёулаа манай сургуулийн тухай ярилцъя. “Амгалан” цогцолборын хувьд МУБИС-тай хамтран Байгалийн ухааны сургуулийн харьяа физикийн гүнзгийрүүлсэн анги, ХААИС-тай хамтран биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд хичээллэдэг. Эдгээр ангийг төгссөн хүүхдүүдээс маань БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалт өгөх нь олон. Одоогоор урд хөршид суралцаж байгаа хүүхдүүд ч бий. Тийм болохоор ирэх жилээс хятад хэл, монгол бичгийг сургалтын хөтөлбөртөө оруулахаар зорьж байна.

-Өвөрмонголын Монгол сургуультай хамтран ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Жил л болох гэж байна. Өнгөрсөн жил манай сургуулийн төлөөлөл тус сургуультай танилцаад ирсэн. Харин энэ жил тэд маань ирж манай сургалтын системтэй танилцаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх хичээлийн жилээс эхлээд сурагч, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёр сургуулийнхаа сурагчдын хооронд урлаг, спортын арга хэмжээ ч зохион байгуулж, нягт хамтын ажиллагаатай байхаар төлөвлөлөө.


ӨЛЗИЙМЭНД: ӨВӨРМОНГОЛД СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ТУСГАЙ СУРГАЛТ ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ


ӨМӨЗО-ны Улаан хотын Байроны хошууны Давааны анх зэргийн Монгол  дунд сургуулийн захирал Өлзиймэндтэй ярилцсанаа хүргэе.

-Монголд хэзээ ирэв ээ. “Амгалан” цогцол­бор сургуулийн үйл ажил­лагаатай танилцав уу. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Ирээд хоёр хонож байна. “Амгалан” цогцолбор сургуультай танилцаж дөрвөн ч хичээлд суулаа. Багш нар чадвартай, хүүхдүүд нь ч сайн юм. Манай сургуулийг бодвол ангидаа цөөн хүүхэдтэй юм билээ. Нэг ангид 29-35  хүүхэд суралцдаг юм байна. Манай сургуульд бол доод тал нь 40 гаруй хүүхэд сурна. Бас нэг ажигласан зүйл бол хүү цөөнтэй, охид олонтой юм. Манайд бол хүү нь олон. Хөвгүүд дотуур байрандаа багтахгүй байхад охидын байр хоосон байх жишээтэй.

-Хэдэн багшийн бүрэл­дэхүүнтэй ирсэн бэ?
-Надтай нийлээд 10. Сургалт хүмүүжлийг хариуцдаг товчоо гэж байдаг. Засгаас салаа гаргаад сурган хүмүүжлийн ажлыг хариуцуулдаг юм л даа. Тэр товчооноос нэг хүн ирсэн. Бас дээд зэргийн дунд сургуулийн захирал манай бүрэлдэхүүнд бий. Англи, Монгол, Хятад хэлний багш нар маань байна.

-Дээд зэргийн дунд сур­гууль гэж ямар сур­гуулийг хэлж байгаа юм бэ?
-Эхлээд бага сургууль гэдэг зургаан жил сургадаг сургууль байдаг. Дараа нь анх зэргийн дунд сургууль гэж бий. Гурван  жилийн хугацаатай сурдаг. Улсаас албадан бүх хүүхэддээ энэ есөн жилийн боловсролыг олгодог. Төгсөөд дээд зэргийн дунд сургуульд сурах уу, ажил хийх үү гэдгээ тэд өөрөө сонгодог. Энэ гурван сургууль маань хол хол байрладаг. Хааяа бага сургууль, анх зэр­гийн дунд сургууль хоёр хамт байх тохиолдол байдаг л даа.

-Дунд сургуулийн дотуур байранд ихэвчлэн ямар хүүхдүүд байдаг вэ?
-Дотуур байранд байх сонирхолтой хүүхдүүдийг л байлгадаг. Яагаад гэвэл улсаас дотуур байранд байх хүүхдийн төлбөрийг даачихдаг юм. Дотуур байранд байх нь хүүхдүүдэд ч хэрэгтэй.

-Хичээлээ хийх боломж ихтэй гэж үү?
-Багш нартайгаа хамтран хичээлээ хийж болно. Бас ихэнх хүүхэд маань дотуур байранд байдаг болохоор манай сургууль зургаан өдөр хичээллэдэг. Нэг сар болоод дөрвөн өдөр амардаг. Энэ  дөрвөн хоногт хүүхдүүд маань гэртээ хариад ирж болно.

-“Амгалан” цогцолбор сургуулийн хувьд хамтын ажиллагааны зорилго нь ойлгомжтой байгаа. Та­най сургууль хамтын ажил­лагаанаас хүлээж байгаа гол зорилго?
-Гадаад хэлний багш авч ажлуулах хүсэлтэй байгаа.

-Гадаад хэлний багш дутагдалтай байдаг гэсэн үг үү?
-Үгүй ээ. Байгаа. Байгаа багш нар нь чадварын хувь жаахан муу. Хятад хэлээр дам­жуулж гадаад хэл сурсан учраас монгол хүүхдүүдэд заах­даа учир дутагдалтай байдаг.  Манайх бол Монгол сургууль. Тийм байхад нэг хэлийг сурах гэж бас нэг хэлийг хавчуулаад хэрэггүй биз дээ.

-Монгол сургууль гэлээ. Монгол хэлээр бүх хичээлээ заадаг гэж ойлгож болох уу?
-Болно. Өвөрмонголд Монгол, Хятад сургууль гэж байдаг. Холимог сургууль ч байдаг. Монгол сургуулийн сурагчид нь арай олон. Сургалт нь  ч сайн. Гэхдээ монгол хэлээр хичээлээ явуулдаг ч хятад хэл бас заана аа.

-Манай сургалтын орчноос ялгагдах зүйл харагдана уу?
-Нэлээд их байна. Эндхийн сургууль сургалтын орчин тааруу ч сургах арга барил нь дэлхийн стандарттай нийцэн хөгжиж байгааг ажигласан. Манайд дутагдах зүйлгүй ч гэсэн сургалт маань аль хэзээний хоцрогдсон шүү дээ.

-“Амгалан” сургуулийн хувьд байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Танай сургуулийн хувьд иймэрхүү сургалт байх уу?
-Байхгүй. Улсаас нэг хичээлийг хэдэн цаг орно гэсэн төлөвлөгөө гаргаад өгчихдөг. Тэр дагуу л сургалтаа явуулна. Сургуулийн зүгээс тусгай сургалт явуулахыг хориглодог.

-Манайд бол хүүхэд их, дээд сургуульд ямар чиглэлээр суралцах вэ гэдгээ шийдээд хичээлээ сонгож суралцдаг. Тийм боломжгүй гэсэн үг үү?
-Тийм. Дээд зэргийн дунд сургуулиа төгссөн хүүхдүүд бүгд нэг л төрлийн шалгалт өгдөг. Тэр шалгалтынхаа дүнгээр дэс дэсийн их сургуульд ордог.

-Дэс дэсийн гэж?
-Улсаас эрхэлдэг их сургууль байна. Мужийн их сургууль, эсвэл ганцхан мэргэжлээр элсүүлдэг сургууль гэж байдаг л даа. Хамгийн өндөр оноотой хүүхдүүд улсын сургуульд орно. Дараагийнх нь мужийн гээд л...

-Монголд арваннэг­дүгээр анги төгссөн хүүх­дийн бараг 80-90 хувь нь их, дээд сургуульд ордог. Өвөрмонголын хувьд?
-Миний тооцоогоор бол 60-аас илүүгүй хувь нь их сургуульд ордог. Энэний ихэнх хувь нь Монгол сургуулийн хүүхдүүд байдаг.

-“Амгалан” сургууль маань хичээлийн байрны хүрэлцээ муутайгаас болоод 2-3 ээлжээр хичээллэдэг. Хамгийн олон хичээлтэй анги нь л өдөрт таван цагтай байдаг. Та нарын хувьд хичээлийн хуваарь ямар байдаг вэ?
-Бидний хувьд бол байр маш хүрэлцээтэй л дээ. Тэгээд улсаас төлөвлөсөн сургалтын стандартаар бол хүүхдүүд өдөрт найман цаг сургууль дээрээ байх ёстой болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан