Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон трансжендер эмэгтэй амжилт үзүүлж чадсангүй. Трансжендер эмэгтэй Женна Талакова Канадын “Miss Universe” тэмцээнд оролцож 61 бүсгүйгээс финалын 12-т тунаж үлдсэн ч эхний байруудад шалгарч чадаагүй гэнэ. Эхээс мэндлэхдээ эрэгтэй байсан ч дөрвөн жилийн өмнө хүйсээ солиулсан Женна Талакова миссийн тэмцээнд анх бүртгүүлэхдээ энэ тухайгаа зохион байгуулагчдад хэлээгүйгээс болж хасагдах дөхсөн юм. Түүний оролцсон “Miss Universe” тэмцээний шалгуурт 18-27 насны Канад эмэгтэй байна гэж заасан байдаг. Гэтэл тэрээр байгалиас заяасан хүйсийнхээ талаар худлаа мэдэгдсэн гэж зохион байгуулагчид нь үзэж, хасах шийдвэр гаргасан юм. Харин трансжендер, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах газраас үүнийг эсэргүүцэж, Женнаг тэмцээнд оруулахыг шаардан 20 мянган хүний гарын үсэг цуглуулснаар тэрээр “Miss Universe”-т өрсөлдөх боломжтой болсон. 23 настай трансжендер бүсгүй бусад оролцогчидтой эн тэнцүү өрсөлдөж, усны хувцасны төрөлд ч чамлахааргүй өндөр үнэлгээ авчээ.