Бээжин дэх Италийн ЭСЯ, түүний дэргэдэх Боловсрол солилцооны “Uni Italy” төв, Монгол дахь төлөөлөгч “Edu Italy” хамтран “Италид суралцгаая” боловсролын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон Италийн ЭСЯ-ны Боловсрол хариуцсан аттеше Поета Клаудио ярихдаа “Монголд Италийн ЭСЯ байдаггүй учраас монгол оюутнуудад бэрхшээл учирдаг. Гэсэн хэдий ч “Edu Italy” төв манай ЭСЯ-тай хамтран долоо дахь жилдээ Италийн 56 их сургуульд 350 гаруй мэргэжлээр суралцуулах боломж олгож байгаа. Монгол оюутнуудын хувьд дутагдалтай тал гэвэл хэдхэн мэргэжлийг голлож сонгодог. Италийн дээд боловсролын онцлог гэвэл хувцас загвар, архитектур, дуурийн чиглэлийн мэргэжлүүд байдаг. Үүнээс гадна танай улсад хэрэгцээтэй мэргэжил болох уул уурхай, нисэх хүчин, соёлын өв хамгаалал, физик, үнэт эдлэл судлаач, хот төлөвлөлт гээд олон мэргэжлүүд бий” гэсэн юм. “Edu-Italy” төвийн захирал Ө.Мөнгөнцэцэг “Монгол оюутнууд Итали хэл сурахдаа сайн байдаг учраас татгалзсан хариу авдаггүй. Италийн их, дээд сургуулиудын хувьд үнэ төлбөргүй байдаг. Оюутнуудад маань олон улсын оюутны виз олгогдсноор Шенгений 28 оронд зорчих албан ёсны эрхтэй” гэв.Одоогоор Италид 238 монгол оюутан суралцаж байна.