Барселоны олимпын хүрэл медальт, Азийн хошой аварга,Интернациональ тэмцээний таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхантай ярилцлаа.
-Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан боллоо. Тамирчид маань жаахан амжилтгүй л оролцчихлоо?
-Тийм ээ. Уг нь, олимпын эрх олгох маш хариуцлагатай тэмцээн байсан. Харамсалтай нь тун тааруу л оролцлоо. Нэг тамирчин маань Польшийн тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглож ялагдал хүлээлээ. Амжилт гаргах нөөц бололцоо байсан. Нэг талаараа манайд эмэгтэй бокс хөгжөөд 10 гаруй жил боллоо. Тэгэхээр их муу ч байна гэж хэлж болохгүй. Саяхан Азийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрт манай охид шалгарсан шүү дээ.
-Эрэгтэйчүүдийн хувьд олимпын дөрвөн эрх хүртсэн. 2008 оны олимпоос тооны хувьд дэвшилт гарсан ч, чамлалттай байна гэх юм?
-Миний хувьд чамлаад байх зүйл алга. Энэ дөрвөн тамирчнаа бэлдээд ороход амжилт гаргах боломж бий. Олимп гэдэг маш чанга талбар. Жишээ нь, нэг жинд 32 тамирчин байлаа гэхэд тэдний хэдийг нь манай тамирчин ялах ёстой вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Тэр талын судалгааг ч бид хийж байна. Кубын тамирчинтай таарвал манайх ялах магадлал ямар бол гэдэг ч юм уу. Манай дөрвөн залуугийн хувьд хэн нь ч медаль хүртсэн ч гайхаад байхааргүй шигшмэл тамирчин. Өмнөх олимптой харьцуулахад чанарын дэвшил гарсан.
-Чанарын дэвшил гэдгээ жаахан тодруулаач. 2008 оны олимпод бас л дөрвөн эрх авсан шүү дээ?
-Өмнөх олимпод эрх авах гурван тэмцээн болж, манайх дөрвөн эрх хүртсэн. Энэ жилийн хувьд эрх олгох хоёр тэмцээнээс дөрвийг хүртлээ. Мөн өнгөрсөн олимпод 11 жин байсан бол энэ жил 10 жинд тамирчид өрсөлдөнө. Тэгэхээр илүү ахиц гарсан нь харагдаж байгаа юм.
-Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпод тамирчдад цагийн зөрүү гэх томоохон даваа бий. Энэ тал дээр олимпын боксын холбоо хэрхэн ажиллах вэ?
-Монгол Улсын Засгын газраас нэгдсэн бодлого гарах байх. Зөвхөн бокс гэлтгүй, олимпод оролцох 30-аад тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүстэйгээ нийлээд хэрхэн тухайн орчинтойгоо дасан зохицох уу, бэлтгэлээ хэрхэн хийх вэ гээд нэг шийдвэрт хүрэх байх. Хүн чинь байгалийнхаа хуулиар ч дассан зохицохдоо маш хурдан. Ингэж чадсан тохиолдолд амжилт гаргах нь тодорхой. Миний хувьд ч 1992 онд Барселонад тоглоход цагийн зөрүүгээ гаргах гэж нэлээд л зовж байлаа. Тэр үед нийгэм ч хүнд хэцүү байсан болохоор бараг л очсон өдрийнхөө маргааш нь шууд рингэд гарч, тоглож байсан. Тиймээс Лондонгийн олимпод оролцохын тулд ядаж л долоо хоногийн өмнө очиж, бэлтгэл сургуулилтаа хийвэл сайн байгаа юм.
-Олимпын эрх хүртсэн тамирчид маань ОХУ-ын Хабаровскт хамтарсан бэлтгэл хийж байгаа. Хэзээ эх орондоо ирэх вэ?
-Олимпын өмнөх олон улсын сүүлийн тэмцээндээ оролцчихоод ирнэ.
-Тантай уулзсаных 1992 оны Барселоны олимпын наадмын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдана. Хоёулаа жаахан түүхийн хуудсыг эргүүлэе?
-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ч ярьсан даа. Миний хувьд 1980 оноос энэ спортоор хичээллэсэн. Олимпын наадмын тухай ярихаасаа өмнө анх энэ спортод орж А үсгийг заалгаж байсан үеэ дурсах нь зөв гэж бодлоо. 1980 онд буюу наймдугаар ангид байхдаа Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн секцэнд элсэн хоёр сар гаруйн хугацаанд хичээллэсэн юм.Түүний дараагаар “Хүч” нийгэмлэг рүү шилжиж, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ганбатын шавь болсон. Энэ хоёр багш минь анх л боксын А үсэг зааж их спортод хөл тавиулсан ачтан л даа.
-Нэг түүх сонсч байсан юм. Та “гахай” Ганзориг хэмээх хүүхдийг айлгах зорилготой л боксоор хичээллэж эхэлсэн гэдэг. Үүнийгээ орхичихлоо?
-/Инээв/ Нэг тийм юм бий. Тэрхэн үедээ атаман хүүхэд байлаа. Яг үнэндээ түүнийг дарах зорилготой л энэ спортоор хичээллэсэн. Гэтэл тэр бодол минь цаашилж тамирчин болтлоо явсан.
-Гурван жил энэ спортоор хичээллээд улсын шигшээ багт орсон. Тэр цагаас хойш 1992 он хүртэл таны амжилт тасраагүй. Тэр үеийг таны ид үе гээд хэлчихвэл…?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийгэмлэгийнхээ урдаа барьдаг сайн тамирчид л оролцдог байсан. Тэгэхээр тийм л тамирчдын нэг болж арав гаруй жил амжилт үзүүлсэн гэхээр нэр төрийн л хэрэг байж. Бидний үед нэг жинд 7-8 хүчтэй өрсөлдөгч байлаа. Одоогийн тамирчид шиг дархлагдана гэсэн асуудал байхгүй. Өдөр, шөнөгүй л бэлтгэл сургуулилт хийж байж гэмээнэ чи амжилт олно. Тийм л үе байсан.
-Олимпын өмнөх буюу 1987 онд хамгийн анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод та аваргалж байсан?
-Тухайн үед үзэл суртал гэж нэг зүйл байлаа. Тэмцээнд явахын өмнө Биеийн тамирын хорооны дарга нар “Кувейтэд дайн байлдаан болж байгаа. Элсэн цөл газар ууж идэх юм байхгүй” гэж байлаа. Бид Москвагаас идэх, уух юм аваад Кувейтийн хил дээр очиход шууд хураагаад нүдэн дээр минь асгасан. Шингэн зүйл оруулдаггүй гэнэ. “Бид бэлтгэл хийсний дараа ууж идэх гэж байгаа юм” гэтэл “Та нарт хангалттай идэх юм байгаа” гэсэн. Ингээд л хилээр гарсан. Одоогийн микро автобусанд суулгаж, тэндээ ширээ тавиад цай хийж өгсөн. Би их л гайхаж байлаа. Манайд машин явахад цай нь асгараад сүйд болно. “Асгарчих вий дээ” хэмээн санаа зовсоор буудалд очсон. Гэвч 60, 70 км цаг хурдтай давхихад нэг ч донслоогүй. Кабелийн телевиз гэдэг юмыг тэнд анх үзэж, спрайтыг “Цагаан кола байна” хэмээн гайхацгааж байсан. Зах зээл хөгжчихсөн, бараа таваар гэж янз янзаараа. Миний жинд олон сайн тамирчин өрсөлдсөн. Би дөрөв тоглохдоо гурвыг нь хүнд цохилтоор ялж, түрүүлсэн юм.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртэж байсан уу?
-Тиймээ. Эхний дөрвөн байрт шалгарсан тамирчин олимпын эрхийн болзол хангадаг байлаа.
-Эхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Амаржаргал оролцсон ч эрхээ хүртэж чадаагүй гэдэг?
-Миний хувьд Филиппиний Манилад олон улсын хоёр дахь тэмцээнд нь оролцож мөнгөн медаль хүртэж олимпын эрх авсан. Нэгэнт эрхээ хүртсэн ч гэлээ явах явахгүй нь мэдэгдэхгүй хүндрэлтэй асуудал их гарч л байлаа. Зардал мөнгөнөөс эхлээд. Тэр үед жаахан дарагддаг байсан юм. Энэхүү олимпод оролцоход Эрдэнэт үйлдвэрийн дарга агсан Отгонбилэг гуай надад их тусалсан даа. Уг нь, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа ч хэвийн байгаагүй. Отгонбилэг гуай Завханых болохоор ч тэр үү, нэг нутгийнх гэсэндээ их дэмжсэн шүү. Надад “Нутгийн хүүхэд болохоор л чамд тусалсан шүү” хэмээн хэлж билээ. Одоо ч гэсэн талийгаачид маш их баярлаж явдаг юм.
-Тэмцээнд хамгийн эхлээд гоц мөргөж, дараагийн тоглолтоо Гватемаллын Мауриссо Авиллаг 15:0 харьцаагаар ялж, медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Таны хувьд жин хасаад, нэлээн ядарсан байсан ч, тоглолтыг маш сайхан эхлүүлсэн гэдэг?
-Ядарсан ч гэсэн энэ бол хүсч хүлээж байсан олимп шүү дээ. Шийдвэрлэх тоглолтод МҮОХ-ны Ж.Отгонцагаан бид хоёр өрсөлдөгч тамирчдаа судалсан. Танзаны тамирчин Сөүлийн олимпын туршлагатай Раши Али Хадж Матумла хэмээх хүчтэй өрсөлдөгчтэй таарсан. Ингээд л судалж байж рингэн дээр гарсан. Бас өмнө нь 1980 оны олимпод манай тамирчин Танзаны ширэн бээлийтэнд ялагдаж байсан юм билээ. Миний хувьд рингэнд сэтгэл зүй ч нэлээн өндөр гарсан. Тиймээс ялсан байх. Олимпын наадмын хаалтын үйл ажиллагаанд улсынхаа тугийг барьж явлаа. Энэ үе ч сайхан дурсамж. Нэг талаараа хүрэл медалиа жаахан чамлаад л алхаж явсан.
-26 насандаа олимпод оролцож хүрэл медаль хүртсэн. Үүний дараа амжилтандаа ханачихсан уу?
-Үгүй ээ. Биеийн байдлаас болж л зодог тайлсан. Би 10 км гүйвэл л цус алдчихдаг тийм ужиг өвчтэй байсан. Энэ л нөлөөлсөн. Багш ачаалал өгсөн ч гэсэн өөрөө хүчээр багасгахгүй бол болдоггүй юм. Одоо бол нэг хагалгаанд ороод л эдгэчих байх. Тэр үед ийм асуудал байсангүй. Үүнээс л болж зодог тайлсан байх. Уг нь 30 нас хүртлээ тоглох боломж байсан.
-Монгол Улсын нэр төрийг өндөрт өргөсөн тамирчдад ихээхэн хэмжээний мөнгө төгрөг өгдөг болж. Тухайн үед олимпын хүрэл медаль хүртээд ирэхэд танд улсаас юу өгч байв?
-Үүнийг ч их л ярьсан даа. Тухайн үед одоогийн тамирчид шиг олон сая төгрөг авч байсангүй ээ. Бэлтгэлээ хийгээд, цалингаа аваад л явдаг байлаа. Одоо бол эсрэгээрээ “авдаг ч юм уу” гэсэн бодол төрдөг болсон шүү. Тэр үеийн нийгмийн онцлог л байж. Одоо тамирчид олон улсын тэмцээнээс медаль хүртээд ирвэл төр засгаас харж үзэхгүй байсан ч, зарим нэг нь хөөцөлдөөд л хэдэн төгрөг олж авна шүү. Бидний үед тийм юм хөөцөлдөх нь байтугай багш дасгалжуулагчаасаа хулчийж эмээдэг байлаа. Нэлээн даруулгатай, дэгтэй байж. Харин одоо амьдрал ахуйгаа бодсон ч шагнал урамшуулал авмаар санагдах үе байдаг.
-Таныг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд л жаахан азгүйтчихдэг байсан гэх яриа бий?
-Хамгийн анх Москвад болсон тэмцээнд оролцож медалийн төлөөх тоглолтод Кубын тамирчинд ялагдсан. Дараа нь Австралид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч медалийн төлөө тоглолтод Европын аварга Румыний тамирчинд оноогоор дийлдсэн. Үүндээ жаахан харамсч явдаг юм.
-Н.Баярсайхан ах маань их шүтлэгтэй гэж сонссон?
-Тиймээ. Манай ээжийн тал хувилгааны удамтай. Түүнээс өвлөгдөн ирсэн рашаантай будаан утлага байсан юм. Маш олон жил хадгалсан мөртлөө ээж минь үржүүлээд л байсан. Тэмцээнд орохын өмнө ээж минь “За миний хүү үүгээр утаарай” гээд л хэлнэ. Түүгээр нь утаж, тоглохын өмнө бурхандаа залбирдаг байсан. Заримдаа түүнийгээ цацаж, утаж чадахгүй үедээ хүнд байдалд орчихдог. Ер нь одоо ч гэсэн маш их шүтлэгтэй шүү.
-Дүү тань Кубад боксын сургууль төгссөн. Кубаас боксын спортын мэргэжилтэн ч манайд ирэх сураг дуулдсан. Энэ юу болсон бэ?
-Тиймээ. Ивээн тэтгэгч байгууллагууд ч сайн туслах байх. 2016 он хүртэл ажиллана. Нэлээн сайн дасгалжуулагч. Цаашлаад 2020 оны олимпод Кубын шигшээ багийн школоор бэлтгэл сургуулилт хийвэл сайн тамирчин гарч ирнэ шүү. Сайн тамирчин төрвөл Куба дасгалжуулагчийн нэр гарахгүй шүү дээ. Монгол Улсын л нэр гарна.
-Бас нэг асуух юм байна. Э.Бадар-Ууган олимпод оролцсон бол хос медальтан болж чадах байсан уу?
-Байсан. Би өөрөө олимпын эрхийн тэмцээнд цуг явсан. Түүний жингийн тамирчдыг харж байхад нөөц бололцоо манайд байгаа нь харагдсан. Бэртэл гэмтэл гэдэг ийм л хэцүү. Монголын хамгийн анхны олимпын хос медальтан болох боломж түүнд байлаа.
-П.Сэрдамбыг алтан медалиа хятадуудад худалдсан гэх яриа бий. Алтан медалийн оронд Буянт-Ухаа дахь спорт цогцолборыг хувьдаа авсан гээд л …Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүмүүс ингэж цуурах юм. Ор үндэсгүй худал яриа.Тухайн тамирчныг дийлэхгүй л бол дийлэхгүй. Ямар ч тамирчин хүсэн хүлээсэн, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан бэлтгэлийг хэдхэн төгрөгөөс болж үгүй хийдэггүй. Жишээ нь, Монголын хөлбөмбөгийн шигшээ, Английн аваргуудын лигийн багтай тоглоход яагаад ч дийлэхгүй биз дээ. Миний хувьд ийм муухай ярианд эмзэглэж явдаг.
-О.Үйтүмэн гавьяат холбооны одоогийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваад байдаг юм шиг?
-Нэг талаас нь харахад түүнийг их үнэлдэг юм. Өөрөө энэ ажлыг хийж явсан хүнд өөр хүн ажлыг нь аваад явахаар бухимдалтай зүйл олон гардаг байлгүй дээ. Түүнийг би муу ажилласан гэж хэлдэггүй. Манайд ажиллаж байсан хүмүүс цалингүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ ажилладаг. Одоогийн удирдлагууд ч тэр үүрэгт ажлаа гүйцэтгээд л явж байгаа.
-Та олимпын медальтнуудын холбоог удирдаад нэлээд удчихлаа. Бээжингийн олимпоор ахмад тамирчдаа тэмцээн үзүүлнэ гээд чадаагүй. Энэ жилийн олимпод яах вэ?
-Хөөцөлдөж л байна. Нэг талаараа ахмад тамирчид маань Монголд тэмцээн болоход хүндэтгэлийн суудалд суун тухтай үздэг бол тэнд очвол чадахгүй. Энэ талын асуудлыг ярилцаж байгаад аль тохиромжтой аргыг сонгох байх. Олимпын медальтай 19 хүн байдгаас гурав нь нас барсан. Нэг нь гадаадын иргэн болсон байдаг. Мөн бид энэ жилээс үндэсний их баяр наадмаар олимп дэлхийгээс медаль хүртсэн тамирчдаа сайхан жагсаагаад ард түмэнтэйгээ мэндчилдэг болохоор төлөвлөж байна.
-Энэ чинь өнгөрсөн жил тавьсан асуудал биз дээ. Бараг л хэн дуртай нь жагсаад л наадамчин түмэнтэй мэндчилээд байдаг мөртлөө тэднийг тоохгүй байна уу?
-Хүсэлтийг минь хүлээж аваагүй. Энэ жил яах бол. Сайн мэдэхгүй л байна. Бичгээ хүргүүлсэн байгаа.