Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАЯРАА: ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ОРОЙ ДҮРМЭЭ ТАНИЛЦУУЛДАГ ХОЛБОО МАНАЙХААС ӨӨР АЛГА

Чөлөөт бөхийн эрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа. Энэ жил манай тамирчид дэлхийн аваргын дэвжээнд огт ядарсан байдал үзүүлээгүй нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийснийх. Тийм ч учраас тамирчдын ар талыг хариуцаж яваа түүнтэй яриа өрнүүлэлгүй өнгөрч чадсангүй.

-Чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд анхаарч ажиллах жингүүд аль нь вэ?
-Өмнө нь бол чөлөөт бөх маань маш хэцүү байлаа. Цөөн тамирчинтай учраас нэг жинд нэг л тамирчин барилддаг. Нөгөө хэддээ л найдлага тавьдаг байсан. Аливаа амжилт цаг хугацаа шаарддаг юм байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй шат дараалсан арга хэмжээ гарч байж сайн тамирчид төрдөг. Одоогоор бол манай баг тамирчид дэлхийн 106 орны эхнээсээ зургадугаарт орлоо. Зөвхөн медаль авсан Ням-Очир, Мандахнаран хоёроос гадна алдаатай шүүлтээр хасагдсан Бэхбаяр маань медаль авах учиртай байлаа. Цаашлах юм бол Өнөрбат, Үйтүмэн, Хүдэрбулга гээд ази тивийн аваргууд жин тус бүрдээ жигд гарч ирсэн учраас бид дэлхийн ямар ч орны багийг айлгах хүчтэй өрсөлдөгч болж чадлаа.
-Тэмцээн  бүрийн араас л шударга шүүлт нэхэмжлэх явдал хэзээ зогсох юм бол. Манайхан ч будлианд өртөж дуусахгүй юм?
-Санаж байна уу. Өнгөрсөн жилийн Мандахнарангийн хэсгийн аваргын төлөө Кубын бөхтэй өрсөн барилдааныг. Кубыг хэрэв Мандахнаран маань ялсан бол алтан медалийн төлөө барилдах байлаа. Гэхдээ өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон Армины бөхтэй энэ жил таарч 10:0 харьцаатай хожсон. Хэрэв шударга шүүсэн бол өнгөрсөн жил бидэнд аваргын цол хүртэх боломж байсныг энэ жил баталчихлаа. Шүүгчийн ажиллагааг олон талаас нь харах хэрэгтэй. Манайх шиг маргааш дэлхийн аварга эхлэх гэж байхад урьд орой нь шинэчилсэн дүрмээ танилцуулдаг холбоо хаана ч байхгүй л дээ. Энэ бол маш хариуцлагагүй байдал. 12-хон цагийн дотор хуучин дүрмээр хамаг тактикаа боловсруулчихсан хүмүүс шинэ дүрмээ ойлгож, дасах аргагүй байдалд хүрсэн. Энэ бол миний ганц эвлэрдэггүй зүйл. Шинэ дүрмээр бол хэвтээ байрлалаас ард гарвал нэг оноо өгөх ёстой байж. Гэтэл Мандахнарангийн оноог тооцоогүй. Үүнээс болж тэнцээд онооны чанар, бүхэл оноо гэдгээрээ хожигдсон л доо. Шавийнхаа төлөө шүүгч нартай маргалдаж, бичлэг үзэхийг шаардсан. Тэгснийхээ төлөө сануулга авахад зарим хүн намайг та одоо шүүгчийн шар карт авч таван мянган Швейцар франкаар торгуулчихлаа гээд зэмлэж байсан. Би өөрийнхөө төлөө хэрүүл хийсэн юм биш тамирчнаа өмгөөлж, шүүгчдийн гаргасан алдааг л эсэргүүцсэн. Тэгтэл шүүгч нь өөрсдийнхөө алдааг ухаарч намайг тоогоогүй. Эргээд иртэл Монголд энэ талаар худал үнэн олон яриа гарсан байсан.
-Одоо манайхаас дэлхийн аваргын дэвжээнд шүүгч ажиллаж байгаа юу?
-Монголчууд маань мэдэх байх, дэлхийн шилдэг шүүгч, алтан шүгэл шагналт А.Басхүү гэж хүн байлаа. Түүний дүү Баасанхүү гэж олон улсын шилдэг шүүгч, түүний дараа Сэрээтэр гэж олон улсын шүүгч байсан. Харин тэдний дараа олимпын зэрэглэлийн шүүгч Төмөрбаатар гэж байсан юм. Харин одоо Ганбаатар, Болормаа гээд олон шүүгч гарч ирсэн. Гэхдээ манайхан шүүгчээ өндөр зэрэглэлд бэлтгэх, олон улсын зэрэглэл авахуулах хэрэгтэй байгаа. Манай А.Басхүү шүүгч дэлхийн чөлөөт бөхийн холбооны алдрын самбарт мөнхөрсөн анхны монгол хүн юм. Түүний зэрэглэлтэй шүүгчийг л бодлогоор бэлтгэх нь бидний гол зорилго болоод байна. Тийм шүүгч манай монголчуудад, тамирчдад хэрэгтэй байгаа.
-Шавь нарын тань талаар асуумаар байна. Гавьяат Мандахнарангийн барилдааныг харахад өөртөө их итгэлтэй, дайрч барилддаг. Тэгэхээр дасгалжуулагчийн зүгээс шавь нартаа ямар чанарыг эрхэмлэхийг сургадаг вэ?
-Шигшээ багт ажилласан арав гаруй жилийн хугацаандаа хамгийн анх гавьяат тамирчин Наранбаатартай ажиллаж байлаа. Тэгэхэд 2007 онд Бакугийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авч чадсан. Тэр үед анх удаа монголчууд багаараа дэлхийн шигшээ багийн төрөлд тэргүүлж, данслагдаж байлаа. Энэ өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэсэн арга туршлага дээрээ үндэслээд олимпийн хоёр цикльд Батзориг, Чулуунбат, Наранбаатар одоо гарч ирж байгаа шинэ залуу тамирчдаа бэлтгэсэн. Ингэхдээ ОХУ-ын Краснойярск хотод докторын зэргээр суралцлаа. Олимпын гурван ч удаагийн аварга хүний багшид шавь орж ажилласны хүчинд тодорхой мэдлэг, туршлага хуримтлуулсан л даа. Үүнийгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаа нь шавь нарын маань амжилтаар илэрлээ гэж боддог.
-Амжилтад хүрч буй тамирчдаас гаднө өөр олон залуус байгаа. Тэгвэл багш хүний хувьд цаанаа нуучихсан, нөөж байгаа “битүү морь” гэдэг шиг гэнэт гаргах тамирчин хэд байна вэ?
-Олимпын цикьлийн төлөвлөлтийг жил бүр гаргадаг. Эхний нэг жилд улс орон даяар тамирчдын нөөц бэлтгэнэ. Ингэснээр тэндээс ирээдүйтэй тамирчдыг олж нээдэг. Ингэхдээ зүгээр нэг хараад сонголт хийхгүй л дээ. Сэтгэлзүй, биеийн хөгжил, булчин, ясны бүтэц гээд нарийн судалгаа хийдэг юм. Тэр сонгосон тамирчынхаа бие бялдрыг хурдан хугацаанд хэрхэн хөгжүүлэх нь хамгийн хүнд, нарийн зүйл. Энэ бол хоёрдахь жилээс эхлээд хийх ажил. Харин үүний дараа барилдааны техник тактикийг нь боловсруулснаар дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх хэмжээнд хүргэдэг. Сүүлийн жилд өнгөрсөн гурван жилээс шалгаран гарч ирсэн тамирчныхаа өрсөлдөгчдийг судална. Хамгаалалт, довтолгоо, ажиллах чадварын найдварыг судалж тогтоож, нарийн судалгаа хийж чадвал сая багш хүн “За би энэ хүүхдийг дэлхийгээс медаль авхуулна аа” гэж бардам дуугарч болно. Амжилт бол маш урт хугацааны судалгаан дээр суурилсан бэлтгэл сургуулиар л ирдэг. Хэрэв бэлтгэлийг хэтрүүлэх юм уу, дутуудуулбал эргээд тамирчин маань зүрх судасны өвчтэй, ядаргаанд орсон, нас богинотой хүн болж хувирдаг. Энэ болгоныг нарийн тооцож, ар талыг нь баттай даахад маш нарийн судалгаа хэрэгтэй.
-Таныг барилдаж байх үед энэ бүгдийг нарийн тооцдог байв уу?
-Сүүлийн үед эмэгтэй төрлөөс олон сайхан дасгалжуулагч төрж байна. Түүнийхээ хүчээр эмэгтэйчүүд маань өндөр амжилт гаргаж байгаа. Харин манай эрчүүдийн хувьд алтан үеийнхний амжилт гаргаж байсан тэр үндэс нь орос мэргэжилтнүүд дээрх судалгааг хариуцаж байсантай холбоотой. Амжилт бол олон талтай. Энэ ердөө нэг л тал нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан