Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийг цочирдуулсан нь


Чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн Узбекийн нийслэл Ташкент хотод болж манай баг амжилттай оролцоод өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн. Эрчүүд маань дэлхийн аваргын хоёр хүрэл медалийг эх орондоо авчирсан бол эмэгтэйчүүд маань нэг алт, нэг хүрэл медальтай ирснээр манай улс дэлхийн 80 гаруй орноос зургадугаар байрт орсон амжилт үзүүлж, ирэх жил зохиогдох Дэлхийн цомд оролцох эрхээ авсан билээ. Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн холбооноос сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын эхэнд холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Бид баг тамирчдаа тэмцээн эхлэхээс 5-6 хоногийн өмнө аваачсан. Энэ нь тухайн орны уур амьсгалд дасан зохицоход хэрэгтэй байлаа.
Тэмцээний үеэр Таш­кентад 30-35 хэмийн халуун байсан. Харин бид эрт очиж, уур амьсгалдаа дасч амжсан нь тамирчдын амжилтад нөлөөлсөн” гэв. Үнэхээр манай тамирчдаас энэ удаагийн тэмцээнд барилдааны үеэр ядарсан тамирчид байгаагүй. Харин ч өрсөлдөгчдөө ядрааж, бат итгэлтэйгээр ялж байсан нь монголчуудын бяр хүчийг чөлөөт бөхийн дэвжээнээ тунхагласан хэрэг байлаа.


Дэлхийн бөх

Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдар эх орондоо авч ирсэн 19-хэн настай охин өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Түүний хаашаа ч харсан инээмсэглэх царайнаас жаахан хүүхдийн гэмээр төрх үе үе цухалзана. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас алтан медаль зүүсэн С.Цэрэн­чимэд маань өнөө жил анх удаа насанд хүрэгчдийн дэл­хийн аваргад зодоглон амжил­таа бататгаж, эх орны­хоо нэрийг Ташкентийн тэн­гэрт цуурайтуулаад ирсэн, дэлхийд данстай бөх.

Тэрээр тэмцээний барилдаануудынхаа талаар “Миний дархан мэх маань хөл авах. Тиймээс энэ мэх дээ­рээ сайн ажиллаж, барил­дана гэж багштайгаа ярилцсан. Ерөнхийдөө бүхий л барилдаандаа энэ мэхээрээ л оноо авч байсан” хэмээн ярив. Тэрээр хамгийн сүүлийн буюу аваргын төлөөх барилдаанаа Азербайжаны бөх Юлия Раткевичтай хийж, 12:3 харьцаатайгаар ялсан. Түүнийг дэвжээнд гарахаас нь өмнө дасгалжуулагч багш болох Батбаяр “Чи өмнө нь хийсэн гурван барилдаандаа гаргасан хүчээ нийлүүлэх хэмжээний тийм их хүч одоо гаргах хэрэгтэй шүү” гэж захиж. Цэрэнчимэд маань ч багшийнхаа үгийг яах аргагүй биелүүлж, илт давуугаар ялсан. Түүнийг ялаад дэвжээнээс буухад заал дүүрэн үзэгч босч алга ташин, Японы эмэгтэй баг тэр чигээрээ ирж баяр хүргэсэн гэсэн. Үнэхээр дэлхийн аварга хүн хэрхэн барилдах ёстой жишгийг үзүүлж чадсан учраас л тэр. Энэ талаар С.Цэрэнчимэд “Хоёр дахь барилдаанаа Японы бөхтэй хийсэн. Өмнөх тэмцээнүүдэд японы тамирчинтай таарахаараа л ялагдаад байсан учраас маш хянамгай барилдсан” хэмээн инээв.

С.Цэрэнчимэдээс гадна энэ удаагийн тэмцээнээр өөрийгөө батлан харуулж чадсан О.Бурмаа бол Монголын бахархал. Дэлхийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медаль энгэртээ зүүсэн тэрээр ирэх олимпоор алтан медаль хүртэнэ гэсэн зорилгоо батлан өнөө жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.
Харин эмэгтэйчүүдийг ахалж явсан гавьяат дасгал­жуулагч Батбаяр “Бид алт, хүрэл медальтай ирчихээд ингээд сууж байгаа ч гэсэн зорилгоо бол  биелүүлж чадсангүй. Анх бид гурван зорилготой явсан. Мэдээж алтан медаль мөрөөдсөн. Бүх жинд тэгшхэн амжилт үзүүлж, шагналт байруудад орох мөн багаараа эхний гурван байрт жагсах зорилготой явсан ч ганцыг нь л биелүүллээ” хэмээн гомдолтой ярьсан. Тэ­рээр “Надад долоон жи­лийн өмнө эмэгтэй багийн дасгалжуулагчийн санал тавихад айж байсан ч өнгөр­сөн хугацаанд нэг л зүйлийг ойлгож авлаа. Эмэгтэйчүүд маань эрчүүд биднээс хавьгүй илүү тэсвэр тэвчээртэй хүмүүс учраас одоо байгаа амжилтаа улам өргөж, дэлхийд тэргүүлэх цаг ойрхон байна” гэсэн юм.

Сул талыг сайн тийш нь

Холбооны дэд ерөнхий­лөгч, гавьяат тамирчин Н.Бүргэд Г.Мандахнарангийн амжилтыг онцгойлон үнэлсэн юм. “Би өөрөө чөлөөтөөр олон жил барилдаж, дэлхийн тавцангаас медаль авч явсан. Гэхдээ ийм уран гоё, өндөр түвшний барилдаан харж байсангүй. Өрсөлдөгчөө барилдах хүч чадалгүй болтол ажиллаж, хялайлгаж байна. Энэ бол бэлтгэл сайн байгаагийн л шинж. Бэхбаяр маань ямар ч медаль авах боломжтой байсан ч шүүгчийн бага зэрэг будлианаас болж ялагдсан. Би хувьдаа эрэгтэй баг гурван медаль авсан гэж бодож байгаа” гэсэн юм.

ДАШТ-ээс хоёр дахь медалиа гуядаж авсан гавьяат тамирчин Г.Мандахнаран “Хүрэл медалийн төлөө 7:0-ээр ялагдаж явах үед юу бодогдсон бэ. Тийм хүнд нөхцөлөөс ялалт байгуулах хүчийг хаанаас олж авав” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би 3:50 секунд дээр эхнийхээ оноог авсан. Өрсөлдөгч бөх маань ядарч байгаа нь илт мэдрэгдэж байсан тул довтолгоогоо сайжруулж, улам ядрааж хожсон. Медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө ядрааж, элгээр нь хэвтүүлж хожсон нь Монголын баг тамирчдын ажиллах чадварын түвшин дэлхийн хэмжээнд байна гэдгийг нотлон харуулж байна. Энэ бол сургалт, дасгалжуулалттай нягт холбоотой. Манай багш нар үүн дээр маш сайн ажиллаж байгаа. Спортын амжилт гэдэг ганц хувь хүний зорилго, зорилт биш. Бэлтгэл хангагч, багш нар, ивээн тэтгэгч гээд маш том баг ажиллаж байж амжилт ирдэг” гэдгийг хэлсэн юм. Тэрээр чих, толгой, нүүрэндээ бэртэл гэмтэл авч, нэлээн хүнд барилдаан хийсний эцэст медаль дээр буусан. Одоо ч толгой нь боолттой байна билээ. Энэ талаараа “Тамирчин хүн дэвжээн дээр гарсан л бол ямар ч нөхцөлд ялах л ёстой гэдгийг толгойндоо суулгадаг. Тийм учраас тэр хүн чамайг цохино уу, зодно уу, базна уу, ямар ч тохиолдлыг тоолгүй барилдах ёстой гэсэн бодолтой байсан. Өрсөлдөгч бөх маань барилдахыг биш, намайг зодохыг хүсч байсан болохоор илүү их ядарсан байх” гэсэн юм.

Монголын багийн анхны медалийг авчирч, бусдадаа сэтгэл санааны том дэмжлэг үзүүлсэн хүн бол ОУХМ Э.Ням-Очир. Уг нь тэрээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнд нэрээ дархлах боломжтой байсан ч тун харамсалтайгаар медалиас мултарсан билээ. Харин энэ удаа даагаа нэхэж, ДАШТ-ий медальтны эгнээнд нэгдсэн юм. Тэрээр “Миний хувьд таван тойрог барилдсан. Солонгос, Иран, Болгар, Словак, Казахстаны бөхчүүдтэй барилдаж медальд хүрлээ. Би өнгөрсөн жил медалийн төлөө барилдаад харамсалтай ялагдсан. Харин энэ удаа даагаа нэхэж чадлаа. Өнгөрсөн жил Болгарын В.Дубовт ялагдсан. Харин энэ удаа 5:0-ээр хожигдож яваад хойноос нь нөхөж, зургаан оноо да­раа­лан авч ялсан. Ажиллах чад­вар, бэлтгэл сайн байсан боло­хоор тэгж хожсон болов уу гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Сонголт бий

Чөлөөтийнхний дараагийн сорилт бол БНСУ-ын Инчон хотноо болох Азийн наадам. Манай эрчүүдийн шигшээ энэ тэмцээнд хоёрдугаар багаа сойх бол эмэгтэйчүүд эндээс том амжилт хүлээж буй. Тийм ч учраас шинэхэн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, хүрэл медальтай ирсэн О.Бурмаа зэрэг олон хүчирхэг бүсгүйчүүд маань зодоглоно.
Урьд нь бол ямар ч тэмцээнд жин бүрт ганц ганцхан бөхөө дасгалжуулаад л явуулдаг байсан бол одоо тамирчдаасаа сонголт хийж, тэмцээнд илгээх болж. Өнгөрсөн дэлхийн аваргын наадмаар гавьяат тамирчин С.Батцэцэгийн бэртэл сэдэрч. Уг нь шинэхэн дэлхийн аварга С.Цэрэнчимэд маань Азийн наадамд явахааргүй байсан ч С.Батцэцэгийг орлох зайлшгүй шаардлага гарсан учраас жин өгсч барилдахаар болсон юм билээ. Эрчүүд маань хоёрдугаар багаа явуулж байгаа нь амжилтандаа сэтгэл ханасан зүйл биш. Барилдаан нь судлагдаагүй “битүү морьд” олон байгаа учраас олон Азийн аварга төрөх боломжтой гэдгийг ч багш нар хэлж байсан юм.

Дэлхийн аваргын тэмцээнийг ирэх жил авах гэсэн боловч

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн нийслэл Ташкентэд болоход олон хүн манайх яагаад дэлхийн аваргын тэм­цээ­нийг зохион байгуулж бо­лохгүй гэж хэмээн үг уна­гаж байсан. Энэ талаар Мон­голын чөлөөт бөхийн холбоо­ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Манайхан Дэлхийн чөлөөт бөхийн хол­боонд саналаа хүргүүлж, ирэх жилийн залуучуудын дэлхийн авар­гыг зохион байгуулахаар эрчимтэй хөө­цөл­­дөөд эрхээ авсан. Гэх­дээ дэлхийн аварга маань яг манай оронд аялал жуулчлалын улиралтай давх­цах учраас гадаадаас ирсэн тамирчид байрлах буудал бо­лон нааш нь зөөх онгоц хүрэлцээгүйгээс цуцалсан. Ма­­­найх 2017 оноос заавал на­­­­­­санд хүрэгчдийн дэлхийн авар­гын тэмцээнийг авна. 2016 онд Азийн олимпын эрх авах тэмцээнийг авахаар санал хүргүүлсэн. Мөн хажуу­гаар нь олон улсын эрхийн тэмцээнүүдийг авах зорилт тавьж байна. Хэрэв улсын маань нөхцөл байдал сайжирчивал болохгүй зүйлгүй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан