Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Балжинням: Лондонгийн олимп надад эцсийн дүн тавих байх

Жүдогийн шигшээ багийн ахлах болон дасгалжуулагч О.Балжиннямтай Лондонгийн олимпын гараан дээр ярилцлаа.

-1992 онд та Ч.Насантогтох  багшаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн  ажлаа авч байсан. Бас 1997 онд та Ч.Насантогтох багшид  ажлаа шилжүүлж өгөөд, одоо буцаад л ахлах дасгалжуулагчаар ирж байна. Энэ бас их сонин тохиолдол шүү.  Долоохон сарын дараа Лондонгийн олимп гээч том зүйл хаяанд тулаад ирлээ.  Шигшээ багийн тамирчидтай  бэлтгэлдээ орсон л биз дээ?
-Тийм ээ. Энэ гэхдээ байдаг л зүйл. Ямар ч газар, албан байгууллага бай ажлаа урагштай явуулахын тулд томилгоо хийдэг. Тэр  зүйл л  боллоо.  Холбооны зохион байгуулалт, бэлтгэлийг эрчимжүүлэх ажил эд өрнөж байна. Шигшээ багийнхаа тамирчидтайгаа тогтмол цагтаа бэлтгэлээ хийж  байгаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч солигдлоо гээд суугаад байж болохгүй биздээ. Намайг ажлаа аваагүй байхад, мөн Насаа  багш ажлаа өгсөн ахлах дасгалжуулагчийн орон  тоо ганхаж байхад ч тамирчид бэлтгэлээ хийж л байсан. Ажлаа авсан дариудаа бэлтгэлдээ орсон.

-Маш хариуцлагатай үед л томилолтоо авчих шиг боллоо?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ ах нь хариуцлага мөн  лондонгийн олимп гээд халширах зүйл алга. Харин ч баг хамт олноо нягтруулах, бэлтгэл сургуулилтад нь  хамаг анхаарал минь төвлөрч байна. Баг  хамт олон эвсэг байвал  амжилт дагадаг юм шүү  дээ. Жишээ нь уулзаж ярилцаагүй нэгэнтэй нь ярилцаж, хүн бүрт бэлтгэлийн төлөвлөгөөг нь эхний ээлжинд гаргаад л явж байгаа.

-Ч.Насантогтох багш албан тушаалаа өгөхдөө Х.Болдбаатар багшийн нэрийг дэвшүүлсэн. Гэтэл Х.Болдбаатар багшийг шалгаруулалтад оролцуулаагүй. О.Балжинням аваргын нэрийг дээрээс өгсөн гэх мэт яриа гараад байна. Энэ үнэн юм уу?
-/Инээв/.Манайхан юмыг их гуйвуулж ярих дуртай хүмүүс юм аа. Насаа багш маань Болдбаатар багшийн нэрийг дэвшүүлсэн нь үнэн. Шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн  сонгон шалгаруулалт ч болдог журмаараа л болсон гэж бодож байна. Шалгаруултад нэлээн олон хүний нэр байснаас найман хүний нэр эцсийн шатанд үлдсэнийг  хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Болдбаатарыг шалгаруултад оролцуулаагүй юм биш. Нэг хүний шийдвэрээр асуудлыг шийдэж болохгүй шүү дээ. Үүнийг чинь холбоо, цаашлаад биеийн тамир спортын газар мэддэг юм. Тэгээд л эцсийн шийдвэр гарсан байх аа. Х.Баттулга сайд ч гэсэн  энэ ажлыг хийгээч хэмээн санал болгож байсан. Эцсийн шийдвэрийг биеийн тамир спортын газар, холбоод л шийдэрлэсэн байх.

-Та улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан. Магадгүй туршлага ,бас дээр нь  өөрөө энэ тогоонд чанагдаж байсан тамирчин хүн гэдэг утгаар  чинь  ахлах дасгалжуулагч болгосон байх аа?
-Тийм л байх. Би ч бас бодоод л байгаа юм. Монголын жүдо бөхийн холбоо гэдэг энэ том айл өрх надад итгэл олголоо. Ах нь итгэлийг нь ямар ч байсан хөсөрдүүлэхгүй л гэж бодож байгаа. Өөрөө энэ спортод их хайртай болохоор ямарч хүнд хэцүү зүйл тохиолдсон арай л элгэмсүү хандах нь ойлгомжтой байх аа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхийн тамирчид маань бүдэрсэн. Энэ тэмцээнээс та бол аль хэдийнэ дүгнэлт хийчихсэн л  байж таараа?
-Тэгэлгүй яахав. Амьдралын минь олон ч сайхан он жилүүд энэ спорттой хамт өнгөрсөн болохоор хүүхдүүдээ хаана тэмцээн уралдаанд оролцоно харж л суух юм. Гэхдээ манай шигшээгийн бүрэлдэхүүн маш сайн.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө олон найр наадам болсон. Үүнд бэлтгэл сургуулилт нь цалгардсан юм байгаа. Мөн баг хоорондоо хариуцлага алдсан зүйл надад ажигллагдсан. Хариуцлага гэдэг маань багш шавь хэтэрхий найзан дундаа орох ч юм уу. Ийм зүйл байж болохгүй. Багш шавийнхаа найз нь байж болно. Гэхдээ дэгтэй байх хэрэгтэй. Үүнээс л нөгөө сайн бэлтгэл гээч юм ханхлахаа больж байгаа юм. Энэ мэт шалдар булдар зүйл  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт тааруу оролцоход хүргэсэн байх.

-Саяхан боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Мөн л шигшээ багийн дасгалжуулагч өөрчлөгдсөн нь тамирчдын амжилт муутай оролцоход нөлөөллөө гэж үзэж байна. Үүнийг Банди багш ч гэсэн хэлсэн байна билээ. Гэтэл хүмүүс  яг энэ  алдаа  жүдогийн тамирчдад ч  мэдрэгдэнэ гэх юм?

-Гайгүй байлгүй дээ. Бид ямар Насааа  багшийн хийлгэж байсан бэлтгэлийг нь зогсоогоод огт мэдэхгүй зүйлийг тамирчдад эхнээс нь зааж байгаа биш. Хийж байсан бэлтгэл нь үргэлжилээд л явна.  Дээр нь өнгөрсөн жилүүдэд гаргаж байсан тамирчдын алдаан дээр нэмж ажиллах учраас бүх зүйл болно л гэж үзэж байгаа.

-Уучлаарай. Шигшээ багийн зарим нэгэн тамирчин Ч.Насантогтох багшийг ажлаа өгнө гэхээр жаахан хэцүүхэн л байна. Өөр багштай бэлтгэл хийнэ гэдэг амаргүй л дээ… гэх мэт яриа гаргаж байсан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болоод ороод ирэхэд тамирчид маань хэрхэн хүлээж авсан бэ?
-Зүгээр дээ. Хүн хүний  бодол өөр шүү дээ. Ч.Насантогтох багш минь үнэхээр  монголын жүдо бөхийг дэлхийн тавцанд гаргаж чадсан хүн. Тамирчид маань хүндэлж, бүр шүтэж явхаас аргаггүй хүн л дээ. Намайг ажлаа аваад шигшээ багийнхантай уулзахад маш сайхан хүлээж авсан.  Ер нь ч тэгээд тамирчин хүнд ямар дасгалжуулагч байх нь нэн түрүүний чухал зүйл биш. Тийм болохоор бэлтгэл сургуулилтыг чанаржуулахын тулд хийлгэх бүх зүйл ээ хийлгэнэ. Тамирчин хүн бол өөрөө хичээгээд л бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч юу гэнэ хийх л ёстой. Бэлтгэл эхлээд явж байхад нэг л зүйл их ажиглагдлаа.

-Юу юм бэ?
-Тэмцээн дөхөөд ирэхээр  шигшээ багийн тамирчид огцом жин хасдаг юм байна. Энэ  маш буруу . Тийм болохоор тэмцээн уралдаанд  гэнэт жинг нь хасах биш, бэлтгэлийн аясаар хасахыг нь хасуулж форумд нь оруулах л хэрэгтэй. Үүнийг ч шигшээ багийн тамирчдад хэрэгжүүлэх болно.

-Ч.Насантогтох багш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа амжилттай оролцуулаагүйгээс суудал нь жаахан ганхсан. Таны хувьд лондонгийн олимпод хэр амжилт гаргахаас цаашдаа энэ албан тушаалд байх уу үгүй юу гэдэг нь бас шийдэгдэх үү?
-Янз бүрийн гэрээ байна л даа. Миний хувьд шигшээ багийн тамирчдаа лондонгийн олимп хүртэл л авч явах үүрэгтэй. Бас л сайн ажиллавал цаашаа үргэлжүүлэх л байх. Насаа багшийн хувьд өөрийн хүсэлтээр больсон. Багшид минь ямар ч буруу зүйл байхгүй. Үүнд монголын жүдо бөхийн холбоог ч буруутгах ёсгүй. Хаана хаанаа хариуцлага гээч юм байхгүй бол бид хөгжихгүй. Цаашдаа улс орон ч тэр. Лондонгийн олимп л надад эцсийн дүн тавих байх.

-Тэгвэл та лондонгийн олимпоор  та аварга төрүүлж чадах уу?
-Ямар шууд асууж байна аа. Би үүнийг чадахгүй гэвэл ямар ч ажил урагшлахгүй шүү дээ. Тэгэхээр би болоод монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нэг аварга битгий хэл нэлээд хэдийг төрүүлж чадна шүү. Хүүхдүүдэд минь тийм нөөц бололцоо ч бий. Бид чадна. 2008 оны олимпын аваргыг үргэжлүүлэх л болно.

-Шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнийг өөрчилнө л гэх юм. Миний бодлоор бүтэхгүй  юм шиг ээ. Яагаад гэхээр тамирчид маань оноогоо цуглуулаад хэдийнэ эхэлчихсэн биздээ. Энэ тал дээр та нэг тайлбар өгөөч?
-Үнэн. Яаж ч бодсон тийм зүйл байхгүй. Зарим нэгэн хэвлэл мэдээллийнхэн ор үндэсгүй зүйл ярих юм. Ирэх оны таван сар хүртэл оноо олгох тэмцээн байгаа. Шигшээ багийн тамирчдаас маань тэр хүртэл оноогоо цуглуулж байж л аль оноо хүрсэн нь лондонгийн олимпыг зорино  шүү дээ.

-Шинэхэн шигшээ багийн дасгалжуулагчид маань хэр сайн гар нийлж байна даа?
-Надтай нийлээд тав зургаан дасгалжуулагч байх ёстой. Одоогийн байдлаар хоёр дасгалжуулагч ирээд байгаа. Тун удахгүй хоёр нь сонгогдоод ирэх юм ярьсан. Одоогоор асуудал гарсан зүйлгүй л ажлаа явуулж байна. Гайгүй байлгүй дээ.

-Жүдо бөхийн холбоог эрс шинэчлэл хийнэ. Тэр ч үүднээс дасгалжуулагчдаа ч гэсэн залуу хүнээр нөхөх зэрэг янз бүрийн л яриа гарлаа. Зарим нэг нь ахлах дасгалжуулагчийг ахиад л настай хүнээр сонгочих юм гээд л?

-Үгүй ээ юу гэсэн үг вэ./Инээв/. Тамирчдад залуужина гэх яриа гарахаас дасгалжуулагчдад наад яриа чинь огт хамаагүй. Харин манайхан ингэж яриад би бүр гайхаад байгаа юм. Гадаад дотоодод ч гэсэн ийм зүйл байдаггүй.

-Ахлах дасгалжуулагч болсноосоо хойш Насаа багштай уулзав уу. Таны бас л багш чинь. Шавьдаа илүү ихийг зааж зөвлөх байх аа?
-Багш амараад явсан учраас уулзаж чадсангүй ээ. Би чинь 1972-1992  он хүртэл Монгол Улсын шигшээ багт байсан. Намайг дэлхийн аваргын мөнгөн медаль авч байхад хүртэл дасгалжуулаад л явж байсан хүн. Ажлаа өгсөн ч хэлж зөвлөөд л явах байх.

-Алдар спорт хорооны дарга,  хурандаа  О.Балжиннямын ажлын хуваарь өөрчлөгдөж байх шиг. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хажуугаар ажил тань амжиж байна уу?
-Өө наа чинь л харин хүндхэн асуудал болоод байна. Ах нь тун удахгүй ажлаа өгөх гэж байгаа. Хамаг анхаарал минь шигшээ багтаа л төвлөрч байна даа. Алдар нийгэмлэгийн ажлаа өгч байгаа минь Монгол Улсынхаа л төлөө юм.

-Гэтэл зарим хүн асар том албан тушаал нэр хүндийг шигшээ багийн дасгалжуулагчаар солилоо гэх зэмлэл ч танд  ирж магадгүй юм аа?
-/Инээв/. Тэгэлгүй яахав. Зэмлэх хүн одооноос л гарч ирээд байна шүү. Зүгээр л тайван сайхан ажлаа хийгээд явж байх юм дээр өөрийгөө зовоогоод ч юм уу. Цаашдаа  ийм зүйлтэй олон л таарах байх. Энэ бол миний л сонгосон ажил юм хойно  харамсах зүйл алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан