Энэ сарын 19-нд БНСУ-ын Инчеон хотноо эхлэх Азийн XVII наадамд хүч, ур чадвараа сорин оролцох манай боксын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо.
Энэ удаагийн наадамд эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д ОУХМ Х.Энхдэлгэр, 56 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, -91 кг-д ОУХМ Д.Отгонбаяр, +91 кг-д ОУХМ Б.Энхбаяр нар өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Ундрам нар оролцох юм.
Монголын боксчид Азийн наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Тухайлбал, 2006 оны Дохагийн наадмаас эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ З.Энхзориг, 60 кг-д олимп болон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн. Харин 54 кг-д олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртэж байв. 2010 оны Гуанжоугийн наадмаас эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал хүрэл, эмэгтэйчүүдийн 69-75 кг-д Э.Ундрам мөнгөн медаль хүртэж байсан юм.