Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

33 гавьяатын багш

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Чимэдбазар гуайнх дөрвөн хүү, дөрвөн охинтой. Энэ малчин ардын гэр бүлээс хоёр ардын багш спортын алдартан төрсөн нь та бидний сайн мэдэх Монгол Улсын гавьяат тамирчин Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар Насантогтох нар билээ. Ховор амжилтын эзэн, ховор тохиолдлын баатруудын нэг  Насаа багшийнхаа тухай товчхон дурсамж сөхөхөөр шийдлээ. Ардын багш, Хөдөлмөрийн баатар маань багадаа их л дуу муутайхан  зөөлөн сэтгэлтэй  хүү байсан гэдэг. Нэгдэл нийгмийн хүндхэн цаг үед  хөдөөний эгэл бор амьдрал дунд өсөн торнихдоо ирээдүйн алдарт тамирчдын багш нь болно гэж зүүдлээ ч үгүй явжээ гэж нэгэнтэй хэлж билээ.

Аав, ээжийнх нь тал хоёулаа бөхийн удамтай байж. Бүр авга ах Хоовон нь аймгийн арслан цолтой, том ах  Батдорж нь спортын мастер зэрэгтэй  хүн байсан нь бөхийн спортод хорхойсох нэгэн үндэс суурь нь болж өгчээ. Ардын багшийн ах нь буюу  “Мехико”-гийн олимпийн анхны хүрэл медальт ардын багш Дамдиншарав гуай  1964 оны намар Токиод зодоглож ирчихээд ам бүл олуулаа байж,  нэг ч гэсэн дүүгээ хот руу оруулж  сургууль номын мөр хөөлгөхөөр шийдэв. Энэ цаг үеэс эхлэн Насаа багш чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм билээ. Бүр “Пионер” сурагчдын тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн байдаг. Гэсэн ч тэрээр энэхүү спортоо орхисон юм. Багын л дээрлэхсэн нэгний дээр нь гарахыг хүсдэггүй өрөвч зөөлөн  дөлгөөхөн  зан энэ спортыг орхиход нь хүргэсэн гэдэг. Нөгөө талаараа энэ  ахынх нь шийдвэр байсан гэхэд болно. Дамдиншарав гуай “Насаа бол яагаад ч спортын хүн биш юм байна гэдгийн мэдэрсэн л дээ. Их өрөвч, зөөлөн. Бараг л ялж яваад өрсөлдөгчөө өрөвдөх юм бол шууд бууж өгөхөөр муу зантай.

Тэр зүгээр л ясны сайн дасгалжуулагч л болохоор харагддаг байсан” хэмээн ярьж байсан удаатай.  Энэ шийдвэр зөв байсан нь 2008 оны Бээжингийн олимпоос  аварга төрүүлсэн нь бэлхнээ харуулна. Тэр дасгалжуулагч байхаар төрсөн хүн. Түүний ажил амьдралынх нь зам, түүх бүхэлдээ дасгалжуулагчийн хөдөлмөр.  Насаа  багш  анхны юм гэдэг их сайхан  хэмээн түүх сөхөх их дуртай. Дасгалжуулагчийн ажлаа 1973 оны долдугаар сарын 13- ны өдөр эхлүүлж байсан. Дасгалжуулагч болсон анхны жаргал, тэр сайхан мэдрэмжийг тухайн оны  есдүгээр сард  болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мэдэрсэн гэдэг. Учир нь,  түүний  шавь Ш.Чанарав нь дэлхийн аварга болсон юм.

Түүнээс хойш шавь нарынх нь амжилтын буухиа  хагас зуунд тасралгүй 1980 онд олимпийн анхны медалийг Ц.Дамдин, Р.Даваадалай, 1989 онд дэлхийн аваргын медалийгХ. Баттулга, О.Балжинням нар нь хүртэж, түүний түүчээ Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, эмэгтэй жүдочдын  төлөөлөл болсон М.Бундмаа, Ц.Мөнхзаяа,Х.Эрдэнэт-Од тэргүүтэй тив дэлхийд амжилт нь цуурайтсан тамирчид даанч олон. Багш маань ч энэ талаараа “Ах нь 1000 гаруй шавьтай хүн түүнээс минь гавьяат цолтон 33 төрсөн.  Багш, дасгалжуулагч хүн шавь нарынхаа амжилтыг харж бахараж суух  шиг жаргал  өөр хаа ч үгүй  юм байна” хэмээн хэлж билээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд амжилт гаргасных нь төлөө түүнд 1987 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч  хэмээх эрхэм хүндтэй шагнал олгосон бол, Бээжингийн олимпийн аварга төрүүлснийх нь гавьяаг төр  үнэлж ардын багш болгосон. Төр засгаас тамирчид нийгэм соёлын зүтгэлтнүүдэд олгодог шагналыг багш,  дасгалжуулагч хүн хүртсэн нь өнгөрсөн наймдугаар сар. Ийнхүү Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ардын багш Насантогтох  гуай Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж төрсөн ахынхаа “ах” нь болсон түүхтэй. Ингэж хэлэх нь учиртай. Хоёр ардын багшийн сайхан хөгжилтэй дурсамжаас сонирхуулахад, Насаа багш гавьяатыг ахаасаа сүүлд авсан мөртлөө бусад цолыг ахаасаа өмнө авсан байдаг.

Гэхдээ тэрээр энэ спортод 40 гаруй жил өөрийгөө зориулахдаа  хэзээ ч харамсч, гомдож ч байгаагүй тийм л зөөлөн хүн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас татгалзсан шалтгаан нь  ч бас тамирчдынхаа л төлөө болов уу. Магадгүй Х.Болдбаатар багшид их итгэл хүлээлгэж , зайгаа тавьж өгсөн ч юм билүү.  Ардын багш хөдөлмөрийн баатрын  олон жилийн жүдо бөхийн спортод оруулсан үнэтэй хувь нэмэр нь үеийн үед дуурсагдаж, үргэлжилсээр байх болно. 1000 хол давсан шавь нар тань өдрөөс өдөрт нэмэгдэж, тив дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж явах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан