Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бямбацэрэн: Олимпын эрхээ өөрийн болгох хэрэгтэй байна

Хятадын Таньюань хотноо “ Лондон 2012” зуны 30 дугаар олимпын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах гуравдугаар тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын  жинд  С.Бямбацэрэн мөнгөн медаль, 72 кг-ын жинд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа алт, 48 кг-ын жинд өрсөлдсөн Д.Отгонцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд  П.Өнөрбат алтан медаль хүртэж Лондонгийн олимпыг зорих тийзээ захиалсан. Тамирчдыг өчигдөр Биеийн тамир спорт газрын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Энэ үеэр  олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэнтэй ярилцлаа.

-Юуны түрүүнд Лондонгийн олимпыг  зорих тийзээ захиалсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Олимпын эрхийн сонгон шалгаруулах тэмцээнд миний жинд 19 тамирчин хүч үзсэн. Зоонд  Европын тамирчидтай таарч барилдсан. Эхний барилдаанаа Чехийн тамирчин Ленка Мартинаковаг 2:0, 2:0 ээр итгэл төгс  ялсан. Тэр барилдаанаас хойш өөртөө их итгэлтэй болсон.

-Дараагийн барилдаанд  Румыны Ана Мария Павалатай нэлээн тэнцүү өрсөлдөж байж ялалт авсан гэдэг. Энэ барилдаанд ялагдвал байдал нэлээд эвгүйтэх байсан уу?
-Тийм ээ. Энэ бөхийг ялж   олимпын эрхийн төлөө барилдах байсан. Барилдаан бүр л нэлээн хариуцлагатай байлаа. Эхний үе 1:0, дараагийн барилдаанд 1:1 -ээр тэнцэж ялалт авсан. Нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Түүний дараа олимпын эрхийн шийвдэрлэх барилдаанаа  Беларусын Залина Сидаковатай хийсэн. Барилдаандаа нэлээн төвлөрч хичээсэн л дээ. Түүний эцэст эхний үе 1:0, 1:3, сүүлийн барилдаанд 4 :0 ээр буулгаж авсан.

-Олимпын эрхээ хүртчихээд аваргын алтан медалийн төлөө БНАСАУ-ын Ким Ок Ханд нэлээн “азгүй” ялагдчихсан. Уг нь өөрт чинь аваргалах асар их  нөөц бололцоо байсан шүү дээ?
-Тийм ээ. Энэ удаад ялагдсан ч гэсэн дараа таарах л байлгүй дээ. Магадгүй Лондонгийн олимпод таарах ч юм билүү. Даагаа нэхнэ л гэж бодож байгаа ш дээ. /Инээв/

-Дасгалжуулагч багш чинь барилдааны хувьд нэг л таарч өгөхгүй байсан гэсэн?

-Тийм тал бий. Би болохоор нэлээн зуурч барилддаг. Гэтэл Солонгосын тамирчны барилдааны тактика нэлээн  өөр  л дөө. Дараа таарвал заавал ялна аа.

-Тэгвэл хүчтэй өрсөлдөгчид тань аль орны бөхчүүд байдаг вэ?
-Ер нь Ази чиглэлийн бөхчүүдтэй нэг л барилдаан таарч өгдөггүй юм. Харин Европуудтай таарч барилдахад амар байдаг.

-Удахгүй чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн болно. Бэлтгэл сургуулилтаа хаана базаах төлөвтэй байна?
-Дэлхийн цомын тэмцээнээс өмнө Монголын бүх ард түмний 13 дугаар их наадам болно. Тэр тэмцээндээ оролцох байх. Түүний дараа л дараагийн тэмцээндээ төвлөрөнө дөө.

-Хэчнээн олимпын эрхээ өвөртөлсөн ч гэсэн энэ эрх зөвхөн Монгол Улсад харьяалалтай. Тиймээс  олимпод сонгогдохын тулд ахиад л нэг өрсөлдөөн болох нь?
-Тэгэлгүй яахав. Цаашдын тэмцээн уралдаан болоод бэлтгэл сургуулилтаа л сайн базаана даа. Олимпын эрхээ эх орондоо авчирлаа. Одоо өөрийн болгох хэрэгтэй.

-С.Бямбацэрэн маань Өмнөговь аймгийн спорт хорооноос бөхийн спортод хөл тавьсан билүү?
-Тийм ээ. Миний анхны багш маань Ганзориг  гэж хүн бий. Багшийнхаа удирдлага дороос бэлтгэл сургуулилтаа базааж чөлөөт бөхийн спортод хөл тавьж байсан.

-Хэзээнээс үндэсний шигшээ багт харьяалагдах болсон  бэ?
-2008 оноос Улаанбаатар хотод ирж Аварга биеийн тамирын дээд сургуульд суралцаж Намшир, Гандолгор багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. 2010 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож улсын шигшээ багт дуудагдсан түүхтэй. Одоогийн гаргасан амжилтууд минь анхны багш болох Ганзориг багштай минь салшгүй холбоотой гэж боддог. Мөн шигшээ багийн багш дасгалжуулагчиддаа үнэхээр их баярлаж байна.

-Гэр бүлээс тань спортын хүн байдаггүй гэж сонсож байсан. Эмэгтэй хүнд бөхийн спорт нэлээн чанга гэдэг шүү дээ. Яагаад энэ спортыг сонгох болов оо?
 -Өөрийнхөө сонирхлоор л энэ спортод татагдсан. Эмэгтэй хүнд хэцүү, чанга спорт гэдэг ч би ерөөсөө харамсдаггүй юм аа. Мэдээж хэрэг заримдаа халширах үе гардаг. Тэр болгонд шантраад байвал тамирчин болж зорилгоо биелүүлж чадахгүй гэж  боддог.  Харин ч энэ замыг сонгосондоо баяртай явдаг. 2009 онд хамгийн анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Түүний дараа насанд хүрэгчдээс хүрэл, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж  амжилтын гараа маань эхэлсэн түүхтэй.

-Олон улсын хэчнээн тэмцээн уралдаанд оролцож байсан бэ. Тоолж үзэв үү?
-Яг нарийн тоолсон зүйл байдаггүй юм аа. Гэнэт ингээд асуухаар тулгамдаад орж ирэхгүй байна. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа орж байсан. Түүний дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон улсын томоохон тэмцээн уралдаанд нэлээн оролцсон.

-Өөрийг  тань хараад байхаар  их тайван санагддаг юм аа?
-Тийм үү. /Инээв/

-Тийм ээ. Нэг л тайван. Магадгүй сэтгэл зүй их өндөртэй бөх юм шиг?
-Тайван үедээ тайван байж чаддаг. Тэмцээнд хэтэрхий шатаад байхыг хүсдэггүй юм аа. Энэ нь нэг талаараа сэтгэлзүйн бэлтгэл болж өгдөг. Жишээ нь олимпын эрхийн төлөөх тэмцэлд “Би л Монгол Улсдаа олимпын эрхийг авчрах ёстой” гэж бодож байсан. Санасанаар минь ч болсон.
-Тайван байх нь амжилтын үндэс гэдэг шүү дээ?
-Тийм ээ. Мөн би 2016 он хүртэл л барилдах сонирхолтой.

-Яагаад тэгээд л зодог тайлна гэж үү?
-Ер нь л 2016 оны олимпод дахин үзэх нөөцтэй гэж  боддог. /Эргэлзэв/  Гэхдээ бас яах   ч юм билээ. Багш дасгалжуулагчид минь барилд гэвэл болох л байх. Миний л бодол л доо.

-Цөөхөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа?
-Та бүхэнд ч бас баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан