Японы парламент эзэн хааныхаа гэр бүлд тулгараад байгаа нэгэн бэрхшээлийг шийдэх хуулийг ойрын үед хэлэлцэж магадгүй байна. Энэ бол хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд буюу гүнж нарыг жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасч, хэргэм зэргийг нь үгүй болгодог хуулийг халах тухай юм. 2005 онд Ерөнхий сайд Жуничиро Койзумигийн үед парламентаар хэлэлцүүлэх гээд унасан энэ хуулийг дахин сөхөж гаргаж ирсэн нь эзэн хааны гэр бүлд яг одоо тулгараад байгаа нөхцөл байдалтай холбоотой юм.
Жирийн иргэнтэй ханилсан гүнж нарынхаа язгуур угсааг үгүй болгосноор Японы эзэн хааны гэр бүлийн хүрээ хумигдсаар, одоо ердөө 23 хүн л үлджээ. Үүнээс долоон эрэгтэй байгаагийн дөрөв нь 60 гарчээ. Харин үлдсэн нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний найм нь гэрлээгүй, залуу гүнж нар байгаа юм. Тухайлбал, хунтайж Акишиногийн охид болох гүнж Мако одоо 20 настай бол, Како гүнж 16 нас хүрчээ. Өөрөөр хэлбэл тэд бүгд гэрлэх насанд ойртож яваа юм. Гэтэл одоогийн хуулиар тэдний хэн нэг нь язгууртан бус гэр бүлтэй ураг барилдвал гүнж хэмээх хэргэм зэргээ алдахад хүрнэ. Ингэснээр эзэн хааны гэр бүлийн гишүүдийн бараг тал нь хүний хүн болж, хаант засаглалынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүйд хүрэх гээд байгаа юм. Япончуудын хувьд эзэн хаан нь бэлгэ тэмдгийн чанартай хэдий ч хааны гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль, хүлээсэн хариуцлага гэж бий. Гэтэл цөөн хэдхэн гишүүнтэй, тэр дундаа хүйсийн тэнцвэргүй харьцаатай, ихэнх эрчүүд нь нас дээр гарсан хааны гэр бүлийн хувьд тэр үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж багагүй сандрах болсон байна. Тийм ч учраас Засгийн газраасаа дээрх хуулийг баталж өгөхийг хүсчээ.
Хэрэв энэ хуулийг баталчихвал цаашид зөвхөн ханхүүг угсаа залгамжлуулах бус гүнж нарыг ч бас хаан ширээнд өргөмжлөх тухай хууль гаргахад замыг нь засч өгөх юм. Хүйс харгалзахгүйгээр хаан ширээ залгамжлуулах тухай энэ хууль 2005 он хүртэл нэлээд хүчтэй яригдаж байсан ч хунтайж Акишиногийнх хүүтэй болсноор тэгсгээд намжсан билээ. Японы эзэн хааны гэр бүлд сүүлийн 40 жилд мэндэлсэн анхны хүү болох таван настай хунтайж Хисахито одоогоор хаан ширээ залгамжлах угсааны гуравдугаарт бичигдэж буй. Түүгээр хаан ширээ залгамжлах угсаа одоохондоо төгсч буй бөгөөд хэрэв гүнж нарт угсаа залгамжлах эрх олговол хунтайж Нарухитогийн охин, гүнж Айко Японы анхны хатан хаан болох боломжтой юм.