Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа уулын дайралт хийж, Монгол-Америкийн төрийн далбааг мандуулав.
Монгол-Америкийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Баланс Мэжик-2014-1” хамтарсан хээрийн сургалт дадлагыг хоёр дахь удаагаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.
Уг хамтарсан сургалтаар хоёр орны тусгай хүчний бие бүрэлдэхүүн уулын авиралтын арга техник, цас, мөсөн хананд авиралт хийх, хэт өндрийн бүсэд эмнэлгийн тусламж үзүүлэх, хамтарсан шүхрийн буулт хийж харилцан туршлага солилцон мэргэжлийн ур чадвараа сорив.
Хамтарсан сургалт дадлагаар далайн түвшнээс дээш 2160 метрт үндсэн бааз, 3400 метрт өндрийн баазыг байгуулж, Монгол улсын гурав дахь ноён оргил 4212 метрт орших Цамбагарав уулын “Цаст уул”-нд энэ оны 8 дугаар сарын 18-ны 06.00-д дайралтыг эхлүүлж 12.10-д уулын оргилыг эзэлжээ.