Нийслэлийн удирдлагуудаас УИХ-ын гишүүн болох шаанстай нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг гэнэ шүү. Тэрээр багагүй хэл ам дагуулсан Сансарын тойргийн Эвтэй дөрвөн амьтан, дүүргийнхээ Чулуун овооны хүчит арслан зэрэг хөшөөг байгуулж, нийслэлээс зарласан бүтээн байгуулалт хамгийн их өрнүүлсэн хэмээн шилдэг дүүргийн шагналыг хүртэж удаатай. Өмнөх жилүүдэд тун “чимээгүй” хэмээн хэлэгдэж байсан эл дүүрэг өнгөрсөн хугацаанд хөшөөнийхөө тоог хоёроор нэмж, хашаа хайсаа сольж, зүлэгжүүлж, бүр гэрэлтүүлгийнхээ тоог ч нэмсэн юм. Энэ бүх хөдөлмөр нь зүгээр ч нэг ажлын хэнээ биш сонгуулийн бэлтгэл байсан хэмээн дүүргийнх нь иргэд “жиг жуг” ярьж байна лээ. Учир нь, тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж, амжуулсан талаархи хатуу хавтастай ном, сонин гарган дүүргийнхээ иргэдэд тараасан аж. Ямартай ч, нийслэлийн удирдлагууд түүнийг хийсэн юмтай, хэлэх үгтэй хэмээн сонгуульд сойгоод буй. Харин хэр хурдан давхих бол доо.