Испанийн хатан София Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд оролцох урилгаас татгалзжээ. Хоёр улс Гибралтарын асуудлаас болж маргаантай байгаа нь ийнхүү нэг хатан нөгөөгийнхөө урилгаас татгалзахад хүргэсэн байна. Гибралтар нь Их Британийн газар нутагт харьяалагддаг хэдий ч тус нутаг дэвсгэрийг Испани ч бас өөрийн нэг хэсэг хэмээн үздэг. Гэтэл Хатан хааны хүү, хунтайж Эдвард, эхнэр Софигийн хамт ирэх сарын 11-13-нд Гибралтард айлчлахаар болсон нь Испанийн дургүйцлийг төрүүлжээ. Испанийн зүгээс энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаа учир хатан хааны их найрын ёслолд оролцохоос татгалзсан байна. Үүнээс гадна Испанийн хатан хааны уригдсан хүлээн авалтын үеэр Гибралтарын нэгэн хамтлаг ирж тоглох нь бүр ч таагүй санагдсан бололтой.
Испанийн эзэн хааны гэр бүл газар нутгийн энэ маргаанаас болж Их Британийн олон ч урилгаас татгалзаж байсан. Тухайлбал, 1981 онд хунтайж Чарльз, Диана гүнж нар бал сараараа Гибралтарт зочлох хөтөлбөр гаргаснаас үүдэн тэдний хуримын урилгыг хүлээн аваагүй юм.