Шатрыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх Монгол туургатнуудын дундаас тив, дэлхийн аварга, их мастерууд төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол туургатны “Урамтай шатар” холбоо, ОХУ-ын Буриад Улсын шатрын холбоо хамтран өсвөрийн шатарчдын “Найдвар-2014” олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээн “Монгол туургатан айл өрх бүр шатраа хоймортоо дээдлэн залъя” уриан дор энэ сарын 11-16-ны өдрүүдэд “Урамтай шатар” клубын их танхимд болж байна. Тэмцээнийг охид, хөвгүүдийн “А”-8, 10, 12 хүртэлх, “Б”-14, 16, 18 хүртэлх нас гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд УАШТ, нийслэл, аймгуудын АШТ, “Цодгор хүү” тэмцээний медальт болон шагналт байрын шатарчид, ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн шилдэг өсвөрийн шатарчид оролцож байна. Тэмцээний хаалтын ажиллагаа ирэх бямба гариг буюу энэ сарын 16-ны 16.00 цагт болно.