Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, түүний үр дүнг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулах үүднээс өчигдөр БСШУЯ-ныхан “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-БСШУ-ы сайдаар ажиллаад дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд салбартаа ямар ажил хийсэн байх юм?
-БСШУЯ-нд дөрвөн жил ямар ажил хийснээ тайлагнаж ийнхүү өдөрлөг зохион байгууллаа. Яривал маш их юм бий. Тиймээс заримаас нь дурдья. Хүмүүс өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийх биз. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн Засгийн газрын зорилт байсан. Энэ жил 74.9 хувьд хүргэжээ. Нийтдээ 124 шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа. Мэдээж, тийм ч хангалттай биш байгаа л даа. Мөн 74 ерөнхий боловсролын сургууль ашиглалтад оруулсан байна. 35 мянган ортой дотуур байртай болголоо. Кембрижийн гэж нэрлэж байгаа олон улсын стандартад суурилсан үндэсний боловсролын стандартыг улс орон даяар нэвтрүүлэх ажил эхэлчихлээ. Боловсролын хуульд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлж болно. Харин дээд боловсролын салбарт чанарыг эрхэмлэсэн. 154 байсан их, дээд сургуулийг 94 болгож цөөрүүлсэн. Соёл, урлагийн салбарт 30 гаруй соёлын төв шинээр нэмж барьж өгсөн гээд хийсэн ажил олон бий.
-ТББ-ууд судалгаа хийж үзээд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн тоо огт нэмэгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан. Та энэ талаар сонссон уу?
-Ямар судалгаа хийснийг нь мэдэхгүй юм. Нийслэл Улаанбаатар хотод хэд хэдэн шалтгаанаар хүндрэлтэй байдал үүсч байгаа. Яагаад гэвэл жилд 40 мянган хүн нүүж ирж байна. Нэг жилийн дотор Дундговь аймгийнхан тэр чигээрээ нүүгээд ирсэн гэсэн үг шүү дээ. Тиймээс нэмж цэцэрлэг, сургууль барьж байгаа ч гэлээ хүрэлцэхгүй байна. Огт баригдаагүй гэж худлаа ярьж болохгүй. Төр засгийнхан бариагүй гэж хэлэх гээд байгаа юм бол Японы тусламжтайгаар шар байшингууд бариад хүлээлгэж өгөөд л байгаа шүү дээ. Тэгэхээр жаахан барьцгүй судалгаа юм уу даа гэж хэлмээр байна. Яахав барьж байгаа нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд нь нийцэж чадаж байна уу гэвэл үгүй гэж хариулна. Цэцэрлэгийн суудлын тоо хүрэлцэхгүй байгаа нь үнэн.
-Тэгвэл энэ жилийн хувьд шинээр хэчнээн цэцэрлэг нэмж барих вэ. Одоо ажиллаж буй цэцэрлэгүүд ачааллаа дийлэхээ болилоо?
-Цэцэрлэгийн нэг ангийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Шинэ цэцэрлэг, сургууль барья гэхээр газрын асуудал хүндрэлтэй байдаг. Одоо хүртэл Баянзүрх дүүрэгт барих 640 хүүхдийн суудалтай сургуулийн газраа шийдүүлж чадаагүй л байна. Энэ мэт олон бэрхшээл гарч байгаа. Нийслэл л хотод л гэхэд энэ жил дэлхийн банкны санхүүжилтээр 19, улсын төсвийн санхүүжилтээр 17 цэцэрлэг баригдана. Гэсэн хэдий ч хүрэхгүй шүү дээ. Төрөлт, нүүдэл ихэсч байгаа учир. Тэгэхээр шинэ хорооллын газар олгосон тохиолдолд заавал сургууль, цэцэрлэгийн газар давхар гаргаж байхаар холбогдох хүмүүстэй нь харилцан тохиролцож байна.
-Их, дээд сургуулиудын босго оноог хэтэрхий өндөрсгөчихөж гэх шүүмжлэл байна?
-Босго оноогоо өндөрсгө гэдэг шаардлагыг төрийн өмчийн сургуулиудад л тавьж байгаа. Одоо бол дунжаар 520-600-гийн хооронд байгаа шүү дээ.
-Олонхи их, дээд сургууль оюутан элсүүлэх журмаа гаргажээ. БСШУЯ-наас зөвшөөрсөн ангиуддаа л элсэлт авах ёстой юу?
-Шинээр анги нээх гэж буй бол манай яамнаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр одоо элсэлт авч буй ангиуд нь зөвшөөрөлтэй гэж ойлгож болно. Чанаргүй гэж үзсэн мэргэжлийн ангиудыг нь хаасан байгаа.
-154 байсан их, дээд сургуулийн тоог 94 болгосон гэлээ. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын сургалтын чанарыг та хувьдаа хэрхэн дүгнэдэг вэ. Үнэхээр чанартай боловсрол олгож чадаж байгаа болов уу?
-Сайн нь ч, муу нь ч бий. Одоо 30 гаруй сургуулийг аттестатчилж байна. Мэдээж, сургалт таарууг нь хаана. Өмнөх аттестатчиллаар хэд хэдэн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэдгийг хүмүүс мэдэж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголд биш гадаадад боловсрол эзэмшсэн залуусыг л ажилд авна гэдэг шаардлага тавьдаг болж. Энэ нь Монголын их, дээд боловсролын чанарыг голоод байгаа хэрэг биш үү. Та юу гэж бодож байна вэ, сайд аа?
-Мэдээж хэрэг компаниуд илүү нарийн мэргэжлээр сурсан залуусыг л авахыг бодно. Манайх уул уурхайн чиглэлээр гэхэд 10 гаруй мэргэжлээр сургадаг. Бүх мэргэжлээр нь сургах сургалтын бааз, багшлах хүч дутмаг гээд олон шалтгаан бий л дээ.
-Энэ жил их, дээд сургуульд суралцах хүүхдийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс арай л их байх шиг?
-Элсэлтийн ерөнхий тоо бол буурахгүй байгаа шүү. Жилээс жилд ерөнхий боловсролын сургууль төгсч буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна.