Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр болно. Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Саяхан Азербайжан улсын нийслэл Баку хотод болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон манай эмэгтэй бөхчүүд, тэрчлэн араас нь очих 4 бөх нэмэгдэн дээрх тэмцээнд барилдах юм. Үүнд 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг-ын жинд П.Орхон, 58 кг-ын жинд Б.Шоовдор, 60 кг-ын жинд Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд С.Батцэцэг, 69 кг-ын жинд Б.Одончимэг, 75 кг-ын жинд О.Бурмаа нар зодоглоно. Өнгөрсөн жилийн тэмцээнээс эмэгтэй 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар хүрэл медаль энгэртээ зүүж байжээ
“Poland Open” тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, гурван мянган евро, хоёр, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдийг мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр урмшуулах юм байна. Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Болгар, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, ОХУ, Перу, Польш, Румын, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Швейцар, Эстони, Япон зэрэг олон орны бөхчүүд зодоглохоор ирсэн байна.